"Ногоон автобус"-ыг хүлээж авахгүй

Zuv.mn
2023/10/01

Нийтийн тээврийн парк шинэлэлийн хүрээнд БНСУ-ын "ZYLE Daewoo" компанид захиалж үйлдвэрлүүлсэн ногоон автобусуудыг тендерийн шаардлага хангаагүй гэж үзсэн учраас үйлдвэрлэгчид буцаахаар болжээ. Үйлдвэрлэгч тал алдаа дутагдлаа засаж, тендерийн шаардлагад нийцүүлсний дараа захиалагч тал хүлээж авах эсэхээ шийднэ. Хэрвээ шаардлагад нийцүүлж чадахгүй бол гэрээг цуцлах юм байна. 

НЗДТГ-аас уг асуудлаар гаргасан мэдэгдэлд "Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт 14 жил парк шинэчлэл хийгээгүй. 2021 оны байдлаар үйлчилгээнд явж байсан 970 гаруй автобусны 532 нь ашиглалтын хугацаа дууссан, сүүлийн нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал нь өдөр тутамд нийтийн тээврээр зорчиж байгаа 700,000 иргэний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй байсан тул автобусны парк шинэчлэл хийх ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар шуурхай зохион байгуулсан.

Улсын төсвөөс эрх шилжүүлсэн худалдан авах ажиллагаанд нийт долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд, багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. Гүйцэтгэлийн гэрээний дагуу 2023 онд нийт шинэ 810 автобус нийлүүлэх, тухайн автобуснууд нь стандартын шаардлага хангасан байхыг тусгасан. Одоогоор гэрээний дагуу 100 автобус Улаанбаатар хотод ирсэн байгаа бөгөөд эдгээр автобуснууд стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчиж байгаа тул хүлээн авах боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Тиймээс тус автобуснуудыг буцааж, шаардлага нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийг “Тэнүүн-Огоо” ХХК-аас шаардах болно. Мөн худалдан авах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг шалгаж, буруутай үйлдэл байвал хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 46.114.148.228
    2023/10/02

    Европоос автобус аваад ирээч, Чех, Герман гэх мэт улсуудаас.

    Хариулах
    • 202.126.89.116
      Өчигдөр

      Зөвөө баруунаас ав

  • 66.181.187.219
    2023/10/02

    Заавал Тэнүүн Оогоо гдг компаниас авах естой юм уу! Цуцлаад дахин тендер зарлаачээ! Хангу хог дахин бүү ав!

    Хариулах
  • 37.165.143.34
    2023/10/02

    Үйлдвэртэй шууд зуучлагчгүйгээр ерөнхий сайд холбогдох сайдууд барууны орнуудтай ярих хэрэгтэй.Зуучлагч тендерийн авлига гэсээр цавцаанд автобус үнэтэй орж ирж бгааг бүгд мэднэ.

    Хариулах