Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудыг архи спирт агуулсан ундааны хэрэглээгээр нь эрэмбэлдэг уламжлалтай. Сонирхолтой нь, энэ жагсаалтыг Чад, Гамби, Мали гэсэн “Хар тив”-ийн гурван улс сүүлийн гурван жил дараалан өнгөлжээ. Хүн ам нь “гашуун ус”-ыг ихэд цээрлэдэг лалын шашин шүтдэг мөртлөө л ингэж дээгүүр давхисан байх юм. Мэргэжилтнүүдийн ярьж, бичиж байгаагаас үзвэл Африк тив эбола, ДОХ-оос ч илүү аюултай шинэ бэрхшээлтэй тулгараад байгаа аж. Архидалт энэ тивийн улсуудад нас, нийгмийн байдал харгалзахгүйгээр даамжирч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Шалтгаан нь Хар тивийнхэн спиртийн агууламжтай ундааг үйлдвэрлэхээс гадна гэр гэртээ эсгээд уучих түмэн янзын өөрийн гэсэн өвөрсмөц арга барилтайд оршиж байна гэж ДЭМБ-ын тайланд тэмдэглэсэн байх юм. “Хар тив” архинд живж байгаа талаар сэтгүүлчид бичсээр байгаа бөгөөд хамгийн аюултай тэдгээр нийтлэлүүдэд Африкт их архидалт дөнгөж эхэлж байгаа гэсэн утгыг агуулж байгаа юм. Африкт хөгшид биш, өсвөр үе, залуучууд архидаж байна.
Хэмжээ үгүй, хориг үгүй
Зааны ясан эрэг улсад архийг хаанаас ч худалдаж авч болно. “Хэзээ ч, хаанаас ч” гэдэг үг энд яг шууд утгаараа хэрэгждэг. Баар, ресторанаас гадна дэлгүүр, ТҮЦ-нээс согтууруулах ундааг өдөр, шөнийн аль ч цагт олж болдог ажээ. Худалдаа зөвшөөрөгдсөн цэгүүдээс гадна хөл хөдөлгөөн ихтэй автозам дээр ч явагдна. Хэмжээ хязгаар ч байхгүй, шилтэй, хуванцар савтай, тэр бүү хэл гялгар уутанд савласан шингэнийг хэчнээн л бол хэчнээнийг авах боломжтой.
Хөрш Буркина Фасогийн зөвхөн нийслэл Уагадугу хотод гэхэд л архи, согтууруулах ундааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 4000 гаруй байгууллага бий. Буркино Фасо 18 сая, нийслэл нь 1.5 сая хүнтэй гээд бодохоор Уайгадугуд хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг оруулаад 50 хүн тутамд согтууруулах ундаагаар үйлчилдэг газар ногдож байна. Хуулиндаа бол 200 хүн тутамд нэг ийм газар байхаар заасан ч хууль бусаар олгосоор дөрөв дахин хэтрүүлчихсэн гэнэ. Гэлээ ч хууль хэрэгжиж байгаа эсэхийг хэн ч анхаардаггүй ажээ. Хүмүүс нь уух дуртай. Уушийн газрууд нь хөл хөдөлгөөн хамгийн ихтэй газруудад байрлах бөгөөд өвөрмөц нэртэй өөрсдийн гэсэн “брэнд” ундаагаар үйлчлүүлэгчээ дайлна. Зөвхөн тэр уушийн газарт л байх согтууруулах ундаанууд нь “Морг”, “Ком”, “Яралтай түргэн тусламж”, “Онцгой” гэх мэт нэртэй ажээ.
Нэг удаагийн “тусламж”
Танзани, Зааны ясан эрэг, Камерун, Сенегал, Руанда, Малави зэрэг оронд архийг гялгар уутанд савлах маяг өргөн дэлгэрчээ. 50, 100, 200 граммын хэмжээтэй, зочид буудлын шампунийг санагдуулмаар энэ эд 100 грамм нь ойролцоогоор 15 евроцент буюу монголоор 500 орчим төгрөг аж. Үүнийгээ “Борчуудын ундаа” гэж нэрлэх авч худалдаанд цэвэр ус шиг л өргөнөөр зарагддаг, хэрэглэгчид нь халаас нимгэн дунд сургуулийн сурагчид, оюутнууд байдаг байна.
Эрх баригчид “Борчуудын ундаа”-тай тэмцэхийг оролддог ч сургууль, коллеж, хүүхэд залуус олноороо цуглардаг газрын ойролцоо зарахыг хориглохоос хэтрэхгүй. Засаглал дэндүү сул учраас энэ хоригийг нь ч хэн ч авч хэлцдэггүй, цаасан дээрээ үлддэг аж.
“Төрийн байгууллагаас хүмүүс шалгалтаар ирэхээр нь бид тэдэнд энэ хоригийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлдэг. Тэгээд ч болохгүй бол бараанаасаа өгчихөд л явчихдаг” гэж Камеруны нэгэн дэлгүүрийн эзэн ярьж байна.
Африк “Азийн чоно”
Монголд “Азийн чоно”, Орост “Боярышник” олон хүний аминд хүрсэн шиг Африкт бас өөрийн гэсэн ийм түүхүүд бий. Архинд хордож нас барах явдал Африкт бараг ул болох шахжээ. Кенид 2014 онд “чанга” хэмээх нэрмэл архи уусан 80 хүн үхэж, 150 хүн эмнэлэгт хүргэгдсэн. Эрдэнэшишээр исгэсэн эл архи хямд, өргөн хэрэглэгддэгээрээ улсдаа алдартай гэнэ. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ градусыг өсгөхийн тулд үе, үе метанол хийчихдэг. Ийм үед массаараа хордож үхдэг байна.
2015 оны наймдугаар сард Камерунд 21 хүн “одонтол”-д хордож нас барсан. Далдуу модны шүүс, модны үндэс зэргээр хийдэг энэ зүйл хамгийн тодорхойгүй орцтой, барьцгүй ундаа хэдий ч архичид авч ууж хордсоор байдаг нь хачин. Хэргийг мөрдсөн ажлын хэсгийн дүгнэлтэд “Энэ ундааны найрлагад алкоголь хэр хэмжээтэй байдаг, хийдэг арга нь ч тодорхойгүй” гэж бичжээ. Энэ явдлын дараа эрх баигчид “одонтол” үйлдвэрлэх, худалдахыг хориглож, ажиллаж байсан газруудыг хаах шийдвэр гаргасан ч энэ шингэний ачаар хэтэрхий олон хүн аж амьдралаа залгуулдаг тул иргэдийн эсэргүүцлээс айж тэгсгээд орхисон аж. “тэднийг хэн ч болиулж чадахгүй ээ. Ээж маань “одонтол”-ын ачаар мөнгө олж, надад боловсрол эзэмшүүлсэн. Одоо би эмнэлэгт ажилладаг” гэж орон нутгийн эмнэлгийн эмч ярьснаас үзвэл үнэхээр олон хүний амьдралд өгөөжөө өгсөн, эрх баригчид хориглож чадахгүй нь үнэн бололтой.
Үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх замд олон шат дамжлага бий. ширэнгэ ойд согтууруулах ундаа үйлдвэрлэг байр нь байна. тэндээс 30 литрээр савласан архийг бөөний худалдаачид очиж аваад хот, тосгод руу аваачин жижиглэнгийн худалдаачдад зардаг байна. Цагдаагийн байгууллагын гаргасан мэдлээллээр энэ бизнесээс 30 хувийн ашиг олдог.
Үнэн алдартныболон бусад шашны номлогчид дагагчиддаа “одонтол” хэрэглэхгүй байхыг уриалдаг ч талаар өнгөрдөг байна. багаасаа хэрэглэсэн болохоор болих тухай бодол санаанд нь ер ордоггүй гэнэ.
Хамгийн харамсалтай нь, бага насны хүүхдүүд энэ шингэнд донтох явдал арилахгүй хэвээр, харин ч улам газар авсаар байгаа юм байна.
Хүүхдээр хагас өдөр ажил хийлгэж, хөлсөнд нь таван аяга архи өгөх нь энд хөдөлмөрийн жишиг үнэлгээ болох шахжээ.
Бүгд найрамдах Конго улсад ч ийм явдал байдаг. Ингэхдээ хүүхдээр муу усны нүх ухуулах гэх мэт хамгийн хүнд ажлыг даалгадаг ажээ.
Мароккогийн “гаж үзэгдэл”
Чанаргүй архи зөвхөн “хар” Африкийн бэрхшээл гэж ойлгож болохгүй. Тивийн хойд хэсгийн цайвар африкчуудад хамаатай. Тухайлбал, Марокко улс байна. Тус улсын хаан II Хасан 1967 онд архи согтууруулах ундааг хориглох зарлиг буулгасан байдаг. Гэвч одоо ч тус улс архи үйлдвэрлэл, экспортоороо тивдээ толгой цохиж явна.
Хааныхаа зарлигийг яагаад зөрчдөг талаар Касабланкагийн нэг өмгөөлөгч “хэрвээ зарлигийг үг үсэгчлэн дагх юм бол мароккочууд бүгдээрээ шоронд орж, үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага хаагдах юм уу торгуульд унана. Сая, сая хүн шоронгийн хаалга татна. Тийм учраас л эрх баригчид болохгүйг нь мэдсээр байж нүдээ аниад өнгөрүүлдэг юм” гэж ярьсан байна. Ийм тохиолдолд уг нь хааныхаа зарлигийг хүчингүй болгочихож болмоор. Гэвч энэ зарлиг архи үйлдвэрлэгч, борлуулагч, хэрэглэгчдэд өөрсдийн үзэмжээр хандах эрх мэдлийг эрх баригчдад олгож байгаа учраас л өдийг хүртэл хүчингүй болголгүй явж иржээ. Тиймээс мароккочуудын дунд “Чимээгүй ууж, зөв амьдарцгаая” гэсэн хэлц үг гарсан байна.
“Ногоон могой”-той хийсэн тэмцэл
2013 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын нэг иргэн жилд 220 шил дарс буюу 20 литр цэвэр спирт хэрэглэсэн гэсэн статистик гарчээ (Дарс үндэсний ундаа гэж тооцогддог Францад энэ үзүүлэлт 11 литр байдаг). Үүний дараа эрх баригчид архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжээр спортын уралдаан тэмцээн ивээн тэтгүүлэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Африктаа л хамгийн өндөр хөгжилтэй тус улсад жилд бүр 130 хүн архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас бардаг байна. Харин 2016 он гэхэд тус улс дэлхийд хамгийн их архи хэрэглэдэг 10 орны тоонд багтлаа.
Ботсвана, Намиби, Гана улсад ч архидалттай чадлынхаа хэрээр тэмцэж буй. Гэвч үр дүн нь бусадтайгаа адилхан. Ганад гэхэд дунд сургуулийн үдэшлэг ч архи, согтууруулах ундаагүйгээр явагдахаа байжээ.
“Хар тив” ийнхүү архин далайд живэх болсны шалтгааныг мэргэжилтнүүд амьжиргааны төвшин доогуур, иргэд бор дарснаас тайвшралыг олох гэж хичээж байгаатай холбож байна. Архины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог улс орнуудад ерөнхийдөө ахмад настнууд архи хэрэглэдэг зүй тогтол бий. Харин Африк тивийн улсуудад архийг ихэвчлэн хүүхэд, өсвөр үеийнхэн хэрэглэж байгаа нь асуудлыг улам хүнд болгож байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.168
Manaihan Bagasad boliod uhaarad bga
Хариулах66.181.161.176
Bodlogoor
Хариулах