Цагдаагийн байгууллагаас жагсагчдыг дарамтлаагүй гэв


Цагдаагийн байгууллагаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Сүүлийн өдрүүдэд Цагдаагийн байгууллагатай холбоотой ташаа мэдээлэл нийгэмд тархсан учраас албан ёсны тайлбар хийж байна.

Энэ сарын 11-ээс 14-ны өдрүүдэд Ардчилсан нам Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд жагсаал зохион байгуулахаар хүсэлтээ өгсөн. Чингэлтэй дүүргийн Тамгын газраас хүсэлтийг нь шалгаад Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэж үзээд бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэсэн ч Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлгүй жагсаал зохион байгуулсан.

Мөн энэ сарын 12-ны өдөр Ардчилсан нам Гэрлэх ёслолын ордны орчим жагсаал зохион байгуулахаар бүртгүүлсэн боловч байрлалаа өөрчилж Австрали Улсын Элчин сайдын яамны гадна жагсаал хийсэн. 1961 оны Венийн конвенцод аливаа улс орны Дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хүлээн авагч улс хариуцна гэж заасан байдаг. Тиймээс Ардчилсан намынхан Австрали улсын дипломат төлөөлөгчийн газрын ойролцоо жагсаал зохион байгуулж Монгол Улсын нэгдсэн орсон Венийн конвецийг зөрчсөн юм. Тиймээс жагсаал зохион байгуулагчдад жагсаалаа зогсоох шаардлага тавьсан.

Энэ нөхцөл байдлыг тус жагсаалыг зохион байгуулагч Т.Энхсайхан нийтэд "Намайг жагсаал зохион байгуулсан учраас манай нөхрийг ажлаас нь чөлөөлөх гэж байна", "Намайг цагдаагийн байгууллагаас дарамталж байна" гэх мэтээр ташаа мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас жагсагчдыг дарамтлаагүй ба хоёр удаа Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай журмыг зөрчсөн учраас хэрэг бүртгэлийн ажлыг эхлүүлсэн. Түүнээс биш хэнийг ч дарамтлаагүй" гэлээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна