Авто замын буруу жишгийг АВТОБУС дээр ДАВТАХ ЁСГҮЙ

Х.Батсайхан
2023/10/01

-Буруутай ААН, албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцож жишиг тогтоох хэрэгтэй-

“Нийтийн тээврийн парк шинэчлэл”-ийн хүрээнд худалдаж авсан шинэ автобуснууд хуучин, капитал засвартай байж болзошгүй байсан явдал олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа энэ үед үнэн, худал нь мэдэгдэхгүй эрс тэс олон мэдээллийн дундуур “Улсын комисс хүлээж аваагүй байгаа” гэхийг сонсоод нэг явдал санаанд орлоо.   

2015 оны намар Зүүнбаян руу томилолтоор явж байхад Сайншанд-Зүүнбаян чиглэлийн шинэхэн тавьсан авто зам том, томоороо хуулраад уначихсан, явахын эцэсгүй юм байж байсан юм. Дараахан нь Зам тээврийн яамныхантай бас нэгэн томилолтод зам нийлж, хэд хоногийн өмнө үзсэн дүр зурагаа хэлж, “Одоо тэр замыг яах вэ” гэж асуухад “Комисс хүлээж аваагүй байгаа шүү дээ. Тиймээс улс хохирох гэсэн асуудал байхгүй. Гүйцэтгэсэн компани нь замаа засна, янзална, стандартад нийцүүлнэ. Бид бол болсон гэж үзсэн үедээ л хүлээж авна” гэж хариулж билээ.

Энэ бол тэрхүү автозамыг хэдий улсын захиалга, төсвийн мөнгөөр хийж байгаа ч гэсэн ажлынхаа гүйцэтгэлийг хариуцаж авсан ААН нь өөрөө хариуцдаг гэсэн санаа. Үнэхээр ч улсын комисс буюу захиалагч тал албан ёсоор хүлээж аваагүй байхад төсвийн хөрөнгө дэмий үрсэн гэх асуудалд санаа чилээх нь илүүц байдаг юм билээ. 

Тиймээс ч “Одоо яана энэ их хөрөнгө зарчихаад, яаж дахиж хийнэ ээ” гэж хуудуутай зам хийсэн компанид нь санаа зовоод өнгөрсөн. Гэвч сүүлд нь сонсоход Улсын комисс хүлээгээд авчихсан л байсан. Ер нь авто замын салбарт улсын захиалга, төсвийн мөнгөөр муу зам барьдаг, дараа нь яаж ийж байгаад Улсын комисст хүлээлгээд өгчихдөг явдал ховор биш гэдгийг хожим мэдсэн юм.  

Одоо “Ногоон автобус” дээр яг ийм асуудал үүсэж байна. Худалдан авалтын тендерийг Нийслэл зохион байгуулсан нь үнэн ч Тендерийн комиссоос тавьсан шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл шинэ автобус нийлүүлэх нь “Тэнүүн-Огоо”, “Эрдэм-Транс” ХХК-иудын үүрэг байсан. Хуучин автобус оруулж ирсэн скандал үүсгэсэн нь цэвэр тэдний буруу. 

Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, засвар үйлчилгээгээ өөрсдөө хариуцдаг учраас “Аргалаад, янзлаад, додомдоод явуулчихна” гэсэн итгэл байсан уу, бүү мэд, ямартай ч салбарын компанид нь худалдан авалт даатгаад сайн юманд хүрдэггүй гэдгийг энэ түүх харуулж байна.

Хэлэх гэсэн санаа юу вэ гэвэл, хэрвээ үнэн гэдэг нь батлагдвал асар их авлигал, албан тушаалын хэргийг илчлэх учраас Эрүүгийн цагдаагийн газар, АТГ энэ хэргийг маш сайн шалгаасай. Улсын комисс нь чанаргүй авто замыг чимээгүйхэн хүлээгээд авчихдаг шигээ “Но”-той “Ногоон автобус”-ыг битгий “Шаардлага хангасан” гэж дүгнээсэй. 

Улсын комисс хүлээж аваагүй байгаа тохиолдолд улсад хохирол учраагүй байна гэсэн үг. Тийм учраас ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, улсыг битгий хохироогоосой. 

Автобус худалдаж авах 318 тэрбум төгрөг бол Улсын төсвийн мөнгө. Нийслэл рүү эрх шилжүүлж орж ирсэн эх үүсвэр. Энэ утгаараа зөвхөн нийслэлчүүдэд хамаатай биш, нийт монголчуудыг хохироосон асуудал. 

Хэдий тийм ч гэлээ, Нийслэлийн ЗДТГ бас "Комисс гаргаж шалгаж хүлээж авна, "Асуудалтай" бол автобусуудыг буцаана" гэсэн байр суурианаасаа битгий ухраасай. Нийслэл нэгэнт өөрийнхөө асуудлыг шийдэх гэж байгаа учраас өөсдөө шалгаж хүлээж авах эрхтэй. Тиймээс Нийслэлээс энэ асуудлаар давхар комисс томилж байгаа нь туйлын зөв.         

Ер нь энэ тусдаа комисс байгуулж байгаа асуудал дээрээс харсан ч, Нийслэлд зөвхөн тендер зохион байгуулах эрх өгөөд бусад асуудалд оруулаагүйг нь харсан ч "Ногоон автобус"-ны асуудал Нийслэлээс нэлээд хөндий байсан нь харагдана. Ер нь явж, явж энэ асуудал биеэ даасан Нийслэлийн шинэ статус, яамдын хуучин статус хоёрын мөргөлдөөн, түүнээс гарсан хийдэл байж тун болзошгүй.     

Тиймээс ЭЦА, АТГ газар “Тэнүүн Огоо”-гийн н.Ганхуяг, “Эрдэм Транс”-ын н.Эрдэнэбилэг хоёр захирал, тендер шалгаруулалтын комисст ажилласан албан тушаалтнуудыг шалгаж, үнэн мөнийг нь тогтоож чадвал ЗТХЯ, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийг дамнасан авлигын сүлжээ гарч ирэх магадлалтай.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагалдан гарах багц хуулиуд батлагдсаны дараа, өөрөөр хэлэл нийслэлчүүд өөрсдөө төсвөө зохиодог, олдог, хянадаг болсны дараа энэ байдал аяндаа арилна. Тиймээс Нийслэлийн багц хуулийг яаралтай батлах ёстой. Автобусны хэрэг энэ ажилд дэм болбол нэг ашиг нь тэр. 

Албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажлаас халаад өнгөрдөг “Толгой илсэн” байдлыг ч энэ явдлаар эцэс болгоосой гэж хүснэ. Хэрвээ ингэж чадвал “Ногоон автобус”-ны дуулианаас гарах бас нэг ашиг юм. 

Харин, 700 гаруй автобус нь чанарын шаардлага хангахгүй болчихоод байгаа нийтийн тээврийн салбар, нийслэлчүүд  өвлийг яаж давах вэ гэдэг хүндхэн асуудалтай нүүр тулах нь.   



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.201
    2023/10/01

    Нийтийн тээврийн үйлчилгээнд эко автобус явуулна энэ тэр гээд хуцаад байгаагүй билүү, Дизиль түлштэй, механик хурдны хайрцагтай, хоцрогдлын хоцрогдол ,тэгээд хуучин автобус капитал засварт оруулаад хэнийг хуурч байгаа юм. Өмхий хулгайчууд энэ хэдэн металломоо буцаа,буцаа

    Хариулах
  • 103.212.116.146
    2023/10/01

    Маш зөв бичжээ

    Хариулах