PISA 2025: Монгол улс 91 орноос 49 дүгээр байранд эрэмбэлэгджээ

Х.Есү
41 минутын өмнө

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD) 1997 оноос хойш 3 жил тутамд PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг зохион байгуулж байна. Улс орнуудын 15 настай суурь боловсрол эзэмшсэн суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж буй болон тухайн улсын боловсролын тогтолцоо уг чадварыг хэр олгож буйг тандан судалдаг юм.

2025 оны үнэлгээнд Дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагч оролцсон бөгөөд Монгол улсаас 191 сургуулийн 7,146 суралцагч хамрагдлаа. Үнэлгээний тайланг OECD бүрэн боловсруулж өнөөдөр дэлхий нийтэд үр дүнгээ зарлаж байна.  

PISA 2025-ын үндсэн ай нь Байгалийн ухаан, дэд ай нь уншиж ойлгох, математик, нэмэлт ай нь цахим орчинд суралцахуй байв.Монгол улс багш, эцэг эх, асран хамгаалагчийн асуулгад нэмэлтээр хамрагдаж, 2 дахь удаагийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өгөгдлийн сантай боллоо.

Энэ удаагийн үр дүнгээр 4 үзүүлэлтийнхээ дунджаар Монгол улс 91 орноос 49 дүгээр байранд эрэмбэлэгджээ.  Сорил тус бүрээр авч үзвэл

Математик 419 оноотой 49 дүгээр байрт

Байгалийн ухаан 424 оноотой 56 дугаар байрт

Унших чадвар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгджээ.

Технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадвар буюу нэмэлт сорилоор 91 улс орны 51 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Цахим орчинд суралцахуйн үнэлгээ 2025 онд шинээр туссан ба уг айн бүрэлдэхүүн чадвар болох технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадвараас /computational problem solving/ гадна бие даан суралцах чадварын сорил дээр хүүхдүүд ажилласан. Энэ удаад бид асуудал шийдвэрлэх чадварын үр дүнг танилцуулж байгаа. 2027 онд цахим орчинд сурацлахуйн бие даасан тайлан эцэслэгдэн OECD-с гарах юм.

Суралцагчдын гүйцэтгэлийн түвшин 

ПИСА үнэлгээгээр гүйцэтгэлийн хоёрдугаар түвшин буюу L2-г суурь түвшин гэж үздэг бөгөөд Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ)-ын 4.1.1-д суралцагч бүр уг түвшинд хүрсэн байхыг чухалчилдаг. Манай улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны сууриас дээш түвшинд гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл таван суралцагчийн гурав нь энэ зорилтод хүрсэн байна. 2022 онд нийт суралцагчийн 50-64 хувь нь энэ түвшинд хүрэхгүй байсан юм.

2022 онтой харьцуулахад Монгол улсын 15 настай суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор ахисан, мөн суурь түвшний буюу 2-р түвшний мэдлэг чадвар эзэмшээгүй суралцагчдын хувь 7-аар буурсан байна.

Суралцагчдын гүйцэтгэл дэх тэгш байдал

2022 оны үнэлгээтэй харьцуулахад нийслэл, аймгийн суралцагчдын гүйцэтгэлийн зөрүү буурсан байна. Ялангуяа байгалийн ухааны гүйцэтгэлийн зөрүү арилах хэмжээнд хүрчээ.

Байгалийн ухаан, уншаад ойлгох чадвар болон математикаар охид хөвгүүдээс илүү гүйцэтгэлтэй байна. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр дээд 25 хувьд хамаарах бүлгийн сурацлагчдын гүйцэтгэл доод 25 хувьд хамаарах суралцагчдынхаас илүү байна.

Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт

Нийгэм эдийн засгийн үзүүлэлт суралцагчдын гүйцэтгэлд нөлөөлж байна. Боловсрол амжилт гаргахын тулд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болох эцэг эх асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй байна. Тэдний боловсролыг ахиулах хэрэгтэй байна.

Бусад

Суралцагчдын сургуульд хандах хандлага сэтгэл ханамж 2022 онд 7.2 байсан бол  2025 онд 7.8 болж өссөн байна. Манай улсын хувьд ЭЗХАХБ-ын дундаж болон азийн дунджаас өндөр байна. Сургуулийн орчинд өөрийгөө аюулгүй хэмээн мэдэрдэг суралцагчид амьдралдаа сэтгэл хангалуун  байх хандлагатай байна.

Суралцагчдын сониуч зан нэг нэгжээр нэмэгдэх тутам байгалийн ухааны гүйцэтгэл 11 оноогоор сайжирч байна.

Багшийн шинжлэх ухаанд хандах хандлага, сонирхол нь суралцагчдын гүйцэтгэлтэй хамааралтай байна. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тооцохын өмнө багшийн шинжлэх ухаанд хандах эерэг хандлага, сонирхолын нэгж нэгээр өсөхөд суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 18.40 оноогоор нэмэгддэг байна. 

Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн цахим сургалтын бэлэн байдал ЭЗХАХБ-ын дунджаас доогуур байгаа нь  техникийн асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээлтэй байдал, сургалтад цахим хэрэгсэл ашиглахыг дэмжих сургуулийн түвшний зохицуулалтын тодорхойгүй байдал, сургуулийн интернэтийн сүлжээ, програм хангамжийн тасралтгүй сайжруулалттай холбоотой байна.

Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ бие даан суралцахуйг дэмждэг, сургалтын болон сайн сайхан байдалд анхаарал хандуулдаг, асууж, ярилцдаг хүүхдүүдийн гүйцэтгэл илүү байгаа нь харагдсан. Энэ үр дүн ЭЗХХАБ-ын дунджаас ч өндөр үр дүн байгаа юм. 

Эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдийнхээ сурах сургуулийг сонгохдоо тухайн сургуулийн сурлагын амжилтыг чухалчилсан байна. Үүнээс гадна сургалтад цахим технологи ашиглах байдлыг манай эцэг эх, асран хамгаалагчид анхаарч байна. Эцэг эх, асран хамгаалагчид шинэлэг зүйлсийг сургалтдаа нэвтрүүлж байгаа эсэх, сургалтын нээлттэй тогтолцоог эрхэмлэх хандлагатай нь харагдаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна