Ц.Нармандах: Найман хүүхдийнхээ төлөө зүтгэж байгаа болохоор хог түүхээс ичдэггүй

2020 оны 01 сарын 28

Гэр хорооллын мухар гудамжны үзүүрт “Миний гутал гоё. Дулаахан байна, аав аа” гэх яриа сонсогдоно. 8-12 дугаар ангийн байрын хар куртик, ягаан өнгийн гутлаар ижилсэж, гоёсон хоёр охин, өмссөн хувцас нь авах юмгүй хир, даг болж, шүд, нүднээс өөр цайран гэрэлтэх зүйлгүй нэгэн эртэй ийм яриа өрнүүлэн алхаж байв. Энэ бол зургаан хүүхдийн аав Ц.Нармандах, хоёр охины хамт гэрийн зүг алхаж яваа нь.

Тэрбээр Цагаан давааны хогийн цэгт хог ухаж, амьдралаа залгуулдаг олон арван аавын нэг. Уншигч та санаж байвал манай сонины №9 (3474)дугаарт Амь зуух тэмцэл буюу хогоор хооллогсод-II нийтлэлд  “Хогийн цэгт хог ухаад ч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” хэмээн нүдэнд нь нулимс цийлгэнэж, “Гэхдээ би өөрийгөө ядуу гэж боддоггүй. Бид хөдөлмөрлөх ёстой” гэж ярьж суусан аавыг онцолсон. Бид “Монголчуудын амьдрал” булангийнхаа энэ удаагийн дугаарт түүний Улаанбаатар дахь гэрээр зочилсноо хүргэж байна.

Баянзүрх дүүргийн “Эрдэнэтолгой”-н автобусны буудал дээр бууж, нарийхан гудамжаар гэрийнх нь зүг түүнтэй алхлаа. Жавар тачигнасан тэр орой хоёр охин нь малгай, ороолт өмсөөгүй, гадуур хувцасных нь энгэр задгай ч сэтгэл нь хайраар дүүрэн инээмсэглэн алхаж байв. Учир нь хогийн цэгийнхээ ажлын байрнаас өдрийн од шиг хаяа, хааяахан ирдэг аав, ээж нь гэртээ ирчихсэн, түүгээр ч зогсохгүй охидынхоо өвөлжин хүлээсэн шинэ гутлыг нь авч өгсөн болохоор тэд ийм баяртай байгаа аж.

“Миний хөл дулаахан байна. Энийг хардаа, халтирахгүй байгаа биз дээ” гэж шулганалдан, тэд уул өөд гүйлдсээр гэрийнхээ үүдэнд ирлээ. Уулын энгэрт, жалга дагуулан дөрвөн ханатай гэрээ жимбийтэл дулаалж, төвхнөжээ. Ц.Нармандах 2004 оны зун Улаанбаатар хотыг зорьж ирсэн гэнэ. Харин энэ хашаандаа сүүлийн хэдэн жил амьдарч байгаа аж. Тэд анх хотод ирээд Ханын материалын эцэст айлын хашаа түрээслээд, аав, ээжийнхээ хамт амьдардаг байжээ. Одоогоос зургаан жилийн өмнө өөрийнх нь аав нас барж, арга буюу тэр хашаанаасаа нүүсэн гэнэ. Учир нь тэр хашаа аавынх нь хамаатных байсан байна.

Хогийн цэг дээр ажиллаж, хорооноосоо “Танайх амьдралын боломжтой” гэж хүнсний талоноосоо хасагдсан айлын нэг өдөр ийнхүү дуусаж, унтах цаг болжээ. Гудамжныхаа үзүүрт биднийг хүлээхдээ  ярьсан шинэ гутлын яриа тэр оройжин үргэлжилсэн нь дамжиггүй.

Тэрбээр “Манайх Өвөрхангай аймгийн малчин айл байсан юм. 2000 оны өвөл зуд болж, хэдэн малаа алдаж, хотоо харлуулах шахсан. Арга буюу бууриа өөрчилж, үлдсэн цөөхөн малаа туугаад нутгаасаа гарч байлаа. Тэгээд таньдаг ахынхаа өвөлжөөнд буюу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд ирж амьдрах болсон. Тэр үед эхнэртэйгээ танилцаж, 2003 онд том охин маань мэндэлсэн.

Түүний дараа удаагүй миний том хүү төрсөн. Манайх зургаан хүүхэдтэй бөгөөд дүүгийн маань хоёр охин бидэнтэй хамт амьдардаг. Хүний өөрийн нийлээд найман хүүхэд өсгөж байна. Манай хамгийн бага охин одоо зургаан настай, ирэх намар сургуульд орно.  Хүүхдүүд маань хичээлдээ онц сурдаг. Энэ жил хоёр том маань ахлах, дунд ангиа төгсөж, оюутан болно. Хүүгээ коллежид, охиноо их сургуульд сургах санаатай өмнөхөөсөө хичээж ажиллаж байна” гэв. Харин түүний эхнэр Э.Атартуяа хэд хоногийн өмнө тогоотой хоолоо гар, хөл рүүгээ асгаж, түлэгдээд, алхаж чадахгүй байгаа гэнэ.

Гэрийнхээ зүүн талд, хүрэн модон дээр ногоон судалтай цэнхэр хөнжил нөмөрч, баруун талын хөл, гараа үл ялиг ил гаргаж, шархнаасаа болоод ийш, тийш хөдлөхгүй нэлээн зовиуртай хэвтэж байв. Тэрбээр “Анх манай нөхөр Улаанчулуутын хогийн цэг рүү хаяа гардаг. Тэндээс цаасан хайрцаг түүж, зардаг байлаа. Манайх Ханын материалаас удалгүй нүүх болж, айлын хашаа түрээслэх зар тавьж, энд нүүж ирсэн. Анх ирэхэд 30 мянган төгрөгөөр хашаагаа түрээсэлдэг байсан.

Сүүлдээ 50 мянга болж, өнгөрсөн зунаас 100 мянган төгрөг болж нэмсэн. Айлын хашаа түрээслэх ер нь ийм л үнэ ханштай байдаг.

Гэхдээ манайх асуудал гаргалгүй, тохь томоотой олон жил амьдарсан учраас хашааны эзэн үнэ нэмээгүй бид 50 мянган төгрөгөө төлөөд л амьдарч байгаа. Энд нүүж ирээд манай нөхөр таньдаг хүнтэйгээ хамт Цагаан давааны хогийн цэг рүү гарах болсон. Нөхөр маань хоёрдогч түүхий эд түүж, борлуулж, амьдралаа залгуулдаг. Би хүүхдүүдээ хараад гэртээ, олсон хэдэн төгрөгийг нь амьдралдаа хүргэх гэж чадлаараа хичээнэ. Олон хүүхэдтэй учраас хаанаа ч хүрэхгүй. Нэг өдөр нөхөр маань “Хогийн цэг дээр хоол зарвал ашигтай юм шиг байна.

Чи хоол хийгээд зарах уу” гэж асуусан. Би ч зүгээр суугаад яах вэ гэж бодоод ширхгийн хоол зарж эхэлсэн. Гэртээ бууз, хуушуур хийгээд хогийн цэг рүү 30 минут явж байж очдог. Манайх арай хямдхан зардаг байсан болохоор хүмүүс их дуртай авч байлаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүс “Түүсэн юмаа борлуулаад орой мөнгийг нь өгнө” гэж хэлээд зарим нь алга болчихдог байв. Зарим нь мөнгөө авчираад л өгнө. Орой мөнгөө өгнө гэж хэлсэн хүмүүс маань ихэнх нь өгдөггүй байсан болохоор хэдэн сар яваад л бид дампуурах шатандаа орсон.

Тактикаа арай өөрчилж сүүлдээ банштай цай зарж эхлэв. Тухайн үед 500 гр шилтэй банштай цай 2500 төгрөгийн үнэтэй байсан. Хүмүүс ч дуртай авч, иддэг. Ингэж, жил шахам хугацаанд хоол зарж байгаад нөхөртэйгөө хамт хог түүх болсон. Нөхрийнхөө түүж ирсэн хоёрдогч түүхий эдийг ялгаж, ангилна гээд ажил их болохоор хоолоо зарахаа больсон. Манайд уг нь хорооноос хүнсний талон өгдөг байв. Өнгөрсөн зургадугаар сард хорооны нийгмийн ажилтан “Танай амьжиргааны төвшин дээгүүрт орж байна. Хоёулаа ажил хийдэг болохоор хүнсний талон өгөхгүй гээд хасчихсан” хэмээн ярив.

Халуун уур савссан, тогоотой хоолоо хутгаж, дүү нарыгаа “Ширээндээ суугаарай. Аяга аваад ир” гэж зуухныхаа хажууд зохицуулалт хийн зогсох, торомгор алаг нүдтэй, бандгар шар охин бол энэ айлын том хүүхэд. Тэрбээр .. дугаар сургуулийн XII ангийн сурагч.11 жил тасралтгүй онц сурч, хичээлийнхээ хажуугаар загвар зохион бүтээдэг гэнэ. Тэрбээр “Би математикийн багш болох мөрөөдөлтэй.

Хэрэв элсэлтийн ерөнхий шалгалтаараа 750-аас дээш оноо авах юм бол МУБИС-д төлбөргүй сурах эрхтэй байдаг юм билээ. Ангийн багш маань  математикийн багш болохоор намайг сайн дэмждэг. Би загвар зохион бүтээх дуртай, гарын доорх материал ашиглаад сургуулиасаа зохиосон тэмцээнд оролцож, амжилт үзүүлдэг. Гэрт аав, ээж байвал халуун дулаан уур амьсгал бүрдээд гоё байдаг юм. Аав, ээжийг гэртээ ирээгүй өдөр, шөнө гал түлээд ч дулаахан болдоггүй юм шиг санагддаг. Биднийг тэжээхээр явж байгаа болохоор дүү нараа, гэрээ сайн харахсан гэж боддог” гэж ярив.

Ц.Нармандах бурхныхаа бор авдар дотроос зузаан гэгчин цэнхэр том хавтас  гаргаж ирээд хүүхдүүдийнхээ авсан шагнал, урамшууллыг нэг нэгэнгүй тайлбарлаж өгөхдөө “Миний хүүхдүүд мундаг байгаа биз дээ” гэж ахин дахин биднээс асууж байсан юм. Тэрбээр “Би Цагаан давааны хогийн цэгт гурван хана нийлүүлж, овоохой босгосон. Зундаа ихэнхдээ тэндээ хонодог. Өвлийн цагт хүүхдүүд минь түлш, түлээгүй зутрах гээд байдаг болохоор түүсэн хэдэн юмаа үүрээд гэртээ ирдэг. Өглөө 06.00 цагт босоод Цайз руу алхаж, автобусанд суугаад хогийн цэг рүү явдаг.

Заримдаа мөнгөгүй үед уул дамжаад л алхчихдаг юм. Хүүхдүүдээ хоосон хонуулахгүй гээд ядахаараа л зүтгэж байна. Өдөрт тасралтгүй хог буухад эхнэр бид хоёр 30 мянган төгрөг хангалттай олддог. Хог их байх юм бол энэнээс ч ихийг олж үзсэн. Хүүхдүүд хоолгүй гэхээр нь түүхий эдээ тушаадаг ченжээсээ мөнгө урьдчилаад зээлчихдэг. Тэгээд л өдөр өдөрт нь юмаа тушаагаад хоолноосоо илүү гарахгүй л мөнгөтэй үлддэг” гэв. Мөн тэрбээр “380 вольтын хүчдэлтэй хашаатай болчихдог бол миний амьдрал арай өөр болно. Зуны цагт хонины ноос худалдаж аваад эсгий хийх боломжтой.

Эсгий хийх тоног төхөөрөмж миний таньдаг хүнд байгаа юм. Өнгөрсөн зун хөдөө байгаа ах, дүү нараасаа ноос худалдаж аваад эсгий хийсэн. Нарантуул зах дээр очоод нийлүүлэхэд дуртай авдаг юм билээ. Гэхдээ гэр хороолол дунд ноос хийсээд айлууд бухимдаад зогссон. Өөр хашаа хайгаад л байна. Даанч эсгийнээс минь үнэтэй, түрээсийн хашаа байгаад байх юм. Уг нь энийг хийчихвэл хоёр хүүхдээ төвөггүй сургаж дөнгөх байх” хэмээлээ.

25 литрийн шар хуванцар сав дундуур нь хувааж, түлээ, нүүрсээ хийжээ. Аав, ээж нь хогийн цэгээс банз, цаасан хайрцаг, барилгын материалын үлдэгдэл гээд галд түлж болох болгоныг гэртээ авчирдаг аж. Хогийн цэгээс ирэхдээ хамгийн багадаа хоёр шуудай түлээ түүж ирдэг гэнэ. Зурагт, хөргөгчөөс өөр цахилгаан бараагүй тэдний гал өвлийн цагаар унтардаггүй аж.

Ах, эгчийгээ сургуульдаа явахад нь зургаан настай дүү нь ганцаараа гэрээ сахиад үлддэг гэнэ. Өдөржин шахуу хоосон, орой л хоолтой залгадаг. Мөн сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадалгүй ирэх намар сургуулийн сурагч болох бололтой. Тэрбээр “Манай зурагт хугацаа нь дуусчихсан. Маамуугаа үзэж чадахгүй байгаа. Аав өнөөдөр хоёр эгчид шинэ гутал авч өгсөн. Би ч бас гутал авмаар л байна. Та манайд зөндөө гоё юм авчирсан юм уу. Би тараг уух дуртай” гэж шулганан хэлж, аавынхаа араар нуугдсан юм.

Хөргөгчнийх нь дээд талд зуурсан гурил, тал талх, хэдэн ширхэг төмснөөс өөр зүйлгүй. Харин доод талд нь зангидсан гарын дайны дайвар бүтээгдэхүүн байх нь тэдний гол зогоох хүнс нь. Тэрсхэн хоёр бага хүүхэд нь хаа нэг ханиаж, хүйтэн таргийг яах ийхийн зуургүй залгилж, аягаа долоов. Хогийн цэг дээр ажиллаж, хорооноосоо “Танайх амьдралын боломжтой” гэж хүнсний талоноосоо хасагдсан айлын нэг өдөр ийнхүү дуусаж, унтах цаг болжээ.

Гудамжныхаа үзүүрт биднийг хүлээхдээ  ярьсан шинэ гутлын яриа тэр оройжин үргэлжилсэн нь дамжиггүй. Биднийг мухар гудамжныхаа төгсгөлд гаргаж өгөхдөө хүүхдүүд “Баяртай” гэж хэлээд гэр рүүгээ гүйгээд оров. Харин аав нь “Амьдрал яах вэ. Болж, бүтэж байна гэж бодоход болно. Эрүүл л байвал болно доо” гэж санаа алдав. Мөн тэрбээр “Би гарынхаа бугуйгаас ганц ч удаа цаг салгаж үзээгүй. Цаг төлөвлөж, цагтай уралдахгүй л бол амьдрал урагшлахгүй шүү дээ.Найман хүүхдийнхээ төлөө зүтгэж байгаа болохоор хог түүхээс ичдэггүй”  гэж  инээмсэглэсэн юм.

Нугараагүй ноён нуруу, хугараагүй халуун сэтгэлийн их хүчээр амьдрал буцалсаар. Өдрийн хоолоо арай ядан аргалж, олсон хэдэн төгрөгөөсөө илүү гаргаж, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох гэж зүтгэж буй аав, ээж. Гэхдээ сургалтын төлбөр олно гэдэг түүний амьдралаас нь дэндүү хол “мөрөөдөл” гэлтэй. Зогсохгүй зүтгэсэн ч амьдрал нь дээшлэхгүй байгаадаа тэд хэнийг ч буруутгаагүй юм.

 

Д.Чанцалдулам

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл (5)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 01 сарын 29
192.82.64.215
1

холбоо барих утас өгөөч, гэрт илүү хувцас зөндөө байгаа. хэнд өгөхөө мэдэхгүй байна.хүүхдийн хувцас ч байгаа

2020 оны 01 сарын 29
103.9.90.98
mgl

Эвий дээ, Сайн аав ээж байна. Хэдий ядарсан ч үр хүүхдээ гэж зүтгэж хөдөлмөрлөж байгаа аав ээжийг үнэхээр хүндэтгэж бахархаж байна. Цалингаа буухаар хүүхдүүдэд нь жаахан ч атугай хүнс дөхүүлж өгмөөр байна. Хүүхдүүдийнхээ тоглоом, номноос бас илүүчилмээр... Холбоо барих хаяг утас өгч болох уу

2020 оны 01 сарын 28
122.201.19.99
зочин

Ийм хүмүүсийг төр засаг дүүрэг хорооны дарганцарууд ганц удаал дэмжилэг үзүүлэхэд ийм хүмүүс сэргээл ирнэ сайхан ярилцага бас сэтгэл их өвдөлөөө хамар шархирч байна эрүүл энхийг хүсье

2020 оны 01 сарын 28
202.179.25.32
иргэн

тэр хүний утас нь б уу бичдээ

2020 оны 01 сарын 28
202.179.24.150
Зочин

Эвий дээ, Сайн аав ээж байна. Хэдий ядарсан ч үр хүүхдээ гэж зүтгэж хөдөлмөрлөж байгаа аав ээжийг үнэхээр хүндэтгэж бахархаж байна. Цалингаа буухаар хүүхдүүдэд нь жаахан ч атугай хүнс дөхүүлж өгмөөр байна. Хүүхдүүдийнхээ тоглоом, номноос бас илүүчилмээр... Холбоо барих хаяг утас өгч болох уу