Хандлага хөгширдөггүй

Х.Есү
2023/09/19

Ахмадын хийн дасгалын "Гэрэлт замнал" багийн гишүүн Ж. Пүрэвдорж, эхнэр Ж. Оюунтунгалагтай ярилцлаа

Нөхөр-Сайн байна уу, Намайг Пүрэвдорж гэдэг, 58 настай. “Монголын эдгэрэлийн баяр хөөрийн үндэсний сүлжээ ТББ”-ын тэргүүнээр үйлчилж, ажилладаг. Таван хүүхэд, 11 ач зээтэй.

Эхнэр: -Сайн байна уу, Намайг Оюунтунгалаг гэдэг, 58 настай. ХУД-ын наймдугаар хорооны оршин суугч, тэтгэвэртээ гарснаас хойш хувиараа гар урлал, эсгий эдлэл зэргийг хийж байна.

-Бид хоёр тэтгэвэртээ гарсан ч өөрсдийгөө хөгжүүлье, хамт олонтой байя гэсэн зорилготойгоор хорооныхоо ахмадуудын багт орж, хийн дасгалаар тав дахь жилдээ хичээллэж байна.

Хийн дасгал гэж ямар дасгал вэ?

-Энэхүү дасгал нь хүний биеийн бүх үе мөчний өвчин, эд эсэд сайн гэдгээрээ онцлог давуу талтай. Хамгийн анх 30-аад жилийн өмнө манай хийн дасгалын багш энэхүү төрлийг Монголдоо оруулж ирэн, хүмүүсийн эрүүл мэндэд тустай хэмээн баг бүрдүүлэн хичээллүүлж эхэлсэн. Хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэх үг бий. Тэгвэл хийн дасгал хийснээр хөдөлгөөний дутагдал, бие хөших зэргээс сэргийлэхээс гадна, хүний биеийн бүх муу хий гарч, эрүүлждэг.

-Хийн дасгалын талаар хүмүүс хэр сайн мэддэг вэ?

Нөхөр: -Бид нар хүмүүсийг уриалан дуудаж, багтаа оруулах гэдэг ч, нэг талаас ахмадууд маань дандаа үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө явсаар, өөрсдөдөө цаг зав гаргаж чаддаггүй санагдсан. Тиймээс ахмадууд маань өөрсдөдөө ч бас эрүүл мэнд, сэтгэл зүйнхээ төлөө цаг зав гаргаасай гэж боддог. Энэхүү дасгалын талаар зарим ахмадууд буруу ойлголттой явдаг. "Наадах чинь бараг л ажилгүй хүний хийдэг зүйл" гэх мэтчилэн харах, хандах хүмүүс цөөнгүй байдаг.

Эхнэр: -Хүмүүс хийн дасгалын талаар тийм ч сайн мэдээлэлтэй байдаггүй, гэхдээ бид хороо, дүүрэг, Улаан загалмай нийгэмлэг, ахмадын холбоо, улаанбаатар марафон зэрэгт хэд хэдэн удаа үзүүлэх тоглолт хийж байсан. Ингэснээр нэг үеэ бодвол харьцангуй хүмүүс мэддэг болж байгаа.

-Анх хаанаас мэдээлэл авчбагтаа орсон бэ?

-Хамгийн анх бид хоёр хороон дээрээ ажил хөөцөлдөж яваад, ахмадууд дасгал бэлдэж байхыг хараад, хийн дасгал гэж юу болохыг мэдэж авч байсан. Мөн бэлтгэлд нь яваад үзье гээд, хэд хэдэн удаа бэлтгэлд ирсний дараа багтаа ороод, цааш хийн дасгалаар хичээллэх шийдвэрийг гарган, явж эхэлсэн.

-Манай улсад хийн дасгалын хэр олон баг байдаг вэ?

-Хийн дасгал маань хөдөө орон нутаг, нийслэлийн есөн дүүрэг, хороодуудад багуудтай. Жил бүр "Иргэдийн спортын их наадам" болдог. Энэ наадмын нэг төрөл нь хийн дасгал байдаг. Одоо 11 дахь их наадам болох гэж байгаа. Манай ХУД-ээс жилд 8-12 баг өрсөлддөг. Манай багийнхан сүүлийн дөрвөн жил дарааллан дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, хоёр жил дарааллан нийслэлийн аварга, нэг удаа улсад хоёрдугаар байранд орж, олон улсын тэмцээнд гуравдугаар байранд тус тус орж, амжилт үзүүлсэн. Амжилтын хувьд тасралтгүй үргэлжилж байгаа. Энэ маань ч багийнхны маань хөлс хөдөлмөр, багш нар, зааж сургасан хүмүүсийн маань ач гавьяа хэмээн талархдаг. Энэ жилийн хувьд ч мөн адил бид амжилтаа бататгахаар зорин, тэмүүлж байна.

-Хийн дасгалын баг нь 2012-2022 он хүртэл 18 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол, энэ жилээс 12 хүний бүрэлдэхүүнтэй байхаар зааж өгсөн. Насны хувьд өмнө нь залуучууд, ахмадууд гэсэн хоёр насны ангилалтай байсан бол мөн энэ жилээс холимог багийн тогтолцоотой болсон. 12 хүний дөрөв нь 31-51 нас, үлдсэн нь 51-70 хүртэлх насны хүмүүсээс бүрдэх багийн тогтолцоотой болон өөрчлөгдсөн. Өмнө нь 70-аас дээш насныхан оролцож болдог байсан ч, энэ жилээс улсын чанартай тэмцээнүүдэд насны хязгаар зааж өгсөн. Гэхдээ тэдгээр хүмүүс өөрсдийн эрүүл мэндийнхээ төлөө, хүсэл сонирхлоороо бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийхэд нээлттэй байдаг.

-Тухайн хүн өөрөө л сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй байвал манай багт ороход үргэлж нээлттэй. Бид хоёрын хувьд анх энэхүү багтаа юу ч мэдэхгүй орж ирээд, хамгийн анхны дасгалаа гурван сарын турш тасралгүй бэлдсэний үр дүнд өөрийн болгож авч байсан.

-Хийн дасгал хийснээр эрүүл мэнд, бие махбодид нь ямар өөрчлөлт гарсан бэ?

Нөхөр: -Эрчүүд маань энэхүү дасгалд илүү идэвхитэй оролцох хэрэгтэй. Учир нь тэтгэвэртээ гарахаас өмнө нь хүчний ажил хийж байгаад хөл гар, үе мөчний өвчтэй болох нь элбэг байдаг. Миний хувьд ч бас урьд нь олон жил эсгий гутлын үйлдвэр буюу тэр хүнд үйлдвэрт ажиллаж байгаад хөл гар өвдөж, хүн амьтнаар татаж чангаалгадаг байсан. Энэхүү дасгалдаа явж эхэлснээс хойш өөрөө эрч хүчтэйгээр, хөл гар өвдөхгүй явж чаддаг болсон.

Эхнэр: -Миний хувьд хийн дасгал хийж эхлэхээс өмнө үе мөч өвддөг, тархины цүлхэнтэй, хагалгааны заалттай байсан. Тэр үед би хагалгаанд яаран орж, мэс хүргэхгүй өөр ямар арга зам байгааг хайж, яг тэр үедээ ч хийн дасгалыг мэдэж, хичээллэж эхэлснээр энэхүү дасгал үр дүнгээ өгсөн гэж боддог. Саяхан би эмнэлэгт очин, шинжилгээ өгөхөд тархины цүлхэн маань хэмжээ нь томроогүй байсан. Тухайн үед эмч нар маань таны цүлхэн томорно, хагарна, харвана гэж хэлж байсан ч би хийн дасгалаа хийсэн.Мөн хийн дасгал нь үсэрч цовхчилгүй, хөгжмийн аясаар тайван явдаг учраас ахмадуудад илүү тохиромжтой санагддаг.

-Хийн дасгалыг хийснээр биемахбодийн эрүүл мэндээс гадна сэтгэлзүй, оюун санаа залуужих, цаг баримтлах чадвар, эхлүүлсэн зүйлээ дуустал нь эрч хүч дүүрнээр хийх гэх мэт олон зүйлийг сурч мэдэж, амьдралдаа хэрэгжүүлж байгаа.

"Тиймээс хүмүүсийг эрүүл мэндийнхээ төлөө илүү их цаг зав гаргаасай, энэхүү дасгал маань илүү дэлгэрч, залуужаасай хэмээн харж байна."

Нөхөр: -Мөн эрчүүд маань энэхүү дасгалд төдийлөн сайн оролцдоггүй, нэрэлхүү зангаасаа болоод ч тэр юм уу, тиймээс эрчүүдийгээ илүү сайн, идэвхитэй оролцоосой хэмээн уриалж байна.

Эхнэр: -Залуучууддаа хэлэхэд ээж аавыгаа дэмжээсэй, урамшуулж өгдөг байгаасай хэмээн уриалж, хүсэж байна. Заримдаа хүүхэд харах ажлаас чөлөөлдөг, ойлгодог, эрүүл мэндийнх нь төлөө анхаардаг байгаасай гэж хүсэж байна. 

-Баярлалаа, Удахгүй болох тэмцээнд нь амжилт хүсье

М. СИЙЛЭН



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.