СУРВАЛЖИЛГА: Бяцхан уран гулгагч Б.Анударий ба УРАН ГУЛГАЛТЫН ИРЭЭДҮЙ


Монголын хамгийн анхны уран гулгалтын сургалтыг 1962 онд МУБИС-ын багш Д.Цолмон эхлүүлж байжээ. Тэгвэл саяхан “Мөсөн Өргөө-Степпе Арена”-д болж өндөрлөсөн уран гулгалтын сургалт нь өдгөө 60 жилээс хойш Монголд зохиогдсон анхны уран гулгалтын сургалт болсон гэдгээрээ онцлогтой. Тус сургалтын багшаар “Степпе Арена ХХК”-ны урилгаар Япон улсаас ирсэн монгол уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ болон залуу уран гулгагч О.Мишээл нар ажилласан юм.

Сургалтанд 4-35 насны 50 гаруй хүн хамрагдсан бөгөөд 14 хоногийн хугацаанд сурсан бүх зүйлээ эцэг эх, гэр бүл, найз нөхдөдөө тайлан тоглолтын үзүүлбэрээр толилууллаа.

Тайлан тоглолтын үзүүлбэрт Г.Марал-Эрдэнэ, О.Мишээл багш нарын тусгай үзүүлбэр багтсанаас гадна сургалтанд хамрагдсан бүх суралцагчийг насны ангиллаар нь 3 бүлэгт хуваан явуулсан юм.

Анх тайлан тоглолтын үзүүлбэрийг сурвалжлахаар мөсөн талбайн ордны хаалгаар орж ирэх үед ордны суудлыг суралцагч нарын үзүүлбэрийг үзэхээр ирсэн хүмүүс эзэлж байв. Тэдгээр үзэгчид хэдий ордныг бүхэлд нь дүүргэхгүй боловч мөсөн дээр гулгаж, үзүүлбэрээ үзүүлэх уран гулгагч нарын сэтгэлийг дүүргэж байлаа.

Ийнхүү тайлан тоглолт эхэлж, уран гулгалтын бүхий л үзүүлбэр эхэлснээс авахуулаад дуусах хүртэлх хугацаанд үзэгчдийн алга ташилт, баяр хөөр энд тэндгүй харагдах нь нэн тааламжтай.

Тэдгээр үзүүлбэрүүд дундаас бусдаасаа жоохон бололтой нэгэн охин мөсөн дээр тэшүүрээр гулган үзүүлбэрээ үзүүлэх нь тун чиг үзэсгэлэнтэй харагдана. Тэр охиныг Б.Анударий гэдэг, дөрвөн настай, хамгийн бяцхан уран гулгагч юм. Түүнийг дэмжихээр аав ээж нь ирсэн байх бөгөөд аавыг нь харахад л охиноороо их бахархаж байгаа нь нүднээ илт харагдах аж. Үзүүлбэр дуусаж бүхий л суралцагчдад сертификат гардуулах арга хэмжээ эхэлж, охины ээлж болоход, мөнөөх аав мөн л бахархан алга ташин баяр хүргэж байлаа.

Бяцхан уран гулгагч Б.Анударий

Б.Анударийн аав Ц.Балдорж: “Би олимпоор л уран гулгалтын тэмцээнийг үздэг. Анх удаа бид шинэ жилээр охиноо 3 настай байхад нь мөсөн дээр гулгуулж үзсэн. Түүнээс хойш уран гулгалтаар хичээлүүлж үзье гэж шийдээд охиноо гурван настайгаас нь эхэлж хичээлүүлж эхэлсэн юм. Сургалт маш үр дүнтэй сайн сургалт болсон гэж үзэж байгаа. 14 хоногийн дотор хүүхдүүд маш их зүйл сурсан. Цаашдаа ийм сургалтууд үргэлжүүлж явуулах юм бол монгол улс уран гулгалтын спорт хөгжих ирээдүйтэй юм байна гэж санагдсан даа” гэв.

Ц. БАЛДОРЖ:СУРГАЛТ МАШ ҮР ДҮНТЭЙ САЙН БОЛСОН

Туслах багш, залуу уран гулгагч О.Мишээл: “Би 16 настай. Уран гулгалтаар хичээллээд найман жил болж байна. Энэ найман жилийн хугацаанд “Ковид-19” цар тахлын улмаас миний бэлтгэл хоёр жил завсарласан. Өмнөх таван жил АНУ-д сураад, 2020 онд Монголд нүүж ирсэн тэр үед надад гулгах талбай байгаагүй. Харин “Мөсөн өргөө-Степпе Арена” нээгдэж, тэнд бэлтгэл хийх боломжийг надад гаргаж өгсөн.

