Уурхай “ДЭЭРЭМДСЭН” Жан Чуан гэх хятад авлигачин дарга нарыг мөнгөөр “ЗОДОЖ” байна

Zuv.mn
2023/09/04

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Баянцогтын уурхайд нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” компанитай холбоотой хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаад хагас жилийн нүүр үзэж байна.

Тус уурхайн 51 хувийг хятадын тал, 49 хувийг нь орон нутгийн ИТХ эзэмшдэгч өнөөдрийг хүртэл монголчууд ногдол ашиг авч байгаагүйгээр зогсохгүй хятадууд монголын нүүрсний ордыг өөрсдийн эд хөрөнгө шиг үзэж, булаалдаж байсан нь ил болж, олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
Тодруулбал, “Андын илч”-ийн уурхайн БНХАУ-ын талын эзэмшигч “Жиньжөү Байхуй” ХХК-ийн төлөөлөл Жан Чуан, Э.Лутбаяр, Монгол талын эзэмшигч Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Цээсүрэн нар, орон нутгийн эрх бүхий албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж, хууль бусаар бусдыг онц их хэмжээгээр хохироосон.

Мөн зэвсэглэсэн рецидив гэмт этгээдүүдийг хөлслөн уурхайг олборлосон нүүрсний овоолгын хамт дээрэмдэж, улмаар нүүрсийг нь БНХАУ руу гаргаж байсан ноцтой нөхцөл байдал үүсээд байсан юм.
Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Андын илч”-ийн уурхайг олборлосон нүүрсний хамт битүүмжлэх, хэрэг эцэслэн шийдэгдтэл БНХАУ руу нүүрс экспортлохыг зогсоох шийдвэрийг өнгөрөгч тавдугаар гаргасныг бид мэдээлсэн.

Тэгвэл бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээллээр уурхайн үйл ажиллагааг зогсоох шүүхийн шийдвэр гарчихаад байхад Жан Чуан, Э.Лутбаяр нар хилээр нүүрс гаргаж, Жан өөрийн дансаар их хэмжээний мөнгө авсан гэх мэдээлэл байгаа юм. Ингээд зогсохгүй хилээр гарч зугтсан Жан гэгч Бичигтийн боомтоор чөлөөтэй орж, гарч хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа аж.

Угтаа бол түүнийг уурхайн хувьцааны ногдол ашгийг завшиж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Атал асуудлын эзэн цагдаатай, төртэй доромжлоод хууль зөрчсөөр байгааг анхааралдаа авна уу, Хуульзүйн сайд аа.

Мөнгөтэй, дарга нартай нь найз бол хууль бидэнд үйлчилдэггүй гэж ярьдаг тэдний энэ үг үнэн гэж үү.
Монголын газар шорооноос баялгыг нь 16 жилийн турш зөөсөн ч жинхэнэ эзэд нь сохор зоос үгүй үлдсэн “дээрмийн” хэргийг хуулийн байгууллага хэрхэн шийдэхийг бид анхааралтай ажигласан хэвээр байх болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна