“ХАНЖОУ 2022”: Азийн наадмын эхний өдрийн /IX.24/ тойм

Zuv.mn
2023/09/25

Өнгөрсөн оны есдүгээр сарын 5-25-нд төлөвлөгдсөн байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон “Ханжоу 2022” Азийн зуны наадам уржигдар нээлтээ хийж, хөшгөө татлаа.  Наадмын эхний өдөр уран сайхны гимнастик, туялзуур сэлэм, жүдо, орчин үеийн таван төрөлт, завь, буудлага, усанд сэлэлт, таэквондо, ушу гэсэн спортын есөн төрөлд 31 багц медалийн эзэд тодров.

Монголын баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медальтай багийн дүнгээр есдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Монголын баг тамирчдын өрсөлдсөн байдал

БОКС

Эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн Филиппиний Айра Вилегасыг оноогоор ялж, 54 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал Тайванийн Хсиа Вен Хуангд оноогоор хожигдлоо. Тайванийн тамирчин 2019, 2023 оны дэлхийн аварга, Токиогийн олимпын хүрэл медальтай аж.

Эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд ОУХМ Б.Чинзориг Туркмений Хурсанд Иманкулиевыг 4:1-ээр хожиж, 80 кг-д Г.Далай Филиппиний Феликс Марсиалд 0:5-аар хожигдлоо.

ШАТАР

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн нэгдүгээр тойрогт ОУМ С.Ган-Эрдэнэ Ираны ИМ Саидмохамадамин Табатабаейд, ИМ С.Билгүүн Японы ДШХМ Кохей Ямадад хожигдсон бол хоёрдугаар тойрогт С.Ган-Эрдэнэ Кувейтийн Алжахири Бадерыг, С.Билгүүн Хонконгийн Жеймисон Эдрич Каог тус, тус хожлоо.  

Харин эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж буй ОУМ Б.Мөнгөнтуул /2341/ БНСУ-ын Сео Живоныг, ЭИМ Т.Мөнхзул /2274/  Хонконгийн Енис Фенгийг хожсон бол хоёрдугаар тойрогт Б.Мөнгөнтуул БНХАУ-ын эрэгтэйчүүдийн их мастер Хоу Ифаньд /2547/ хожигдож, Т.Мөнхзул Казахстаны ОУМ Бибиссара Ассабиеватай /2439/ тэнцлээ.

ТУЯЛЗУУР СЭЛЭМ

Эмэгтэйчүүдийн Эпи төрөлд Б.Амарзаяа Филиппиний Жулиана Гомез, Хонконгийн Ман Вивай нарт тус бүр 2:5, БНХАУ-ын Нуо Шуд 3:5-аар хожигдсон бол мөн төрөлд авхаалж сорьсон О.Золбоо БНСУ, Энэтхэгийн тамирчдад хожигдсон ч Йемений Самах Абдулла Аль Шамиг 5:0-ээр буулган, улмаар Филиппиний Иви Клейр Динойд 2:5, Сингапурын Элле Мехуй Кх-д 0:5-аар хожигдов.

ХӨЛБӨМБӨГ

Азийн наадам нээгдэхээс өмнө багийн спортын тэмцээнүүд эхэлсэн гэдгийг үзэгчид мэдэж байгаа. “Талын хөх чөнөнууд” өчигдөр В хэсгийн гуравю дахь тоглолтдоо хүчирхэг Ираны багт 0:3-аар хожигдлоо. Нөгөө талд Вьетнамын шигшээ Саудын Ароабын хаалганд нэг гоол оруулж, 1:3-аар хожигджээ.  

ГАНДБОЛ

Д хэсэгт орсон манай шигшээ өчигдөр Ираны багтай тоглож, 16:50-иар хожигдов. Өнөөдөр Саудын Арабтай тоглоно. Саудын Араб өнөөдөр Японтой тоглож, 29:38-аар хожигджээ.

ЖҮДО

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Б.Баасанхүү Лаосын Кесоне Оуанвилайг ялсан боловч дараагийн барилдаандаа Өмнөд Солонгосын Хёгён Лид, дагах барилдаанд БНАСАУ-ын бөхөд дийлдэн долдугаар байрт оров.  

52 кг-ын жинд Л.Сосорбарам эхний тойрогтоо Балбын Дебаки Майа Шреста, Казахстаны Галия Тынбаеваг ялж, Узбекистаны Дёора Келдёровад ялагдаж, хүрлийн төлөө Индонезийн Мариам Махараниг яллаа.

Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Э.Ариунболд эхний даваандаа Вьетнамын Дук Дат Чиуг, дараа нь Тажикстаны Мерхзод Суфиевыг тус тус ялсан ч Тайванийн Ян Юн Вэй, БНАСАУ-ын Ча Кванжин нар дөрөөлөн хожигдож тавдугаар байрт оров.

66 кг-ын жинд Ё.Басхүү Хонг Конгийн Мартин Лау, Тажикистаны Обид Жебов, Узбекистаны Сардор Нурилаев нарыг ялж, Японы Рёома Танакад вазаригаар хожигдөж, мөнгөн медаль хүртлээ.

Дашрамд, АНЭ-д легионероор очсон Б.Хорлоодой 52 кг-д мөнгө, Д.Нармандах 66 кг-д хүрэл медаль хүртэв.

БУУДЛАГА

Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10м хийн урт бууны дасгалд Г.Нандинзаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нараас бүрдсан манай баг  1880.0 онооггор хүрэл медаль хүртсэн. Энэ медаль Ханжоу Азийн наадамд Монголын багийн хүртсэн анхны медаль байсан юм.

БНХАУ-ын баг 1896.3 /Азийн дээд амжилт/, Энэтхэг  1886.0 оноогоор манай урд оржээ.

Ганцаарчилсан төрөлд Г.Нандинзаяа зургаа, О.Есүгэн долдугаар байр эзлэв.

 

УСАНД СЭЛЭЛТ

Эмэгтэйчүүдийн эрвээхэй сэлэлтийн 200 м-ийн зайд Т.Анунгоо 2:40.32 амжилтаар хэсэгтээ зургадугаар байр эзэллээ. Харин Г.Эрхэс гараанд гараагүй бололтой.

Эрэгтэй 200 м-ийн холимог сэлэлтэд А.Билэгт гуравдугаар гараанд 2:25.30, Т.Мөнх-Ундарга дөрөвдүгээр гараанд 2:25.29 амжилт үзүүлэв.

Эрэгтэйчүүдийн 1000 м-ийн чөлөөт сэлэлтэд Р.Тамир 56.11 амжилтаар гараандаа долдугаарт, Б.Энхтамир 52.55 амжилтаар гараандаа гуравдугаарт бичигджээ. Энэ зайн дэлхийн дээд амжилтыг Румыний Давид Попович 46.86 секундын амжилтаар эзэмшдэг.

Эмэгтэйчүүдийн мэлхий сэлэлтийн 50 м-т Ууганбаярын Мишээл 39.23 амжилтаар гараандаа хоёрдугаарт орсон.

Эрэгтэйчүүдийн араар даллах 100 м-ийн төрөлд ОУХМ Хаш-Эрдэнийн Цэлмэг 1:02.79 амжилтаар гараандаа тэргүүллээ. Мөн гараанд уралдсан Х.Нармандах 1:15.53 амжилт үзүүлжээ.

ТЕННИС

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо Саудын Арабын Яра Фалех Алхагбаниг 6:0, 6:1-ээр хожиж, БНСУ-ын Хан На Лаед 1:6, 3:6-гаар хожигдлоо.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Оюунбат Тайванийн Чун Хсин Ценгд 0:6, 0:6 оноогоор хожигдов.

Холимог хосын төрөлд Пакистанд 0:6, 1:6, эрэгтэй хосын төрөлд Тайландад 0:6, 1:6-гаар дийлджээ.

УШУ

Эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Б.Мэндбаяр Туркмений тамирчинтай тулах байсан ч дэвжээнд гарсангүй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна