Б.Пунсалмаа: Эмэгтэй улстөрчдийн клуб нээх болсныг дуулгахад таатай байна

Х.Есү
21 цаг 2 минутын өмнө

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тавдугаар их хурал болж өнгөрлөө. АЭХ-ны ерөнхийлөгчөөр Б.Жаргалан сонгогдлоо. 

Тус ерөнхийлөгчид өрсөлдсөн Б.Пунсалмаа өөрийнхөө байр суурийг илэрхийлжээ. 

Б.Пунсалмаа: Юун түрүүнд Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан танд баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье!

Санал өгсөн, сэтгэлээ чилээн алсаас дэмжсэн, сурталчилгааны ажлыг маань богино хугацаанд амжуулсан бүх хүнд баярлалаа.

Миний энэ удаагийн сонгуульд орох шийд огцом бөгөөд зорилго нь ондоо байсан. Нэгдүгээрт өрсөлдөөнд эрч нэмж, өнгө солонгоруулж, намынхаа дотоод сонгуулийн чансааг сайжруулахад жин дарах гэж ганц хоногийн дотор бэлтгэл ханган орсон. Нөгөө талаар ардчилсан эмэгтэйчүүд сонгуульд яг бэлэн байна уу, нам дотроо фракцгүй, фракцгүйгээр хөгжих хүсэлтэй эмэгтэй хэд байгааг бодитоор хэмжих гэж орсон. Би энэ 2 зорилгоо бүрэн биелүүлсэн.

Түүнчлэн би улстөрийн талбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор яаж нэмэгдүүлэх товч төлөвлөгөөгөө танилцуулсан. Талархан хүлээн авсныг мэдэрсэн. Эмэгтэйчүүдийн улстөр дэх оролцоонд системийн шинэчлэл хийх сууриа, судалгаагаа бодитоор хийж чадлаа би.

Тиймээс би 2023 оны арван нэгдүгээр сард ардчилсан үзэлтэй улстөрч эмэгтэйчүүдийг системтэйгээр бэлтгэн, 2024 оны сонгуульд ялалт байгуулах эмэгтэйчүүдийн тоог огцом нэмэгдүүлэх, Ардчилсан Намаас их хуралд сонгогдох эмэгтэй гишүүний тоог түүхэн дээд амжилтад хүргэх товч бөгөөд тодорхой зорилготой ЭМЭГТЭЙ УЛСТӨРЧДИЙН КЛУБ нээх болсныг дуулгахад таатай байна.
Шинээр элсэх гишүүдэд нээлттэй байх болно. Мөн салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүдээ бидэнтэй мөр зэрэгцэн алхахыг урьж байна.
Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Би өчигдөр танилцуулсан мөрийн хөтөлбөрөө 2024 оны төгсгөлд бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн байх болно гэдэгтээ итгэлтэй байна.

ХҮЧЭЭ ТЭНЦВЭРЖҮҮЛЬЕ!

Та бүхнийг хүндэтгэсэн, Бадамдоржийн Пунсалмаа" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна