Өчигдөр /2023.08.30/ "Нүүрсний хулгай" буюу нүүрсний гэх тодотголтой хэрэгт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын арван нэгэн хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүх хурлыг 14 хоногоор хойшлууллаа.
Жил дамнан шалгагдаж байгаа улс орныг хамарсан томоохон асуудалд Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг гишүүнээс нь түдгэлзүүлсэн, Б.Ганхуягийг цагдан хорьсоор байгааг эс тооцвол урагшгүй байгаа.
Ингээд харвал зарим улс төрчдийн нэрлээд буй "Нүүрсний мафи" нь улс төрд нөлөөтэй байсаар байгаа бөгөөд "Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурлыг хойшлуулж, цаг хожиж байж болох талтай. Тус хэрэгт хэдхэн хүн биш, хэдэн арван албан тушаалтан оролцож байж хэдэн саяар тонноор нь хууль бус нүүрс гаргах боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс нь ярьж байлаа.
Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан өөрийгөө гэм буруугүй гэв
Өчигдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан хэвлэлд байр сууриа ийн илэрхийлжээ.
Тэрбээр, "Би нүүрсний хэрэгтэй ямар ч холбоогүй. Өмнө нь ч удаа дараа мэдэгдэл хийж байсан. Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийн талд зоригтой зогссон. Ингэхдээ олон дайсан хураасан байна. Намайг нүүрсний хулгайч мэтээр олон нийтийн сүлжээгээр хангалттай харлууллаа. Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна. Энэ асуудлыг би одоо ороод нээлттэй тавина. Би нүүрсний хэргийг бусдын адилаар үнэн мөнөөрөө илрээсэй гэж хүсэж байгаа. Хуулийн байгууллагуудад итгэж байгаа." гэсэн юм.
Түүний хувьд нүүрсний асуудалд холбоогүй, шүүгдэхэд айх зүйлгүй мэт зүйл ярьж байгаа ч хууль хяналтын байгууллагаар шалгагдаад яллагдагчаар татагдсан, УИХ түүний асуудлыг хэлэлцэж, гишүүнээс нь түдгэлзүүлснийг авч үзвэл "Нүүрсний хулгай" гэх зүйлд их бага, ямар нэг хэмжээгээр холбоотой нь тодорхой юм.
Нээлттэй шүүх хурал ба Т.Аюурсайханы анхааруулга
Т.Аюурсайхан "Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой" гэж хэлсэн нь нүүрсний хулгайд холбогдсон ч "Сугараад үлдсэн" хүмүүст хандсан байж болзошгүй юм. Тодруулбал Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын арван нэгэн хүний шүүх хурлыг нээлттэй хийвэл олон улс төрчид, гишүүд, сайд дарга нарын нэр дурдагдаж, цаашлаад нүүрсний хэрэгт холбогдож, гэм буруугаа шүүлгэж ч болзошгүй юм. Энэ утгаараа шүүх хурлыг нээлттэй хийх ёстой гэж хэлсэн нь Т.Аюурсайханы зүгээс өгч буй АНХААРУУЛГА байж болох юм.
"Хөгжлийн банкны хэрэг" урагшилсан ч "Нүүрсний хулгайн хэрэг" ТЭГ ЗОГССООР
Нөгөө талаар эрх баригч намаас сонгогдсон УИХ-ын гишүүд, сайд, дарга нар тус хэрэгтэй холбоотой байж болзошгүй учраас "Нүүрсний сонсгол"-ыг "ГАЦААЖ" байж болох юм. Д.Ганболдоор ахлуулсан түр хороо бүтэн жил ажилласан ч сонсголоо хийж чадалгүй тайлангаа л тавьж чадсан юм.
Уг нь адилхан нийгмийн анхаарлыг татаж, олны дургүйцлийг хүргэсэн хөгжлийн банкны хэрэг нэг талдаа гарч, гэм буруутай хүмүүст нь ял оноосон. Олон өдөр дамнасан "Хөгжлийн банкны нээлттэй сонсгол"-ыг хийж холбогдох бүхий л хүмүүсийг нь оролцуулан, мэдээлэл авсан. Шүүх хурал нь ч 47 хоног үргэлжилсэн бөгөөд тэр бүрийг нь олон нийтэд нээлттэй дамжуулсан юм.
Харин нүүрсний хэрэг дэлгэгдээд хоёр жилийн нүүрийг үзлээ. Бараг гурав дахь жилийнхээ босго дээр ирээд байна. Гэвч шүүх хурал, нээлттэй сонсгол нь хойшилсоор байгаа нь зохион байгуулалттайгаар "ГАЦААЖ" байна хэмээн олон нийт хардаж буй юм.
Нэгэнт олон нийтийн анхааралд орж, дургүйцлийг нь хүргэж буй хэрэг учраас "Нүүрсний сонсгол"-ыг нь заавал зохион байгуулж, шүүх хурлыг нээлттэй хэлэлцэх нь зүйтэй. Улс төрд нөлөөтэй хүмүүс, УИХ-ын гишүүд, сайд дарга нар холбогдсон байж болзошгүй учраас хаалттай хаалганы цаана хэний ч нэр яригдаж магадгүй юм. Тэр бүрийг нь иргэд нээлттэй сонсож, алдаа оноог нь дэнслэх учиртай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.89
тэр тэнэг өвөрхангайн өмд гутлын хулгайлч юуч чадахгүй.харин ням баатар хийчих байх гэж горьдож бна
Хариулах