Эрүүдэн шүүлгэсэн хэчнээн ялтан бий бол, Х.Нямбаатар сайд аа

2020 оны 07 сарын 27

Монголын Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын ахлах мөрдөгч О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр нарт Монголын шүүхээс 1-3 жил хорих ял шийтгэлээ. Энэ бол 2020 оны долдугаар сарын 22-нд, Төв аймийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таван өдөр хэлэлцсэн, шүүх хуралдааны шийдвэр байлаа.

Хэрэв Монголын шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуул, хууль зүйн яам, хүний эрхийн байгууллага, эрх мэдэлтнүүд өнгөрсөн зуунд өрнөж байсан их хэлмэгдүүлэлт, эрүү шүүлтийн арга, технологийг нарсанд суугаа иргэнд хэрэглэдгийг мэдсээр байж мэдээгүй мэт өнөөдрийг хүргэсэн бол МОНГОЛЫН ШҮҮХ ТОГТОЛЦОО, ХҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ АРДЧИЛАЛ-д гүн эмгэнэл илэрхийлье.

Монголын шүүх байгууллагынхан амсхийх завгүй байна.  “Жараахай” барих тор атгаад суух юм гэх шүүмжлэлд хариу болгох гэсэн шиг улс төр, нийгмийн давхаргын ноён оргилд гарчихсан, эрх мэдэл, албан тушаалаараа туйлж явсан нөхдийг ар араас нь шалгаж, гэм бурууг нь шийдэж, хуультай улс шиг хариуцлага тооцож байна. Энэ үзэгдлийг нийгмийн нэг хэсэг нь улс төрийн захиалга, хэлмэгдүүлэлт хэмээн эсэргүүцэж байхад нөгөө хэсэг нь улсын эрх ашгийг хувийн эрх ашгаас дордуулж, түмний эрхийг төрийн эрх мэдэлтэйгээ хутгасан авлига, албан тушаалын луйвар, тохироо, үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал илчлэгдлээ хэмээн талархах.

 

Сандал суудлаас өөр санаа зовних асуудалгүй, стратегийн орд, үндэстэн дамнасан наймаа, хэмжээгүй хувьсагчтай гэрээ, хилс хэргийг замхруулах технологи, эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгө зэрэг өнгөрсөн хорин жилийн хугацаанд гувчуулсан бүхнээ цагаан захтнууд тайлбарлаж чадахгүй, аавынд морилцгоож байна.
Гуравхан жилийн өмнө манай урд хөршид “Үнэгний ав” нэртэй чих дэлдийм аян өрнөснийг бид мэднэ. Хоёрхон жилийн хугацаанд өрнөсөн энэ аяны хүрээнд БНХАУ 2500 гаруй албан тушаалтныг авлига авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шалтгаанаар дэлхийн өнцөг булан бүрээс авчирч, Бээжингээс гарсан гэх 8.6 тэрбум юань буюу 1.26 тэрбум ам.долларыг эх орондоо эргүүлэн авч ирж чадсан байдаг.

Дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан энэхүү ажиллагаа нэг талаар цаазын ялыг эсэргүүцэгчдийг бухимдуулж байсан бол нөгөө талаараа БНХАУ-ын хуульд итгэх итгэлийг тээр өндөрт мандуулсан юм. Энэ бол төрийн төмөр нударга билээ. Тодруулбал, хэн нэгэн албан тушаалтан төрийн мөнгөний авдрын түлхүүрийг гартаа атгасныхаа төлөө улсын хөрөнгийг самраад байж болохгүйг үе удамд нь ойлгуулж байгаа юм. Гэтэл манайд энэ процесс эсрэгээрээ үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, албан тушаалтны хүүхэд алив нэг төрийн байгууллагад хэлтсийн дарга, түүнээс дээш албан тушаалд томилогдчихдог. Ингээд л аалзны тор мэт хулгай, луйвар, хуйвалдаан, элдэв наймаа, булхай газар авна даа. Албан тушаал удамшдаг ийм гаж тогтолцоо төрийн бүх шатанд бэхэжсэн учраас өнөөдрийн цагаан захтнууд шоронгийн хаалга татлаа. Түүнээс ямар нэгэн хэлмэгдүүлэлт, хэн нэгний захиалга биш юм. Болох ёстой бүхэн болж байна. 

 

Мал хулгайлсан, халаас ухсан, бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан, хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулсан...гэх мэт түмэн янзын шалтгааны улмаас жирийн иргэд ял авдаг. Өнгөрсөн хорин жилд хэдэн хүн хуулийн хариуцлага хүлээж ял эдэлж, хэд нь суллагдаж, хэд нь одоо ч ял шийтгэлээ эдэлж шоронгийн хүйтэн шалан дээр хоног, хугацаа тоолон байгааг бид мэдэхгүй. Мэдэх ч шаардлага байгаагүй юм. Учир нь, тэд бол хэний ч анхаарлыг татаж байгаагүй, хэний ч нүдэнд өртөж байгаагүй, албан тушаал, ажил амьдрал нь нийгмийн элит давхаргад хамаардаггүй, жирийн иргэд учраас тэр. Гэтэл хархан багаасаа улс төрийн бүхий л шатаар алхсан, атгаж үзээгүй тамга байхгүй, авторыг нь өндөр сэнтий бүхэнд хадчихсан юм шиг  бидний мөнхийн танилуудын хав дараатай байсан хавтаст хэргүүд ил болох төдийд бид нийтээрээ шуугиад байж болохгүй мэт. Үнэхээр тэд өнгөрсөн хугацаанд төрд зүтгэхдээ шударга ажиллаж, ард түмэн, улс эх орноо бодсон шийдвэр гаргаж чадсан уу. Хэрэв тийм сэн бол бид яагаад тартагтаа тулсан ядуу, тэд яагаад тэнгэрийн орчин нөхцөлд амьдрав аа. Гэтэл бид баялгийн тэгш хуваарилалт гэж баахан ярьдаг ард түмэн шүү дээ. Тэгвэл тэд тэгш хуваарилалт хийж чадаагүйнхээ төлөө буруутан болж байна. 

 

ШҮҮГЧ, ПРОКУРОРЫН “ШҮҮРХИЙ” ШИЙДВЭР ШОРОН ДОТРООС ӨШӨӨ АВАГЧДЫГ БЭЛТГЭЭД БАЙНА УУ
Цагаан захтнуудын хэрэг гэгдэх шүүх хуралдаанууд цаашид ч үргэлжилэх болов уу. Өнөөдрийн байдлаар ял авчихаад байгаа гэм буруутнуудын дундаас  УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн эхнэр Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэнийг нийтлэлийн эхэнд онцолсон албан тушаалтнуудад 3-1 жилийн хорих ял оноов.

Ингэхдээ хавтаст хэрэгт бүрдүүлсэн эд мөрийн баримт болох, хэвлэлийнхнээс гадна УИХ-ын гишүүдэд үзүүлсэн бичлэг зэргийг шинжлэн судалсны эцэст эрүүдэн шүүж, бусдад ял эдлүүлсэн гэх үндэслэлийг баталж, дээрх долоон хүнийг гэм буруутайд тооцлоо. Хэрэв Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээвэл Монголын хууль, шүүх, тагнуулынхан эрүүдэн шүүх замаар иргэнд хэрэг хүлээлгэдэг, ял оноодог болох нь батлагдах юм. Нэр бүхий долоон хүнд холбогдох тав хоног үргэлжилсэн дээрх шүүх хуралдаан ч яах вэ, өрнөөд өнгөрлөө. Энэ бүхний ард сэтгэл түгшээж, бодолд эвлэсэн нэг л асуулт тодорч байна. 

Юу гэвээс, Монголын шорон, гянданд албан тушаалтнуудын хүсэл, даалгавраар эрүү шүүлтэд орж, ял эдэлсэн, эдэлж буй хэчнээн хүн бий бол. Хэрэв Монголын шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тагнуул, хууль зүйн яам, хүний эрхийн байгууллага, эрх мэдэлтнүүд өнгөрсөн зуунд өрнөж байсан их хэлмэгдүүлэлт, эрүү шүүлтийн арга, технологийг нарсанд суугаа иргэнд хэрэглэдгийг мэдсээр байж мэдээгүй мэт өнөөдрийг хүргэсэн бол МОНГОЛЫН ШҮҮХ ТОГТОЛЦОО, ХҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ АРДЧИЛАЛ-д гүн эмгэнэл илэрхийлье.

Зуу зуун Чимгээ, мянга мянган Содномдаржаа  торны цаана суугааг тоолох, тогтоох аргагүй нь юутай гунигтай. Нөгөө талаар С.Зоригийн хэргийг сөхөх төдийд Эрүүгийн хуульд ямар нэг өөрчлөлт орж, үгүй бол хүн хэлмэгдэж, нөгөө талаар албан тушаалтан руу хууль хүчнийхний анхаарал чиглээд ирдэг. Нийгмийг шуугиулан давлагаа үүсгэх энэ арга технологи хэсэг хүнийг тун ч эрчимтэй муутгаж, буруутан болгоод намждаг. Энэ удаад Монголын шүүх Чимгээ, Содномдаржаа гэх хүмүүсийг эрүүдэн шүүлгэж ял оноогоод, эрүүдэн шүүснээ тодорхой баримтад үндэслэн тогтоов. 

Юутай эмгэнэл вэ. Тэгвэл яг одоо ч хаа нэгтээ шоронд хэн нэгэн зодуулж, тамлуулж, эрүү шүүлтэд орж байгаа гэсэн үг байх нь. Тэгэхээр ганц энэ хэргийн тухайд эрүү шүүлт байсныг тогтоосон шигээ эрхээ хасуулсан бусад хүмүүсийн хэргийг ч мөн задал, шалга, тогтоо. Ингэж байж Монголын шүүх, шорон, гянданд эрүүдэн шүүдэг ажиллагаа байгаа эсхүл байхгүйг эцэслэнэ. Нөгөө талаараа Монголын хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэлээ жирийн иргэд олж авмаар байна. Шил шилээ даран ял сонсож буй Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн талаарх мэдээллийг Олон улсын хүний эрхийн болон хөрөнгө оруулагч байгууллагууд ажиглаж суугаа нь гарцаагүй. Хуулийн машин ажиллаж, нам, улстөрчдөө намнаад, эрүүдэн шүүгээд байна уу, их хэргүүдийг  нь илчлээд байна уу гэдгийг харах л үлдлээ. 

 

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.