Монголд чөлөөт эдийн засаг биш харин “хүчирхийллийн эдийн засаг” бодитойгоор оршиж байна. Нийгмийн шилжилт бол хаос байдаг тул ардчилалд шилжсэн эхний 20 жилийг энд тооцохгүй. Ядаж сүүлийн 10 жилд эмх цэгцэндээ оров уу гэтэл улам л эмх замбараагүй болсоор...
АРДЧИЛЛЫН ЖИЛҮҮДЭД МОНГОЛД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭДИЙН ЗАСАГ ХАМГИЙН ТОГТВОРТОЙ БАЙВ
Арваад жилийн урьд, Хөдөө аж ахуйн бирж байгуулагдахын өмнө юм сан. Нийслэлд кг махны үнэ 7000 төгрөг болж, хөгшчүүдийн гол харлан “нүд аних” шахаж байх тэр үед Хөвсгөлд ажиллаж байсан УИХ-ын эрхэм гишүүнээс малчид махны үнийг ядаж 1000 төгрөг болгоод өгөөч гэж гуйж байгаа бичлэг төвийн телевизээр цацагдаж билээ.
“Мах магнаг болж”, хот хөдөөнийхөн нэгнээ шуналтайгаар нь дуудан, хоорондоо “алалцах” шахаж байх үед болсон энэ явдал хэргийн гол буруутан нь малчид биш, ченжүүд гэдгийг хууль тогтоогчдод мэдрүүлсэн. Жижиглэн худалдаачид, ченжүүд улс дотроо бараа бүтээгдэхүүний үнийг долоо дахин өсгөж байсан нь илэрсэн хэрэг. Италид 90 центийн үнэтэй бяслаг Монголд 6000 төгрөгөөр зарагдах ч үүний хажууд бага хэрэг. Хамгийн харамсалтай нь, энэ явдлаас хойш олон жил өнгөрч, хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан ч ченжүүд амь бөхтэй оршсоор, иргэдийг “хүчирхийлсээр” байна.
СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД ХЭРЭГЛЭГЧДИЙГ ХУУРАГЧ, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙН ГОЛ ДАЙСАН БОЛЖЭЭ
Монгол Улсад хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг үйлчилгээний байгууллагууд өнгөлдөг үе хараахан арилаагүй байна. Гэтэл, ядаж байхад гэдэг шиг ДНБ-ий өсөлтөд оруулсан хувь нэмрээрээ жижиглэн худалдааны салбарынхан тэргүүлэх шахаж байгаа нь эрүүл явдал уу. ТЭГСЭН ХЭР НЬ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ЯВЖ БАЙГАА НЬ ХЭНИЙ ЭРХ АШИГ ВЭ. Зах зээл жинхэнэ утгаараа хөгжчихсөн орнуудад жижиглэн худалдааны үнэ бөөнийхөөсөө дунджаар 10 хувиар илүү байдаг. Гэтэл манайд 15-32 хувь байгаа нь дэндүү гэмээр.
Жижиглэн худалдааны салбарынхан арай гэж ургуулсан ногоо, бүтээсэн бүтээгдэхүүнийг нь 20 хувь илүү үнээр дамлан сул ашиг олж суудаг гэж “Шарк танк” нэвтрүүлгийн “Шаркууд” болох Л.Чинбат, С.Түмэнгэрэл нар харамсан ярьж байсан ч удаатай.
Гахайн утсан махны бизнес эрхлэхээр шийдсэн танил маань борлуулалтын мөнгөө сүлжээ дэлгүүрээс авч чадахгүй байсаар дампуурсан жишээ ч байна.
Уг нь сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдааны салбар жижиг дунд үйлдвэрлэгчдийн хамгийн чухал түнш, амжилтад хөтлөгч гүүр нь байх ёстой. Гэтэл Монголд тийм биш. Сүлжээ их дэлгүүрүүд жижиг бизнес эрхлэгчдийг дампууруулдаг гол аюул нь болоод хувирчихсан байна.
Дээр нь, бодитой бус элдэв хямдрал зарлаж хэрэглэгчээ хохироож байна. Хамгийн их хэл ам дагуулдаг нь мөн л "Номин" тэргүүтэй сүлжээ дэлгүүрүүд. Хамгийн сүүлд зарласан "Хар баасан гараг"-ийн хямдрал нь хэл ам дагууллаа.
Хэрэглэгчийг хуурч, ашиг олох яаж ч бодсон болохгүй. Гэтэл хууль, журам алга. ШӨХТГ торгоод ч шударга бусаар олсон орлого нь их учраас нэмэр алга. Тиймээс хуулиа яаралтай баталъя.
Ашгийн зохист хэмжээг зааж хэрэглэгчээ хамгаална, хямдрал бодит бус тухай гомдол гарвал шалгалт орж, хариуцлага тооцохыг хуульд суулгая. Хэрэглэгч нь сошиал орчинд гомдол тавьдаг, хохироогч нь мэдэгдэл гаргаад, доор нь баахан эргэлзсэн хүмүүс шаагилдах нь ААН-дээ ч, хэрэглэгчдээ ашиггүй. ААН-үүд нь шударга, төрөөс дарамт шахалт байвал бас шударгаар ил гаргаад хариуцлага тооцуулчихдаг цэвэр орчинг бүрдүүлэх шаардлага байна.
ХУДАЛДААГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛААГҮЙ ГАНЦ УЛС
Монгол Улсад хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг үйлчилгээний байгууллагууд өнгөлдөг үе хараахан арилаагүй байна. Гэтэл, ядаж байхад гэдэг шиг ДНБ-ий өсөлтөд оруулсан хувь нэмрээрээ бөөний болон худалдааны салбарынхан тэргүүлэх шахаж байгаа нь тийм ч эрүүл үзэгдэл биш.
Зах зээл жинхэнэ утгаараа хөгжчихсөн орнуудад жижиглэн худалдааны үнэ бөөнийхөөсөө дунджаар 15 хувиар илүү байдаг. Худалдааны тухай хуульдаа ингээд заачихсан байдаг бөгөөд энэ нь хэрэглэгчдийн дархлаа, хамгаалалт болдог юм. Гэтэл манайхан нэрийн хуудас болсон, хамгийн хямдхан худалдаж авах ёстой махаа долоо нугалуулан шулуулаад сууж байсан, одоо ч ялгаа алга. Баруун аймгуудад малаа туугаад оччихсон, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болсон малчид эм ямаагаа чейнжүүдэд “20,000 төгрөгөөр ч авахгүй” хэмээн тавлуулж байхыг харж явлаа. Банкны зээлийн хүү, шатахууны үнэ өндөр байгаагаас илүү хүний шунал бас их жин дарж байна.
Дээр дурдсан Худалдааны тухай хуулиар ашгийн зохист хэмжээг зааж л хэрэглэгчдийг хамгаалахаас бусдаар бол жижиглэн худалдаачдын эрх ашгийг хамгаалсан байдаг. Тийм ч учраас жижиглэн худалдаа эрхлэгчид ч, худалдан авагчид ч сэтгэл хангалуун байцгаадаг юм.
Гэтэл 30 гаруй жил ардчилал хөгжүүлсэн манай улсад энэ хууль батлагдсангүй. Санасангүй юу гэвэл тийм биш. Жижиглэн худалдаа эрхлэгчид нь холбоо байгуулаад “Жижиглэн худалдааны тухай хуулиа батлаад өгөөч ээ” гэж УИХ-аас шаардаад, шаардаад хөдөлгөж дийлээгүй юм.
Банканд хадгаламжтай хүмүүс нэгдэж байгуулсан “Монголын хадгаламж эзэмшигчдийн холбоо” ч бил үү, нэг байгууллага “Банкны хадгаламжийн хүүг буулга, бидэнд бага хүүтэй зээл хэрэгтэй болохоос өндөр өгөөж хэрэггүй” гэж хэвлэлийн хурал хийж байсныг энэ явдал эрхгүй санагдуулсан.
Аль, аль нь хүчирхийллийн эдийн засаг оршиж, иргэд нь эдийн засгийн хүчирхийлэл үйлдэж, төр нь өөхшүүлж суудгийн баталгаа. Бүр тодруулбал, Монголын төрд Худалдааны тухай хууль баталж, иргэд, худалдаачдыг хамгаалах сонирхол алга. Энэ нь маш өндөр ашиг олдог буюу хүчирхийлэл үйлддэг этгээдүүдийн ашиг сонирхол УИХ-д байна гэсэн үг. Банкны хүүний тухайд ч ижил, олон тэрбумын хадгаламжтай хэдхэн этгээд өчүүхэн бага хадгаламж эзэмшдэг хэдэн зуун мянган иргэдийн нэрийг барьж өндөр хүү тогтоон хүчирхийлэл үйлдэж байгаа хэрэг.
ХУДАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ БАТАЛЬЯ
Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой хурал дээр доод тушаалын алба хаагчдад "Өвлийн идшийг чейнжийн дамжлагагүйгээр хэрэглэгчдэд хүргэх ажлыг зохион байгуулаарай" хэмээн үүрэгдэж харагдсан. Шадар сайд үнэхээр энэ асуудалд анхаарч байгаа л бол Худалдааны тухай сайн хууль боловсруулж батлуулах хэрэгтэй байна.
Цоо шинэ хийх ч хэрэггүй, Худалдааны хууль гээд боловсруулалт дээрээ олон жил гацчихсан хууль байж байгаа. Дээр нь, Хөдөө аж ахуйн биржтэйгээ тулж ажилла. Хөдөө аж ахуйн биржийг сайн ажилуулж чадвал чейнжийн засаглалыг унагах боломжтой. Ажилуулж чадахгүй байгаагаас бус байгуулсан зорилго нь ч энэ юм. Аман үүрэгдэлт ард түмэнд сайн хүн болж харагдах гэсэн аргаас хэтрэхгүй үлдэнэ, хуульгүй үүрэг хэрэгждэггүй болохоор нэр хүнд ч унана.
Эхний ээлжинд унаа тэрэг гаргаад баруун аймгуудад мал тууж очоод наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихсан байгаа малчдынхаа малыг хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулчих, дараа нь дээрх ажлууддаа дэс, дараатай ор гэж хэлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.161
Ene uniin hoorogdol uusgedeg Change uudiig tsegtselj jinhene unee sn medeltseh aj
Хариулах