Э. Оюунболдын допингийн хэргийн шүүх хурал хойшлогдлоо

2020 оны 10 сарын 19

Гурван шатны шүүх дамжиж буй Э.Оюунболдын допингийн хэргийн шүүх хурал өнөөдөр буюу аравдугаар сарын 19-ний Даваа гаригт Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд  Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүх хурал болох байсан боловч тодорхой хугацаагүйгээр хойшлогдоод байна.

Эргэн сануулахад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдэх Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэн түүний барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн.

Хэдийгээр Э.Оюунболдын барилдах эрх нь сэргэсэн ч тэрбээр Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолоо хураалгахыг хүссэнгүй шүүхэд хандсан билээ. Хэрвээ түүний цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарвал Монгол Улсын аварга Н.Батсуурь Даян аварга болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн шатны эцсийн шийдвэр гаргах хүртэл цол хураах талаар ямар нэг шийдвэр гаргахгүй гэх мэдээлэл бий.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.