Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хөдөлмөр эрхэлж сурч боловсорч чадахгүй бусдаас дутуу гэсэн хандлага одоо ч энэ нийгэмд байсаар байна. Монгол Улсын Үндсэн хуульд “хүн бүр тэгш эрхтэй түүнчлэн хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй” хэмээн тусгасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс иргэний улс төрийн , нийгмийн , эдийн засгийн,соёлын бүхий л эрхийг алагчлалгүйгээр эдлэх эрхтэй. Гэтэл бодит байдал дээр тэдгээр хүмүүс эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл асуудалтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдийн адил нийгмийн амьдралд оролцож бие даан сурч боловсрох боломжтой гэдгийг ойлгуулж, нийгмийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй хэмээн энэ асуудалд шүүмжлэлтэй хандах 15 настай харааны бэрхшээлтэй Мөнгөнтүшигтэй ярилцлаа.
Сайн байна уу ? Таньд энэ өдрийн мэнд харааны бэрхшээлтэй хүүхэд залуус мэргэжлийн боловсрол эзэмших, бусдын адил нийгэмд эрх тэгш оролцох боломж хэр хэмжээнд байдаг вэ?
-Миний бодлоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сурч боловсрох орчин хомс хүртээмжгүй, тусгаарлагдмал санагддаг. Өмнө би 30 хувийн сул харааны чадамжтай байсан ч “Луи Брайль” бичиг сурах гэж ЕБС-ийн 116-р тусгай сургуульд сурдаг байсан. Одоо би бүрэн харааны чадамжаа алдсан. Гэсэн хэдий ч энгийн хүүхдүүд сурдаг Томёо сургуульд сурдаг. Одоо арван нэгдүгээр анги. Тусгай сургуульд сурдаг байхад нийгмийн оролцоо муу бараг л байгаагүй. Тэр хэрээрээ энгийн хүүхдүүдээс дутуу мэдрэмжийг авдаг байлаа.
Харааны бэрхшээлтэй хүүхэд энгийн хүүхдүүдтэй суралцах явцад асуудал бэрхшээл тулгардаг уу?
-Мэдээж эхэндээ энгийн хүүхдүүтэй хамт суралцхад хүндрэл бэрхшээл маш их гардаг байсан. Жишээ нь самбарт бичсэн зүйлсийг харж чадахгүй болохоор зөвхөн багшийн ярьж байгаа зүйлийг сайн тогтоож ойлгохгүй бол хичээлээсээ хоцорчихдог. Ер нь энгийн хүүхдүүдээс илүү өөрийгөө дайчилж хичээх хэрэгтэй байдаг. Гэхдээ харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсорч чадахгүй гэсэн үг биш шүү!
Зарим эцэг эх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сургуульд сургадаггүй эсхүл МСҮТ-д засалч, гар урлалч зэргээр суралцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр хүссэн мэргэжлээрээ суралцаж болохгүй, чадахгүй гэж бодох нь өрөөсгөл ойлголт гэж боддог. Аав ээж нар маань хүүхдийхээ санаа бодлыг сонсож, мөрөөдөл зорилгых нь талаар ярилцаасай гэж хүсдэг. Би харааны бэрхшээлтэй хэдий ч өөрийгөө хөгжүүлж, шинэ найзуудтай болохын тулд дунд ангиасаа энгийн хүүхдүүдийн сурдаг сургуульд орсон.
Энгийн сургуульд орсны дараа аав ээж минь “гадуурхагдах болов уу, хичээлээсээ хоцорчих болов уу” гэж санаа зовдог байсан байх. Гэхдээ би нийгмийн амьдралд идэвхтэй оролцсоноор илүү их өөртөө итгэдэг болсон.
Энгийн сургуульд сурахад хүүхдүүд ямар байдлаар хүлээж авч байсан бэ ?
-Анхандаа хүүхдүүд эвэртэй туулай үзсэн юм шиг л надаас зайгаа барьж байсан. Тэр хүүхдүүдийн ч буруу биш л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцуулах биш илүү тусгаарлаж хол байлгадаг болохоор байх тэгдэх байх. Бусад улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд суралцдаг. Энэ нь тэднийг илүү нийгмийн оролцоотой байлгадаг байх. Бусдаас сул дорой гэх бус бидэнтэй л адил хүн гэж ойлгодол бол нийгмийн хандлага өөрчлөгдөх байх. Тусгай сургуульд сурдаг байхад зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг болохоор хоорондоо мэдээлэл солилцох байдал хомс байдаг. Харин одоо бол цаг үеийн мэдээ мэдээллээс хоцордоггүй. Ангийнхаа найз нөхөдтэй байнга харилцаж мэдээлэл солилцдог. Одоо бол ангийн найзууд минь надад тусалж, дэмжиж үргэлж урам зориг өгдөг.
Хараагүйчүүдийн холбооноос энгийн сургуульд боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдэд туслалцаа үзүүлдэг үү?
МХХ жирийн сургуульд сурдаг хүүхдүүдэд туслах багш гаргаж өгдөг. Би бага болон дунд ангидаа туслах багшийн тусламжтайгаар сурсан. Багш маань надад бүх хичээл дээр тусалж агуулгаар хоцрогдсон хичээл дээр маань давтлага өгдөг байсан. Бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үүнийг мэдэлгүй боломжоо алддаг юм шиг санагдсан.
Одоо бол би бие даан суралцдаг миний ойлгохгүй байгаа хичээл дээр багш болон ангийнхан маань үргэлж тусалдаг. Би солонгос хэл сурсан. Компьютерын бүх хэрэглээний программ дээр ажиллаж чаддаг болсон. Өөрийнхөө сурсан чадвараараа одоо МХХ дээр бүртгэл мэдээлэл дээр дадлага хийж байгаа.
Өөрийнхөө мөрөөдөл, зорилгоосоо хуваалцаач ?
Миний мөрөөдөл хуульч болох. Нийгэмд хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болоод улс эх орондоо хувь нэмрээ оруулна гэж боддог. Түүнчлэн миний хамгийн том зорилго бол өөртэйгөө адил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урам зориг өгч тэдний харанхуй байгаа замын гэрэл болно оо.Эцэст нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд жирийн сургуульд сурахад гол зүйл нь нийгмийн хандлага чухал санагддаг.Тэдгээр хүмүүсийг ялгалгүй бидтэй л адил хүн гэж хүлээж аваасай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна