Иран улсад эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал, хөдөлгөөн үргэлжилсээр байна. Жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөнийг өнгөрсөн сарын сүүлээр Тегераны Том захын худалдаачид инфляци, мөнгөний хангийн уналтыг эсэргүүцэн эхлүүлсэн бөгөөд удалгүй залуус, оюутнуудын дэмжлэгийг хүлээн хүчээ авсан юм.
Хэвлэлээр гарч байгаа мэдээллээр, 10 хоног үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөний дүнд Ираны баруун этгээдэд орших Абданан, Маликшах хотууд эсэргүүцэгчдийн мэдэлд орсон байж магадгүй байна. Эсэргүүцэгчдийн талын эх сурвалжууд ингэж мэдээлж байгаа ажээ. Харин эрх баригчдын талаас дээрх мэдээллийг үгүйсгэж байна.
Иранд өрнөж байгаа үйл явдалд өрнөдийн хэвлэлүүд анхаарлаа хандуулж, аятолла Хаменейг Москва руу зугтах төлөвлөгөө боловсруулсан гэхчлэн бичиж буй.

Түүнчлэн, Д.Трампын Венесуэльд явуулсан цэргийн ажиллагаа нь Ирантай холбоотой, тус улсад дэглэм солигдсон тохиолдолд газрын тосны дутагдлыг нөхөх зорилготой гэж мэдээлэх нь ч байгаа юм.
Тухайлбал, цэргийн ажиллагааны дараахан Жоржи мужаас сонгогдсон гишүүн Маржори Тейлор-Грин Х платформ дахь хаягтаа “Америкчуудыг хар тамхиар хордуулсан” гэж Венесуэлийн дэглэмийг өөрчилж байгаа бол яагаад одоо болтол Мексикийн эсрэг арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Хэрэв хар тамхины картелиудыг шүүх нь нэн тэргүүний асуудал юм бол бол Д.Трамп яагаад АНУ руу хэдэн зуун тонн кокаин хууль бусаар хил давуулан оруулж ирсэн хэргээр яллагдаж, 45 жилийн хорих ял авсан Гондурасын Ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандесийг өршөөсөн бэ? Н.Мадурог зайлуулсан нь Венесуэлийн газрын тосны хангамжийг хянах зорилготой бөгөөд энэ нь Иранд дэглэмийг өөрчлөх дайн гарсан тохиолдолд тогтвортой байдлыг хангах болно" гэж бичсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна