Зөв.мн ирээдүйд бий болж, одоо тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх магадлалтай шинэ санаа, шинэлэг технологийн талаар хүргэх "Хүн төрөлхтнийг хүлээж буй өөрчлөлтүүд" хэмээх булан нээж байна. Эхний ээлжинд бид илүү өргөн хүрээнд нэвтрэх цагаа хүлээж буй, улс төрийн сонгуулийн санал хураалтын шинэ системийг онцолж байна.
Ардчиллыг хүн төрөлхтний бодож олсон хамгийн сонгодог нийгмийн байгуулал гэж саяхныг болтол үздэг байлаа. Гэтэл баян хоосны ялгаа ихсэх тусам олонхийн саналаар асуудлыг шийдэх гол зарчим нь дэлхийн эдийн засаг, улс төрийг тогтворгүй байдалд оруулах хэмжээнд хүрч байгаа сул тал сүүлийн жилүүдэд тодоор ажиглагдах болсон билээ. Энэ сул тал нь дэлхийн улс орнуудад популист удирдагчид төрийн эрхэнд гарч байгаагаар илэрч буй. Тэд баялгийн хуваарилалтыг дахин хийхийг оролдож, энэ нь тогтсон механизмыг эвдсэнээр улс орноо сүйрэлд хөтөлж байна. Нийгмийг цөөнх элитүүд чирч явдаг нь жам. Гэтэл ардчилсан нийгмийн байгуулалтай, Парламентын засаглалтай улсад төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг тул цөөнхүүд хүчгүйднэ. Эрдэмтний санал гуйлгачны саналтай дүйнэ. Яг энэ шалтгааны улмаас ертөнцийн өнцөг булан бүрт популистууд хүчээ авч байгаа билээ. 100 сонгогчийн 51 нь гуйлгачин, 49 нь баян, сэхээтэн байгаа нөхцөлд гуйлгачдын эрх ашгийг хамгаалсан улстөрч л хожих нь тодорхой. Популист амлалтууд бусад намуудыг гарцаагүй байдалд оруулж, амлалтын эргүүлэгт оруулсан байдал олон улсад ажиглагдаж байна. Мөн сонгогчдын санал тооцогдохгүй байх явдал олон гарч буй. Сонгогчдын 57 хувь нь өөр хүнд санал өгсөн байтал Т.Мэй Ерөнхий сайд болсон байх жишээтэй.
Барууны эрдэмтэд популизмыг зөв зам биш гэдэг үзэлдээ бат зогсож, популистуудыг шүүмжилсэн хэвээр байгаа ч нөлөө нь яалт ч үгүй нэмэгдэж, газар авч байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөрийг хийж чадахгүй байна. Тэд энэ байдлаас гарах ганц зам нь орчин үеийн, олон нийтийн-улс төрийн тогтолцоо, сонгуулийн арга хэлбэрийг бий болгох явдал гэж үзэж байгаа ч санаа оноо уралдуулахаас хэтрэлгүй хэдэн жилийг үдсэн. Тэгвэл энэ сул талыг нь бага ч гэсэн нөхөж, ардчилалд итгэх итгэлийг сэргээх бодит оролдлогууд ирэх жилээс хийгдэж эхэлнэ гэж шинжээч Жонатан Боун таамагласан байна. Түүнийхээр бол Засгийн газрууд 2020 оноос квадрат санал хураалт зэрэг шинэ арга механизмыг илүүтэй ашиглаж эхлэх гэнэ.
Санал хураалтын одоогийн тогтолцооноос дээр, сонгогчдын санал хүслийг илүүтэй тусгаж чадах тогтолцоонууд байдаг бөгөөд тэдний нэг нь квадрат санал хураалтын тогтолцоо юм. Гол зарчим нь сонгогчид нэг биш, нэлээд хэдэн нэр дэвшигчид зэрэг санал өгөх боломжийг олгодгоороо онцлог.
Та дэмжиж байгаа 2-3 хүндээ саналаа хувааж өгч болно. Эсвэл нэг л нэр дэвшигчид бүх саналаа өгч болно. Гэхдээ, үр дүнг тооцохдоо нэг хүнд бүх саналаа өгөх нь тарааж өгснөөс арай илүү үнэ цэнэтэй байх зарчим баримталдаг.
Нэг сонгогч 10 эрхтэй байлаа гэхэд 10 хүнээс бүх 10 саналыг нь авсан нэр дэвшигч 100 хүнээс нэг, нэг санал цуглуулсан нэр дэвшигчээс илүү үнэлэгдэнэ гэж ойлгож болох юм. Сонгуулийн энэ систем нь олон нэр дэвшигчтэй нөхцөлд сонгогчийн саналыг хүртээмжтэй тусгах боломжтой, сонгогчийн санал бодлыг илүү нарийн тусгадгаараа сайн талтай юм.
Санал хураалтын ийм хэлбэрийг 2019 оноос зарим нэг улсад ашиглаж туршсан тохиолдол гарсан. Колорадо мужийн Төлөөлөгчдийн танхимд олонхийг бүрдүүлдэг Ардчилсан нам төсвийн санхүүжилтийг эрэмбэлэхдээ квадрат санал хураалтыг ашигласан байна.
Мөн Тайванийн Засгийн газар квадрат санал хураалтаар иргэдийг “Ерөнхийлөгчийн Хакатон”-ы ялагчаар сонгох боломжийг олгов. Есдүгээр сард Герман Европын “Вольт” нам квадрат санал хураалтаар намын манифестын аль сэдвийг хамгийн их үнэлдэг вэ гэж гишүүдээс асуусан бол Тайванийн Засгийн газар нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оновчтой санал уралдуулдаг “Ерөнхийлөгчийн Хакатон” хэмээх дата төвөөс сонголт хийхдээ мөн энэ аргыг ашиглажээ.
Энэ системийг ашигласнаар сонгогчийн саналыг худалдаж авах гэх мэт эрсдэл хэвээр үлдэх ч сонгогчийн санал илүү сайн туссанаар ардчиллыг аварч үлдэх боломж гарна гэж найдаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.153
саналаа худалдаж ахиухан мөнгө олох боломж
Хариулах