Х.Болорчулуун сайдын сугалааны үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг шалгая

Zuv.mn
2023/11/20

Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тойргийн иргэдээ сугалаагаар даллаж цуглуулахаар шийджээ. Ер нь иргэдийг сугалаа буюу азтан болох горьдлогоор нь даллаж цуглуулна гэдэг нэр нөлөө муутай л улстөрчийн шинж. Гэтэл нөгөө талаар, орон нутгийн иргэд одоо таван малаараа идэш хийж, таван төгрөг цуглуулан өвлийн бэлтгэлээ хангадаг ид ажлын үе учир ямар нэгэн байдлаар “идэвхжүүлэхгүй” л бол уулзалт мэтэд оролцоод явах зав байхгүй. 

Тиймээс Х.Болорчулууны бодож олсон шийдэл өөрт нь бол зөв санагдаж байгаа байх. Гэхдээ сугалаа гэдэг зүйлээс болж хөндөөнийхөн малаа марж, тартагтаа тулж байгааг бодвол муу нөлөөтэй ажлыг дэмжиж сурталчлаад, өөхшүүлээд байгааг нь зөвтгөж боломгүй байна.


Сугалаа бол зөвшөөрөл авч байж хийдэг үйлчилгээ. Зөрчлийн тухай хуулийн 10.4.1-т “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Олон нийтийн сүлжээнд сугалаа зохион байгуулсан иргэдийг хуулийн байгууллага шалгаж, хариуцлага хүлээлгэж байсан ч удаатай. 

Магадгүй, УИХ, Засгийн газрын гишүүн сугалаа явуулах эрх авчихсан байдаг юм болов уу. Эсвэл орон нутгийн захиргааныхан гишүүндээ зусардах гээд хууль зөрчиж байна уу. Хуулийн байгууллага нэг шалгаад үзэхэд гэмгүй байх. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна