Үндэсний бөхийн холбоо үндэсний бөхтэй олон жил хамт явж, муухай харагдуулж ирсэн авлига, допингийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Ингэхдээ нэг талаас хууль, журам хэнийг ч ялгалгүй тэгш үйлчлэх ёстой, нөгөө талаас гаргасан алдаанаасаа болж бөхчүүд буллидүүлж хохирох ёсгүй гэсэн агуулгаар явуулж байгаа аж. Үндэсний бөх авлига, допинг хоёроос болж мөхнө гэдэг яриа байдгийг бодолцвол, бас олон жил тас гүрийж, үгүйсгэж ирснээ бодвол энэ яах аргагүй дэвшил мөн. Гэхдээ хэлэлцүүлгээс тодорхой шийдэл гарч, тэрний дагуу ажил хийж үр дүн гаргах учиртай.
Зөвхөн авлига, допинг биш, үндэсний бөх, бөхчүүдийн хувь заяаг мэргэжлийн холбоо нь биш, төрийн албаныхан шийддэг, хууль журмыг гажуудуулж, хуулийн тэгш үйлчлэлийг алдагдуулан талцал хуваагдлыг гүнзгийрүүлдэг асуудлыг ч ярих ёстой. АТГ-дээр нэрс нь байдаг, олон нийтэд нэр нь ил зарлагдаагүй допингчин бөхчүүдийг ч илчлэх ёстой юм. Ингэж байж үндэсний бөх цэвэршинэ, үзэгч, сонирхогчдоо эргүүлж татна. Үнэндээ үзэгч сонирхогчдын хүрээ хумигдаж байгаа байдал илт ажиглагдаад байна.
Бодоод байх нь ээ, би гэдэг хүн бөхийн улаан хорхойтон мөртлөө барилдаан үзсэнгүй уджээ. Хамгийн сүүлд улсын наадмаар П.Бүрэнтөгсийг аварга болохыг харж огшсоноос хойш хөндийхөн шиг явсан болж таарав. Үнэндээ бол миний бөх үзэх, үзэхгүй нь хэнд ч хүртээлгүй. Харин "Над шиг бөхөд хорхойтой хүн ингэж байхад өөр олон үзэгч дуртай спортоосоо хөндийрч, монгол үндэстэн "Үндэсний бөх" хэмээх соёлын дархлаа, ялгарлаа алдаж байгаа юм биш биз" гэсэн эмзэглэл төрсөн нь бусдад хамаатай хэмээн сэтгэж, бөхийн хүрээний олон хүнтэй санал солилцсоны эцэст үзэг цаас нийлүүлэхэд хүрэв.
ХОЁР АВАРГААС ЭХТЭЙ ХУВААГДЛЫГ ДАРГА НАР СЭДРЭЭДЭГ ҮҮ
Хоёр Мөнхөөс өмнө үндэсний бөх талцаж хуваагдсан гэж сонсож байсангүй. Харин ч хатуу буруушааж байсныг л мэдэх юм. 1939 оны баяр наадамд улсын арслан “Урт гарт” хэмээх М.Лхагваа “эрээн хавиргат” М.Төрбат арсланд “Чи баруун тийш харж барилд, би зүүн тийш харж барилдъя” гэж хэлээд өөрөө Сүхбаатар, Дорнод аймгийн бөхчүүдийг амлаж барилдан давахад маршал Х.Чойбалсан ихэд хилэгнэсэн гэдэг. Нутгийнх нь бөхчүүдийг унагасанд ч биш, талцаж хуваагдах агуулгад нь дургүйцсэн болов уу гэж санадаг. Аваргын энтэй хайран сайхан бөх хэлмэгдсэн нь үүнтэй холбоотой гэж ярих нь ч бий.
1960-аад оны сүүлээр гарсан Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргуудыг алдар хүндлэлээс гадна бөхчүүдийг нутгаар нь талцуулж хуваасан гэх зэм дагалддаг нь нууц биш. Сүүлийн үед өрнөсөн Бөхийн холбоог авахын төлөөх тэмцлээс ч энэ талцал хуваагдал мэдрэгдээд л байсан.
Харамсалтай нь, энэ талцал хуваагдлыг маршал шиг тас цохих удирдагч байсангүй. Харин ч дэвэргэснээс өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн гэхэд нэг их буруу дүгнэсэн болохгүй биз ээ. Сэргээшийн шинжилгээнд өгсөн шээсийг нь загнаад авчихдаг, ойролцоо газардсан ч яалт ч үгүй уначихсан бөхийг засуул цэцийг загнаж байгаад давуулдаг, сэргээшийн шинжилгээнд уначихаад байхад шийтгэлийн хугацааг багасгадаг эвэртэн тууртнууд өнөөдрийн хагарлын нэг шалтгаан мөн. 2002 оноос эхэлсэн сэргээшийн шинжилгээ, түүний үр дүнтэй холбоотой асуудалд мөн энэ талаас хандаж байгаа нь эцэстээ хяналтаас гарах шинжтэй болсон нь туйлын харамсалтай.
ТӨӨРӨЛДСӨН БӨХЧҮҮД, ШУДАРГА ЁС ХӨӨРХИЙ
2020 оны улсын баяр наадамд зодоглож шөвгөрсөн улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат- Орших нарын сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарч, Бөхийн салбар хорооноос эдгээр бөхчүүдийн хүртсэн цол, чимгийг тус тус хураах, барилдах эрхийг нь 11 сараар хасах саналыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлж билээ. Энэ бол аль ч талаас нь харсан хэтэрхий хөнгөн шийтгэл байсан. Тэгэх нь ээ харин, бөхтэй ямар ч хамаагүй өнөөх л эвэртэн тууртнууд чинь Бөхийн салбар хороонд олонх болчихсон байж.
МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав тэргүүтэй бөхийн хүрээнийхэн өмнөх жишгээр хариуцлага ногдуулах санал өгсөн ч ялагдсан байдаг. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, генерал гэх мэт улс төрийн хамааралтай нөхдүүд "100 жилийн ойдоо барилдаг хөөрхий" гэх байдлаар ийм шийд гаргасан нь бусад бөхчүүдэд “Хэрвээ ийм хөнгөн шийтгэл оноож байгаа бол сэргээшийг бүгдээрээ хэрэглэе, наадам хүчингүй болгохгүй байлгүй” гэж ярьж эхэлсэн удаатай.
Сэргээш хэрэглэсэн 30 гаруй бөх АТГ дээр шалгагдаж байгаа ч одоо болтол хариуцлага хүлээгээгүй байгаа явдал ч ийм яриа гарахад нөлөөлсөн нь лавтай.
Хөнгөн шийтгэгдсэн гурвыгаа бусад бөхчүүд түлхэж байгаа нь муухай л даа. Гэхдээ тэглээ гээд сэргээшд буруу өгнө үү гэхээс бүх нийтээрээ хэрэглэнэ гэдэг бол тэнэглэл юм. Яагаад гэвэл сэргээштэй тэмцэхийн утга агуулга нь шударга бус ялалт биш, тамирчдын эрүүл мэнд болоод удаж байна. Хэрэглэсэн тамирчид дээр илэрсэн шинж тэмдэг, аймшигтай өөрчлөлт, өвчлөлүүд ийм болгосон.
Тиймээс сэргээшийн хяналтыг болих тухай яриа байж хэрхэвч болохгүй. Харин ч талцал хуваагдлын бас нэг том шалтгаан болж байгаа, өмнө нь олон жил яригдсан “Дөрөв давсан бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг болох” шийдийг нэмж гаргах хэрэгтэй байна. Бөхчүүд тавын даваанд шинэ начин төрүүлэхээр сэргээш хэрэглэдэг гэх аман яриа гараад удсан. Дөрөв давсан бөхөөс шинжилгээ авахгүй учир сэргээшийн хүчээр шинэ цол авах бөхөөс мөнгө авах арга л даа.
ҮНДЭСНИЙ БӨХӨӨ АЛДАХ УУ, АВРАХ УУ
Монгол бөхийн үнэлэмж 1980-аад онд сүрхий муудаж, барилдаанд 64 бөх зодоглодог, шөвөгт үлдсэн бөхчүүдийг шатарчилдаг (тойргоор барилдах) байсан гэдэг. Тэр үед бай шагнал бага, түүнийгээ дагаад бөх цөөн байсан болохоос монгол бөх оршин тогтнох гол үндэс болсон ард түмний сонирхол, хайр хүндлэл халгиж цалгиж байсан юм. Тийм учраас цагийн аясаар сэргэж одоогийн түвшинд хүрсэн. Гэтэл одоо эдийн засаг, бай шагналаа дагаад бөхчүүд нь халгиж цалгиж байгаа ч ард түмний хайр хүндлэл ширгэн багасч буй мэт таагүй мэдрэмж төрөх болов.
Нутаг нутгаараа гал болж хуваагддаг зохион байгуулалт, хоёр аваргын үлдээсэн таагүй өв, эвэртэн тууртнуудыын оролцоо, сэргээштэй холбоотой ижил тэгш бус шийтгэлүүд нийлээд үндэсний бөх, бөхчүүдийн нэр хүндийг унагаж байна.
МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжавын БТСУХ, АТГ-т хүргүүлсэн албан бичигт дурдсанаар бол өнөөдөр үндэсний бөхөөр идэвхтэй хичээллэж буй 1200 гаруй хүн байдаг аж. Гэхдээ 21 аймаг гурван хотоо оруулаад тооцвол бүр ч их тоо гарах нь дамжиггүй.
Монголчуудын генийн “алтан сан” гэж хэлж болохоор энэ залуус сэргээш хэрэглээд насны өвчтэй болчихвол хэн хохирох вэ.
Манжийн хаад монголчуудыг мохоохын тулд эрчүүдийг нь онилсон бодлого явуулж, эрчүүдийн олонхыг нь лам болгосон байдаг. Тэгвэл энэ цаг үед Монголын аль өнгөтэй өөдтэй шилдэг эрчүүдийн генийг үндэсний бөх хэмээх соёлын үнэт дархлаатай хамтад сэргээш хэмээх аймшгаар устгая гэсэн далд санаа ч явж байх магадгүй нь.
Хамгийн харамсалтай нь “Үндэсний бөхөд сэргээш хэрэглэх шаардлагагүй. 70 кг жинтэй бөх яаж ч сэргээш хэрэглээд 130 кг жинтэй хүнээс илүү хүчтэй болохгүй”, “Японы мэргэжлийн сүмод сэргээшийн шинжилгээ авдаггүй” гэх мэтээр бусдыгааухуулж байгааэвэртэн тууртнууд ч байгаа сурагтай. Бүх юм тэдний хүслээр болдог болсон энэ цаг үед ийм буруу шийдвэр гарчих вий гэж үнэндээ болгоомжилж, айж эвгүйцэж байна. Ийм шийдвэр гаргаж хэрхэвч болохгүй.
Сэргээш хэрэглэсэн гэж зарлагдсан бөхчүүд
1. 2002 он: А.Сүхбат (анаболик стероид)
2. 2003 он: Д.Батбаяр (анаболик стероид)
3. 2004 он: Д.Мягмарсүрэн (анаболик стероид)
4. 2004 он: Г.Ганхуяг (анаболик стероид)
5. 2006 он: Д.Рагчаа (анаболик стероид)
6. 2006 он: Г.Эрхэмбаяр (анаболик стероид)
7. 2009 он: Ц.Сумъяабэйс (анаболик стероид)
8. 2009 он: Б.Соронзонболд (дексаметазон)
9. 2011 он: Г.Алтангэрэл (анаболик стероид)
10. 2011 он: Ц.Цогбаяр (анаболик стероид)
11. 2012 он: Х.Мөнхбаатар (анаболик стероид)
12. 2012 он: Б.Сугаржаргал (анаболик стероид)
13. 2014 он: Б.Суманчулуун (анаболик стероид)
14. 2014 он: Н.Адъяабат (анаболик стероид)
15. 2016 он: Б.Баатарцол
16. 2016 он: Б.Ганзориг
17. 2017 он: Ө.Бат-Орших
18. 2017 он: Б.Пүрэвсайхан
19. 2017 он: Э.Даш
20. 2017 он: Б.Номиндалай
21. 2017 он: С.Майнбаяр
22. 2018 он: Б.Соронзонболд
23. 2018 он: Б.Гончигтавхай
24. 2018 он: Н.Ганбаатар
25. 2018 он: А.Цацабшир
26. 2018 он: Ц.Бямба-Очир
27. 2019 он: Э.Оюунболд
28. 2019 он: Д.Цэрэнтогтох
29. 2020 он: Н.Батсуурь
30. 2020 он: Р.Пүрэвдагва
31. 2020 он: Б.Бат-Орших
32. 2021 он: Э.Оюунболд
33. 2021 он: Б.Уртнасан
34. 2021 он: Н.Батсайхан
35. 2021 он: Б.Хадбаатар
36. 2022 он: Б.Лхагвадорж
37. 2022 он: Д.Ням-Очир
38. 2022 он: Т.Бэгзсүрэн
(АТГ-т өөр 30 гаруй бөхчүүдийн нэр байгаа)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.71
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.21.107.9
Shiideh Heleltsuuleg yavlaa gene henoroltsoh ve Nugee Hegen beh. Hoboonii terguulegch l gene Nugee heden tsoltoihugshin Yadaj or him ueiin behind tuleelel baihgui Jenner bur baihgui Judogiin olimpiinfinaliig mongol emegtei shuu baihad emegtei erenhii tests tavihaasaa aina Yaagaad... Shudarga shiidver... Uzegchdee het chileene intertaiment baihgui Uglee barildana geed bagshaaraa San taviulchihaad irk baihad lam huvrag nom hurj tsag idne Heletsuulgee tanhimd l yavuulna Shiitgel ni "barildah erhiig hasah"Zaria hevleld bur zodog shuudag umseh erhiig hasah tuhai sevj baina Zui ni uls aimag cumiin bayar naadam MUBHolboonoos zohion bui barildaand "oroltsoh erh"- ih l hasmaar Hunii ami burelgesen bish " Buh nasaar ni" hasah gene tsaaziin yaliig halsan ardchilsan orhon biz dee Tsoomoo huraalgalaa Unasan beh ni tsoloo avlaa erhem todorhoi hugarsaand hasuullaa Uzegchid yuugaaraa hohirvoo
Хариулах202.21.107.9
Beh uzegchgui bolson ni doping in bur uu bish zohion baiguulaltiin buruu bolov uuBuhiig zuvhen behchuudiin much bolgoson ni gol Aldaa Buh asuudliig behchuud eersdee d
Хариулах202.21.107.9
Beh uzegchgui bolson ni doping in bus zohion baiguulaltiin Alda a shuu z
Хариулах202.21.107.9
Beh uzeg Ch
Хариулах66.181.187.170
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг бөх шиг хэрэггүй юм алга.
Хариулах