Хариуцлага хүлээх сайд нь хэн бэ?


Улс төрийн жагсаал, цуглаан бараг л өдөр алгасахгүй болж байна.  Тэдний гол бай нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал байлаа. Ялангуяа, Засгийн газрын хэд хэдэн сайдыг огцруулах жагсаал, акциуд нийгэмд өрнөж байгаа.  Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гээд асуултын тэмдэгтэй сайд нарын жагсаалт үргэлжилнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдоржийн хувьд хүүгээ Элчин сайдаар томилуулахаар улайрч буй гэх.

Жагсагчид  энэ томилгоог эсэргүүцэн Австралийн Элчин сайдад  хүртэл өргөх бичиг хүргүүлсэн байдаг.  Түүнчлэн Ц.Нямдорж сайдыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, ашиг сонирхол, ёс зүйн зөрчилд автсан хэмээн үзэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн оронд улс төрийн шоу хийсээр ирснийг шүүмжилж байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацааг хуулиар өөрчилсөн нь цагаан захтнуудад хэргээс мултрах боломж олгож байгаад салбарын сайдыг буруутган огцрохыг шаардаж буй билээ.

Өнгөрсөн сард  500 гаруй хүүхэд сүрьеэгээр өвчилж, хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал нэлээд хурцаар яригдсан. Энэ нь салбарын сайдыг  огцруулах тэмцлийн нэг шалтгаан болсон байдаг. Эрүүл мэндийн яамны гадна талбайд сүрьеэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл, АН-ынхан жагссан.  Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа энэ жагсаалын голд  байлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэдэг ажлаа өгч, салбарын сайдтай нэгийгээ үзэхээр шийдсэн гэдгээ мэдэгдсэн.  Одоо салбарын сайдыг огцруулах тэмцэл өрнөж буй.

Түүнчлэн зургаа дахь удаагаа Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах асуудал яригдаж байна. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн,  Монголын махны холбооноос ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлага хүргүүлж жагссан.   Шаардлагад түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж байна.  Тухайлбал, эхнэрийнхээ төрсөн дүү О.Даваасүрэнгийн БНХАУ-ын иргэнтэй хамтран байгуулсан “Бээжин интосикэйшн интернэйшнл” компанид бог мал хөлөөр нь экспортлох давуу эрх олгосон.   Тиймээс өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна гэжээ.  Ч.Улаан сайд ч энэ асуудалд улайгаагүй.  Өөрийн эхнэрийн дүүгийн компанитай хуулийн дагуу хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байдаг.

Манай дипломатууд 70 кг героиныг Чех улсаас Герман улсын хилээр нэвтрэхдээ тээвэрлэж явсан нь баригдаж, шалгагдаж байгаа билээ. Түүнчлэн хар тамхи зөөсөн асуудал өмнө нь энэ салбарт мэр сэр яригдаж байсан. Энэ  нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаад байна.  Энэ асуудалд хамгийн эхлээд Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцрох ёстой гэсэн асуудал яригдаж байна.

Харин Н.Цэрэнбат сайдын хувьд ЖДҮХС-гаас зээл авсан асуудал нь ил болсон ч албан тушаалаа өгөөгүй.  Энэ асуудлаар болсон Зайсанд эмх замбараагүй газар олгосон асуудлаар түүнийг  огцруулах жагсаал өнгөрсөн хугацаанд өрнөж байв.

Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудал нийгэмд хүчээ авч эхэлсэн. Тэгвэл өчигдөр энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхдөө “Сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа” гэдгийг тодотгосон. Тэгэхээр салбарын сайд нарын хариуцлагын асуудалд сануулга, цалингийн хувь хэмжээгээр торгох гэсэн арга хэмжээ байхгүй нь тодорхой. Засгийн газраас зарим нэг сайдаа “явуулах” тухай яригдаж байгаа бололтой.

Энэ нь цаашлаад У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхах нэг шалтгаан болж байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан байдаг. Одоогоор дөрвөн сайдын хариуцлагын асуудал яригдаж байгаа ч түүний цаана асуултын тэмдэгтэй сайд олон бий. Тэгэхээр ямартай ч Засгийн газраас сайдуудаа хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн нь харагдаж байна. Харин хамгийн түрүүнд хэн нь вэ, хэд нь вэ гэдэг нь анхаарал татаж эхэллээ.

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Дөчин гуравдугаар зүйл.

2.Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна