Дундаж цалинг 1.9 саяд хүргэсэн нууц буюу "Цалингийн пирамид"-ын оройд залрагсад

Zuv.mn
2023/09/18

“Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана 

Алхаж яваа хүмүүс хоосонгүй үзэгдэнэ 

Алив, Статистикийн хороо чи цааш нь дамжуул 

Бүх юм хэвийн, бүтэж байна, болж байна 

Бичээрэй, “битгий давар” гэж бичээрэй...” 

Олоон жилийн өмнө, С.Баяр Ерөнхий сайд байхдаа төгөлдөршлийн таван хэлбэрийн тухай дэлгэрэнгүй илтгэл тавьж билээ. Түүндээ “Манай орон дан ганц мал аж ахуйн орон байхаа болиод удсан ч малынхаа тоог хүн бүр мэддэг. Бид малаа өсөхөөр баярладаг мөртлөө нэг хүнд ноогдох ДНБ хэрхэн өсөхийн учрыг тэр бүр ойлгохгүй байна. Монголчуудын 80 гаруй хувь нь мал маллахаа больж, суурин амьдралд шилжсэн. Тэгвэл хэдэн байшин хэдэн хашаа байна вэ. Сууринд амьдардаг айлын хэд нь гэртэй вэ. Хэд нь модон, хэн нь тоосгон байшинтай вэ. Иргэд маань ямар өмч хөрөнгө орлоготой вэ.

ҮҮНИЙГ САЙН МЭДЭХГҮЙ БАЙНА ! ! !

Нарийн яривал, Монгол Улс яг хэдэн хүнтэй вэ. Одоо нутагтаа хэд нь байна вэ. Гадаадад хэд нь явсан бэ. Манайд гадаадын хэдэн хүн байна? Хэн ч нарийн мэдэхгүй. Хэнд ч нарийн статистик мэдэлэл алга байна, нөхөд минь. Монгол төрийн ой санамж муу байна гэж тодорхойлж болно” гэжээ.

Нэгэн даргын шүүмжлэлийг элээ мэт шүүрэн авч,эгэл нэгнийг бут шүүмжлэх нь соц нийгмийн зан байсан. Гэхдээ сайн шүүмжлэл гарцаагүй эм болдог тал бий. Тэгээд ч эгэл нэгнийг бус, бүхэл бүтэн байгууллагыг шүүмжлэх гэж байгаа учраас энэ удаа зохицох болов уу.

Үндэсний статистикийн хороо улс орны нийгэм эдийн засгийн энэ оны гуравдугаар улирлын тоймдоо иргэдийн дундаж цалин 1.9 сая “монгол доллар” болсныг зарлан тунхаглалаа. Дорж, Дондогийн цалин 1,2 сая руу мацаж явтал Статистикийн хороо 1,9₮ болгож орхив. Улсын төсвөөс илүү гарсан их наядыг цалин нэмэхэд зарцуулсан учраас дундаж цалин өсөх нь тодорхой байсан. Гэхдээ дунджийг 345.6 мянган төгрөгөөр огцом өсгөж байна гэдэг төсвийн байгууллагын эзлэх хувь хэмжээ, дүн өндөр байгааг давхар харуулна. Төр данхар байна аа л гэсэн үг.  

Түүнчлэн, дундаж цалин бол нийт ажиллагсдын цалинг нэмээд тоонд нь хуваагаад гардаг дүн. Энэ дундаж бодит байдалтай нийцэхгүй харагдаж байгаа бол маш өндөр цалинтэй хэсэг бүлэг байгаа гэсэн үг. Харамсалтай нь, ҮСХ дундаж цалин хөлсний мэдээллийг гаргахдаа сайтар нарийвчилдаггүй. Хэрвээ нарийвчилбал, дунджиг өсгөж буй өндөр цалинтангууд гарч ирэх юм. 

Цаасан дээр хөгжин цэцэглэх Монгол улс

Үндэсний статистикийн хорооны тооцоогоор Монгол Улс хөгжин цэцэглэж байна. Эргээд харах нь ээ,  “таван төгөлдөршил”-ийн ачаар ҮСХ үлэмж дэвшлийг олсон ч эрх баригчдын “Нохойд барьдаг мод” болоод хувирчихжээ. Иргэдийг хамгийн үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй байгууллага нийгмийн сэтгэл зүйг удирдах үүрэгтэй, суртал ухуулгын машин болсон байна.

Үнэндээ, “Төгөлдөршил”-өөс өмнө ч Статистикийн хороо үргэлж эрх баригчдын талд бай­сан. Сонгуулийн жил, шинэ Засаг ажлаа авсан эхний жилд эдийн за­саг өсч, иргэдийн амьжиргаа дээ­шил­дэг жишиг тогтоод удлаа. Ерөөс өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хамгийн бага харагдуулж, цалинг жилээс жилд өгсөх графикаар “явуулах” нь бүр үндсэн үүрэг юм.  

Нэгэн жишээ. 2013 онд МҮЭХ 21 аймаг, гурван хотоор явж иргэдийн цалин хөлстэй газар дээр нь танилцан судалгаа хийжээ. Энэ судалгааныхаа үр дүнг барьж очоод Засгийн газартай цалин нэмэх асуудлаар дорвитой хэлэлцээр хийхээр бэлтгэж байв. Гэтэл хэлэлцээр эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ҮСХ улсын хэмжээнд дундаж цалин 900 000 төгрөг болсныг сүр дуулиантай зарлаж орхисон түүхтэй. Газар дээр нь явж судалгаа хийсэн хүн болох МҮЭХ-ны Ерөн­хий­лөгч Х.Амгаланбаатар шооконд орж, “Өнөөдөр манай тө­рийн албан хаагчдын дундаж ца­лин 500-600 мянган төгрөг байна. Дундажлаад үз­вэл дундаж цалин 598 мянган төг­рөг байгаа юм. Энэ нь сарын өм­нө улсын хэмжээнд байсан ца­лин­гийн дундаж хэмжээ. Гэтэл гэ­нэт яагаад цалингийн дундаж хэм­жээг 900 мянган төгрөг гэж Үндэсний статистикийн хо­роо­ноос зарлав. Сүүлийн нэг са­рын дотор огцом нэмэгдсэн нь ямар учиртай юм” хэмээн гайх­аж байв. Үндэсний статистикийн хорооны ачаар эрх баригчид тэр жил цалин нэмээгүй. Торгууль шийтгэлд илүү нөлөөлдөг цалингийн доод хэмжээг л өсгөсөн түүхтэй. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.