Чиг үүргээ ухамсарлаагүй төрийн байгууллагуудын сул дорой байдлаас үүдэж, Чехийн хөрөнгө оруулалттай "Гурван сайхан" компани Олон улсын арбитрын шүүхэд хандах дээрээ тулчихаж.
"Гурван сайхан" компани Монголд ураны хайгуулын лиценз эзэмшиж, 2013 оноос хойш манай улсад 310 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Гэвч их хэмжээний хөрөнгө оруулсных нь дараа шүүхээс лицензийг цуцалж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэжээ.
Тиймээс Чех хөрөнгө оруулагчид нь олон улсын арбитрын шүүхэд хандахаар шийдсэн юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хууль эрх зүйн орчин муу, хөрөнгө оруулагчдад халтай гэх ойлголтыг олон улсад өгч, бидэнд одоо ус агаар шиг хэрэгтэй байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зугтаалгах эрсдэл бодитоор үүссэн байна.
Манайд уг нь цөмийн эрчим хүч, ураны хайгуул, олборлолттой холбоотой бүхий л төсөл, арга хэмжээг төрийн бодлогын төвшинд зохицуулах бүхэл бүтэн институт бий. Цөмийн энергийн тухай хуулийн 10.1-д улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий газар бол "Цөмийн энергийн комисс" болохыг маш тодорхой заагаад өгчихсөн байна.
Гэтэл тэд өөрсдийн харъяалах салбарт үйл ажиллагаа эрхлэхээр зорьж ирсэн гаднын хөрөнгө оруулагчидтайгаа яагаад хамтарч ажилласангүй вэ. Үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахад, асуудлыг мэдэж байсан ч хүлээлтэд огт хүрсэнгүй.
Дарга нар нь олон улсын хурал чуулганд оролцох нэрийдлээр гадагшаа явцгаасан, ирэх сараас нааш ирэхгүй гэнэ. Товчхондоо, "Гурван сайхан" компанийн асуудлын талаар хариулт өгчих хариуцлагатай хүн энд /Цөмийн энергийн комисс/алга.
Уг нь Цөмийн энергийн комисс нь Засгийн газрын 2008 оны 263 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд шинэчлэн байгуулагдаж байсан түүхтэй газар. Нэг үгээр бол, 2008 оноос хойшхи цөмийн энергитэй холбоотой бүх асуудлыг тус газар мэдэж байх учиртай гэсэн үг. Гэвч тэд тэгсэнгүй.
Салан задгай, эмх замбараагүй явж ирсний үр дагавраар өнөөдөр гаднын хөрөнгө оруулагч компани хохирол амсахад хүрээд байна. Мэдээж тэд зүгээр хохирохыг хүсэхгүй. Түүнийгээ ч илэрхийлж, Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдээд байна.
Асуудлыг энэ хүртэл доройтуулахад хүргэсэн гол субъект яах аргагүй нэр дурдагдаад буй Цөмийн энергийн комисс. Тус газар өөрсдийн ажил үүргийн хүрээнд тодорхой зохицуулалтыг хийж байсан бол гаднын хөрөнгө оруулагчид эвгүй байдалд орж, гарсан зардлыг нь төсвийн мөнгөнөөс төлөх дээрээ тулахгүй байлаа.
Муу ёрлож байгаа юм биш шүү. Бидэнд хамгийн том сургамж болсон "Хан ресурс"-ийг сана. "Гурван сайхан"-ы асуудал яг ижил шүү. Магадгүй Олон улсын шүүх дээр Монголын Засгийн газар ялагдлаа гэхэд бид хэчнээн сургууль, цэцэрлэг барих мөнгөө салан задгай байдлаасаа болж салхинд хийсгэчихлээ гэсэн үг. Тоо бодъё.
200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихад 3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Тэр жишгээр аваад үзвэл, бид 100 цэцэрлэг барих хэмжээний зардлыг зүгээр л хаяж байна гэсэн үг. Энэ бол үнэхээр эмгэнэл шүү. Үүсээд буй асуудалд хэн хариуцлага үүрэх ёстой вэ.
Төр, гаднын хөрөнгө оруулагчдын дундах зохистой харилцааг зохицуулах үүрэгтэй бүхэл бүтэн "төрийн институци" байгаад ч нэмэр алга. Хэрэв тэд ажлаа хийж байсан бол асуудал арай ийм дээрээ тулахгүй байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.69
Ёооо Монголд бүтэж бгаа зүйл бнуу
Хариулах