Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АВЛИГЫН АСУУДЛААР илэрхийлсэн онцлох ИШЛЭЛҮҮД

С.Гандэлгэр
2023/11/30

Монголд Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний УИХ-ын чуулганы индэр дээр хэлсэн үгээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

- 30 жилийн тэртээ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахаар хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн гарсан нэгэн үеийнхэн өнөөдөр улс төрчид, тэднийг тойрсон хэдхэн хүн баяжиж, эсрэгээрээ ард иргэдийн амьдрал уруудан доройтсонд бухимдаж байна.

- Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй

- Нийслэлийн утаа, түгжрэл, газрын наймаа, түүнийг тойрсон стандартгүй барилгажилт зэрэг өнөөдрийн тулгамдаж буй асуудал ч өөрсдөө баяжихын тулд ард иргэддээ үлдээсэн авлигачдын өв гэдгийг ч ард иргэд гүнзгий ойлгосон байна.

- Аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаас цутгаж, усны түвшин өдөр өдрөөр дээшилсээр байна.

- Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо.

- Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” маань томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа.

- Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ.

- Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?

- Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан нөхдүүд шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү эсвэл зээл аваад төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү?

- Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу?

- Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?

- Авлигын асуудал шүүхийн шатанд ийнхүү замхарсаар байвал, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асаж, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсон. 

- Олон жил дуншин гацсан дуулиант хэргүүд ийнхүү шүүхийн шатанд шилжлээ. Өнөөдөр өргөн барьж буй энэхүү хуулийн өөрчлөлт улс төрд томоохон донсолгоо үүсгэж, олон талын шүүмжлэлтэй тулахыг үгүйсгэхгүй ээ.

- Шинэ үеийн удирдагч нартаа хөгжлийн төлөө ажиллах илүү боломжийг үлдээхийн төлөө өнөөдөр эс үйлдэл хийхгүй байхыг уриалж байна.

- Улс төрчид та бүхнийг үнэн байхыг би уриалж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.119
    2023/11/30

    Li Kian Yu : uls torch hun avilgaas hezeed hol baih Eos toi.

    Хариулах