О.МИШЭЭЛ: 2020 ОНД МОНГОЛД НҮҮЖ ИРСЭН ТЭР ҮЕД НАДАД ГУЛГАХ ТАЛБАЙ БАЙГААГҮЙ

Анх найзтайгаа хамт гулгаж байсан. Түүнээс хойш үргэлжлүүлээд долоо хоногт хоёр удаа, дараа нь гурав, таван удаа гэж явсаар байгаад их дуртай болсон доо. Аав ээж хоёр минь намайг их дэмждэг.

Хүүхдүүд анх сурч байсан үеээ бодвол 14 хоногийн хугацаанд сайн сурсан. Миний хэлснийг сайн сонсч байсан учраас надад хүүхдүүдтэй ажиллах их амархан байсан.

Цаашдаа би 2026 оны олимп, ОУ-ын тэмцээнд оролцож, уран гулгалтыг монголд хөгжүүлмээр байна” гэв.

Г.МАРАЛ-ЭРДЭНЭ: МОНГОЛ ХҮҮХДҮҮД СЭТГЭЛ ЗҮЙН ЧАДВАР БУЮУ ХҮЧТЭЙ ЭНЕРГИЙН ХУВЬД БУСАД ОРНЫ ХҮҮХДҮҮДЭЭС НИЛЭЭН ӨНДӨР ХАРАГДДАГ. ГЭХДЭЭ БАЙНГА ДАВТАМЖТАЙ ЯВАХ ТЭВЧЭЭР ДУТМАГ САНАГДСАН.

Г.Марал-Эрдэнэ багш ээж А.Шинэсарангийн хамт

Мөн уран гулгалтын сургалтыг удирдан багшилсан Г.Марал-Эрдэнэ багштай сургалтын талаар ярилцсан юм.

  • Та уран гулгалтын спортоор хичээллээд хэр удаж байна вэ?

Би 5 настай байхдаа анх Япон руу явсан. 10 настайгаасаа эхлээд 16 жил энэ спортоор хичээллэж байна.

  • Та яагаад уран гулгалтыг сонгох болсон бэ?

Миний Японд амьдардаг Нагоя муж уран гулгалтын спорт маш их дэлгэрсэн, нэртэй тамирчид их газар байсан учраас тэдгээр тамирчдыг телевизээр үзээд “Би ч бас хиймээр байна” гээд мөсөн дээр гулгаж эхэлсэн.

  • Энэ сургалтанд хамрагдсан нийт 50 хүмүүс бүгдээрээ хугацаандаа багтаж сурах ёстой бүх зүйлсээ сурсан гэж та харж байна уу?

Хугацаа бол мэдээж маш богинохон байсан. Гэхдээ оролцсон хүмүүс маш хурдан хугацаанд идэвхтэй оролцсон. Анх заана гэсэн зүйлээ заалгүй түүнийгээ анхан шат руу буулгаад, тэр шатны уран гулгалтын элементүүдийг заах ажлуудыг хийсэн дээ. Иймд энэ байгаа хугацаандаа бол хангалттай биелэгдсэн гэж ойлгож байгаа

  • Бага насны хүүхдүүдтэй ажиллахад танд хэр санагдсан бэ? Энэ талаар та хуваалцаач.

Бага насны хүүхдүүдтэй ажиллах маш тааламжтай байсан. Учир нь тэд ид сурах насандаа байгаа учраас дорхноо хурдан, идэвхтэй сурсан. Мөн хүүхдүүдэд зөвхөн өөрөө биш бусадтайгаа хамт гулгана гэдэг ямар байдгыг, цаашид тамирчин болоход ямар ёс зүйтэй байх ёстой талаар хамтад нь олгоё гэхмэтчлэн олон талаас нь ажиллаж чадсан гэж бодож байгаа

  • Одоо уран гулгалтын спортыг сонирхож, тамирчин болоод илүү өндөр амжилт үзүүлье гэж хүсч байгаа хүүхэд залуучууд яг юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

Бэлтгэл маш их хийх хэрэгтэй. Уран гулгалтыг бага наснаасаа эхэлдэг спорт тул аль болох гулгалтаа мөсөн дээр тасралтгүй гаргаж байх нь чухал. Одоогоор Монголд багшийн хүрэлцээ байхгүй байгаа нь маш харамсалтай байгаа. Уран гулгалт маш их тэвчээр шаарддаг. Иймд үлдэж байгаа хүүхдүүддээ байнга гулгалтаа үргэлжлүүлж байгаарай гэж захимаар байна

  • Танд цаашдаа уран гулгалтын спортыг хөгжүүлэх тал дээр анхаарсан өөр төлөвлөсөн зүйлс бий юу?

Энэ сургалт тасрахгүй. Харин одоо суралцаад идэвхтэй байгаа хүүхдүүдээ орхиод явах маш харамсалтай байна. Ямар нэгэн байдлаар хүүхдүүдийнхээ уран гулгалт сурах явцыг нь дэмжье гэж бодож байгаа. Мэдээж боломж олдвол дахиж ирж сургана

  • Монгол хүүхдүүд уран гулгалтын спортын төрлөөр амжилт үзүүлэх боломжтой юу? Сурах үйл явц, өгөгдөл, потенциалын хувьд бусад орны хүүхдүүдээс юугаараа өөр вэ? 

Монгол хүүхдүүд сэтгэл зүйн чадвар буюу хүчтэй энерги маш өндөр байдаг. Тэр нь бусад орны хүүхдүүдээс нэлээн өндөр харагдаж байгаа. Гэхдээ монгол хүүхдүүдэд байнга давтамжтай явах тэвчээр дутмаг санагдсан. Бие физиологийн хувьд уран гулгалтад шаардлагатай чадварууд монгол хүүхдүүдэд өндөр байгаа гэж бодож байгаа” гэлээ.

Б.БУЛГАНБАЯР: МОНГОЛД УРАН ГУЛГАЛТЫН СПОРТ ХӨГЖИЖ, УЛСЫНХАА НЭРИЙГ ГАРГАСАН ДЭЛХИЙН ТИВИЙН АВАРГУУД ТӨРӨӨСЭЙ ГЭЖ БОДДОГ

“Степпе арена” компанийн гүйцэтгэх захирал Б.Булганбаяр: “Би хүүхэд байхаасаа уран гулгалтын спортыг сонирхож үзсэн. Ялангуяа хойд хөрш Оросын алдартай тамирчдыг сонирхож үздэг. Сүүлд олимпийн тэмцээнд ороод сүүлийн шатнаас хасагддаг Камила Валиева гэдэг уран гулгалтын тамирчинг нилээн харсан.

Монголоос гэвэл 2016 онд анх Г.Марал-Эрдэнэ “Красноярскийн Азийн аварга”-д орж байхад нь “Монгол уран гулгагчтай юм байна” гэж хараад их олзуурхаж байсан. Түүнээс хойш Монголд уран гулгагч нар байдаг юм байна гэдгийг мэддэг болсон.

Сүүлд О. Мишээл гээд манай “Мөсөн Өргөө”-д гулгаж байгаа охин байгаа гээд монгол охидууд дэлхийн улсуудад уран гулгалтын хичээл сургуульд хамрагддаг, тамирчин болох зорилготой зөндөө хүүхдүүд байдаг юм байналээ. Бид гол нь мэдэхгүй яваад байдаг. Тиймд ийм хүмүүс их олон болоод Монголд уран гулгалтын спорт хөгжиж, улсынхаа нэрийг гаргасан дэлхийн тивийн аваргууд төрөөсэй гэж боддог” гэлээ.

Ийнхүү уран гулгалтын сургалт амжилттай болж өндөрлөлөө. Уг сургалтаар дамжуулан Монголд уран гулгалтын спорт хөгжих бүрэн боломжтой болох нь харагдлаа. Хэрэв уран гулгалтын спорт Монголд хөгжвөл үүнийгээ дагаад тив дэлхийд нэрээ цуурайтуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөх ирээдүйн уран гулгалтын тамирчид гарч ирэхийг ч бас үгүйсгэх аргагүй. 

Б. Оргил



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.141.192
    2022/08/12

    bayar hurgei

    Хариулах
  • 93.229.80.155
    2022/08/11

    Bugded amjilt husie

    Хариулах
  • 213.87.157.1
    2022/08/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 77.205.52.149
    2022/08/10

    Uran gulgatiin sport Azi tiviin ornuud JAPAN Solongos Xyatad ornuudad neleed erchimtei xegjij olon ulsiin delxiin bolon olimpiin temsteenuuded tomooxon amjilt gargan olon avarguud turun garch baigaa shuu

    Хариулах
  • 202.21.109.70
    2022/08/10

    Үнэхээр мундаг хүүхдүүд байна

    Хариулах