"Дампуурахгүй" гэх үнэлгээний өмнөх "жижиг" тайлбар, дэгс дүгнэлтүүд

2023/05/17

Саяхан манай улс гаднын нэг бондын өрөө хааж, дампуурах аюулаас бүрмөсөн холдлоо гэж байна. "Fitch" агентлаг хамгийн сүүлд манай чансааг В ангилалд барилаа. Эрх баригчид "Дампуурах аюулаас бүрмөсөн холдлоо" гэж зарлав. Гарчигт бичсэн дэгс дүгнэлт гэдгийн нэг нь энэ. 

Яагаад гэвэл, энэ https://zuv.mn/xj3. Юанийн зээлийг тооцчихоор "Дампуурах" ангилал руу орчихож байгаа юм л даа. Манайхан болохоор "Юаниар нь төлөхгүй шүү дээ" гээд яваад байдаг. Гэтэл олон улсад ам.долларыг шахах бодлого явагдаж, юанийн ханш чангарах тал руугаа яваад байдаг. Ханшийн зөрүүнээс л маш их алдагдалд орох нөхцөл бүрдэж байгаа юм. 

Эрх баригчид свопоор авч буй юанийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг Бээжингээс хүсдэг, Бээжин харж үзээд нэг жилээр сунгадаг байдал руу орлоо. Үндсэндээ барьцаанд орж байна. 

Харин нөгөө нэг дэгс дүгнэлт буюу гол санаа зовоож байгаа гол юм нь иргэд олон нийтийн дэгс дүгнэлт юм. Санаа зовох шалтгаан нь манайхан гаднын нөлөөнд автахдаа амархан болж байгаатай холбоотой. Олон нийтийн сүлжээ нөлөөлж байгаа болов уу.   

“Аз жаргалын индекс” гэгчийг гаргадаг нэг байгууллага Монголыг чансаа уруудуулж 101 дүгээр байрт орууллаа" гэхэд л сүлжээгээр дүүрэн бухимдал үүсч байх шиг. Гэтэл тэр жагсаалтад багтсан 140 улсын талаас илүү нь биднээс хамаагүй дор нөхцөл байдалтай улсууд байх жишээтэй.  

Үнэндээ чансаа тогтоогч байгууллага бол аль нэг их гүрний талд үйлчилдэг, тэдний “нохойд барьдаг мод” нь юм. Тэд өөрт ашигтай байгаа тохиолдолд аль ч улсын чансааг аятайхан харагдуулж дөнгөдөг. Эздэд нь хэрэггүй болсон, эс бөгөөс үгэнд нь орохгүй байгаа улсыг эсрэгээр нь харагдуулна.   

Европын парламент чансаа тогтоогч элдэв байгууллагуудын үйл ажиллагааг илүү тунгалаг болгож, ашиг сонирхлуудын зөрчлийг алга болгох үүднээс тэднийг алдаа мадаг гаргасан тохиолдолд шүүхээр хариуцлага оногдуулдаг механизмыг 2013 онд бий болгосон. Чансаа тогтоогч газруудын ажиллагаа санхүүгийн зах зээлд шууд нөлөөлдөг тул Европын эдийн засаг болон ард иргэдийнх нь байр байдалд хүндээр тусах аюултай гэж үзэн ийм арга хэмжээ авсан байдаг. 

Харин Монгол мэтийн жижиг буурай улсууд өөрсдийгөө хамгаалж чадахгүй тэдний энэ өдөөн хатгалгын золиос болж байдаг юм. 

Чансаа тогтоогч агентлагууд яваандаа БНХАУ-ын зээлээ 10 жилээр хойшлуулсан, манайхан төлөөд эхэлчихсэн байлаа ч  "Хятадад их хэмжээний өртэй, Монгол удахгүй дампуурна шүү" гэсэн чансаа гаргаж мэднэ гэсэн үг. Тэр үед бодит байдлаас холдоод явчих вий. Олон нийтийн сүлжээ хийрхэгчдээр дүүрч. Тэд хэдий зөв зүйл бодож бухимдаж байгаа ч түүнийгээ бусдад нязааж, уриалж, зүв зүгээр сууж байгаа нэгэндээ бухимдахыг хүчээр тулгаж байгаа нь зөөлнөөр хэлэхэд зохисгүй хэрэг.    

Эрх баригчид ч, иргэд ч асуудалд бодитой хандаж, нөхцөл байдлыг бодитой дүгнэж сурахгүй бол бид бусдын тоглоом болоод дуусна гэдгийг дор бүрнээ ойлгож авах хэрэгтэй байна. Монгол Улс, монголчууд мөнхөд л оршино шүү дээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна