Байгалийн гамшигт өртсөн иргэдэд Гамшгаас хамгаалах сангийн хөрөнгөөс олгосон тусламжийн мөнгийг завшсан Говь-Алтай аймгийн МАН-ын дарга Л.Лхагвацэрэнд холбогдох хэргийн Шүүх хурал өчигдөр болж, Шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1.1 зүйл анги, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, 10 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасах ял оноожээ.
Эрүүгийн хуулийн 22.1.1-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Түүнтэй хамт хэрэг үйлдсэн тус аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, хошууч Ц.Амарсанааг мөн зүйл ангиар 12 сая төгрөгөөр торгож нийтийн тушаалд томилогдох эрхийг гурван жилээр хасах ял ногдуулж, Аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Т.Баттүвшинг харин “Хэрэгт холбогдолгүй” хэмээн цагаатгасан байна.
Хэргийг сийрүүлбэл, 2018 оны арваннэгдүгээр сарын 24-25-нд баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, байгалийн аюулт үзэгдэл болсны улмаас Бугат сумын 58 айл, өрхийн хашаа нурж хохирсон бөгөөд Аймгийн Засаг дарга захирамж гаргаж, дээрх 58 өрхөд тус бүр 1.5 сая төгрөгийн тусламж олгосон байдаг.
Аймгийн МАН-ын дэд дарга, Бугат сумаас гаралтай Л.Лхагвацэрэн, Онцгой байдлын газрын мэргэжилтэн Ц.Амарсанаа нар нь тухайн үед эрх мэдлээ ашиглаж, гамшигт өртөж хохирсон 25 өрхийн нэрийг замд нь сольж, тэдгээр өрхөд олгох ёстой байсан 40 гаруй сая төгрөгийг завшсан хэрэгт буруутгагдан шүүхээс ял авч байгаа нь энэ юм.
Таван жил сунжирч байж шийдэгдсэн энэ хэргийн эхний шүүх хурал Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд энэ оны гуравдугаар сарын 13-нд болоход ерөнхий шүүгч Н.Оюунбилэг “Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг аж.
Гэвч нотлох баримтаар баттай тогтоогдсон байсан тул Хяналтын прокурор нь уг цагаатгах тогтоолыг эсэргүүцэн Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд хэлэлцээд, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож байжээ.
Тодруулбал, Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Оюунбилэг нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлээгүй гэж дүгнэсэн байна. Жишээ нь, нэгэн гэрч “2018 оны арваннэгдүгээр сарын 24-25-нд болсон шуурганы үеэр манайд хохирол учраагүй. 2019 оны долоодугаар сард манай сумаас гаралтай Л.Лхагвацэрэн утсаар холбогдож, “Судалгаа явагдаж байна. Овог нэр, регистр болон дансны дугаараа хэлж өгөөч. Хэд хоногийн дараа дансанд чинь мөнгө орно” гэсэн. Удалгүй “Нэг сая төгрөг орсон шүү. 100 мянган төгрөгийг нь өөрөө аваад үлдсэн 900 мянгыг нь над руу шилжүүлчих” гэснийх нь дагуу хэлсэн данс руу шилжүүлсэн” хэмээн мэдүүлсэн байдаг аж. Энэ мэт баримтууд байсан ч шүүгч Н.Оюунбилэг үнэлж үзэлгүй цагаатгасныг буруу хэмээн үзэж, дахин шалгасан бөгөөд шүүх хурал нь өнгөрсөн сарын 21-нд товлогдсон ч тодорхой шалтгаанаар хойшлоод байв.
Дашрамд , Л.Лхагвацэрэн нь энэ сарын 15-16-нд болох МАН-ын Их хуралд аймгаа төлөөлж оролцох аж. Тус хурлаар МАН шинэ даргаа сонгож, намын Үндсэн дүрмээ батлах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна