Баялгийн тэгш бус хуваарилалт нь өдгөө улс орнуудын өмнө тулгамдсан гол бэрхшээл болоод байгаа билээ. Хүн төрөлхтөн яг одоо баячууд улам хурдан баяжиж, ядуус улам ядуурах гарцаагүй нөхцөл байдал руу явж байна. Хүн хийгээд улс орнуудын хувьд баялгийн тэгш бус хуваарилалт салбарт бүрт нөлөөлж буй. Тэгвэл энэ байдал анагаах ухаан, эрхтэн шилжүүлэн суулгах салбарт хэрхэн нөлөөлж байна вэ. Баян улс орнууд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар донорын олдоцыг нэмэгдүүлэхээр хичээж буй ч улам бүр хомсдолд орж, хүлээлт уртассан нь эд эрхтний хууль бус наймааг цэцэглүүлсэн бодит байдалтай байна.
Баячууд, ядууст “Амь нас үнэлж баршгүй” гэдэг хууль ижилхэн үйлчилдэг ч эд эрхтний хувьд үгүй үнэнийг хөндөхөөр шийдлээ. Баян орнуудын эрүүл мэндийн хэрэгцээ ертөнцийн нэг буланд тахир дутуучуудын бүхэл бүтэн хот тосгодыг үүсгэж байгаа гашуун түүхийг дор өгүүлэх болно.
БАЯЧУУДЫН ЗОВЛОН
Дэлхийд донорын хомсдол нүүрлэж, жил ирэх бүр хүнд байдалд орж байгаа нь бодит байдал. Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүдийн жагсаалт энэ төрлийн хагалгаа хөгжсөн улс орнуудад эрчимтэй нэмэгдэж, донор хүлээх хугацаа уртасчээ. Зөвхөн АНУ-д л гэхэд бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай өвчтөний донор хүлээх хугацаа сүүлийн 20 жилд 400 хоногоос 1100 хоног болж, даруй гурав дахин нэмэгдсэн байна.
Дэлхийн бас нэг баян хязгаар Их Британид 2016 онд донор болохоор урьдчилж зөвшөөрлөө өгөөд нас барсан хүмүүсийн 457-г нь л ашиглаж, эрхтнийг нь реципиентэд шилжүүлэн суулгасан нь хэрэгцээний 1/20-д ч хүрээгүй гэсэн статистик гарсан байх жишээтэй. Эдгээр улсын өвчтөнүүдийн хувьд мөнгө асуудал биш бөгөөд донорын олдоц л хамгийн том зовлон нь юм.
ЯДУУСЫН ЗОВЛОН
Хоёр талын хэрэгцээг нэг цэгт уулзуулахдаа хуулийн арга хэрэглэсэн улс цөөн боловч бий. Эдгээр улсад донор нь урамшууллын төлөө сайн дураараа эрхтнээ реципиентэд өгөх хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн байдаг.
Тухайлбал, Иран улсад иргэн өөрөө хүсвэл реципиенттэйгээ харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой хэмжээний мөнгө аваад эрхтнээ өгч болдог. Гэхдээ тухайн донорын амь насанд аюул учруулахааргүй хос эрхтнээ өгөхийг л зөвшөөрдөг. Мөн гадаадын иргэнд бөөрөө өгөхийг хуулиар хориглодог.
Энэтхэгийн далайн арал улс Шри Ланка Донорын тухай хуулиа 1987 онд баталжээ. Үүнээс хойш Шриланкийн нүдний доноруудын нийгэмлэг (Sri Lanka Eye Donation Society) гэх төрийн бус байгууллага 60 мянган нүдний эвэрлэг бүрхэвчийг дэлхийн 57 улсын реципиентүүдэд гаргасан гэсэн статистик бий. “Чөлөөт нэвтэрхий толь”-д Шри Ланкаг нүдний эвэрлэгийн том нийлүүлэгч, жилд 3000-ыг гаргах бололцоотой гэж бичсэн байх жишээтэй.
“БӨӨРНИЙ ТОСГОН”
Баян улсад мөнгөтэй өвчтөн, ядуу улсад эрхтнээ зарж мөнгө олох хүсэлтэй донор бий. Тэгвэл нэгэнт бий болсон энэ хэрэгцээн дээр тоглож баян улсын реципиент, ядуу буурай орны доноруудыг хооронд нь холбож ажилладаг, хүүхэд, хүн наймаалдаг хууль бус бүлэглэлүүд ч олноороо бий болсон байна. Энэ утгаараа, хөгжингүй, баян орнуудад гарсан эд, эрхтний хэрэгцээ дэлхийн аль нэг ядуу улсад эд эрхтний наймааг цэцэглүүлж байдаг гэж хэлж болно. Ядуурал, боловсролгүй байдал нь ядуу орны иргэдийг эд эрхтнээ орлогын нэг эх үүсвэр гэж харахад хүргэж буй.
Үүний нэг жишээ нь Балбын Хоксе тосгон юм. Дэлхий нийт энэ тосгоныг “Бөөрний” тосгон гэж нэрлэсээр багагүй хугацаа өнгөрчээ. Балба шиг ядуу улсын хувьд, өөрийн гэсэн орох оронтой болох нь хүмүүсийн мөрөөдөл байдаг. Өөрийн гэсэн орон гэр цогцлоох энэ хүсэл дээр нь эрхтний наймаа эрхлэгчид тоглож, бүхэл бүтэн тосгоны иргэдийг эрэмдэг болгож орхижээ. Хоксе тосгоны оршин суугчид бараг бүгд бөөрөө худалджээ.
Гита хэмээх залуу бүсгүй тэдний нэг. Энэтхэгийн зиндаагүй гэр бүлээс гаралтай тэрээр өөрийн гэсэн орон гэртэй болох хүсэл өвөртлөн Балбад ирж, Хоксе тосгонд суурьшсан аж. 1300 фунтээр бөөрөө худалдаад тэндээ байшинтай болох санал Гитаг Балба руу зүглүүлжээ. Сүйт залуу нь “Нэг биед нэг л бөөр хангалттай” гэж ятгасаар байгаад бөөрийг нь худалдуулсан гэнэ. Тэд авсан мөнгөнийхөө нэг хэсгээр Катмандугаарс 12 миль зайд орших тосгонд газар худалдаж авч, үлдсэнээр нь чулуун байшин барьжээ.
Амьдрахын тулд өчүүхэн мөнгөөр эрхтнээ худалдсан нь ганц Гита биш. Хоксе тосгонд амьдардаг нас биед хүрсэн бараг бүх хүн бөөрөө худалдсан. Тэд эрхтнээ Балбад “Эрхтний брокер” гэж нэрлэдэг хүмүүсээр дамжуулан зардаг байна.
Брокерууд Хоксе болон ойролцоох хот тосгодоор байсхийгээд л явж санхүүгийн хүндрэлд орсон хүн байгаа эсэхийг тандана. Хэрвээ байвал эрхтний наймаа цээглэн хөгжсөн Энэтхэгийн өмнөд хэсэгт очиж хагалгаанд орохыг ятгадаг байна.
Зөвшөөрүүлэхийн тулд “Хүний эд эрхтэн яваандаа ургачихдаг” гэх мэтээр жаахан боловсролтой хүнд бол хэрэглэх боломжгүй арга ашигладаг ажээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тайлангаар бол эрхтний “хар зах” дээр жилд 10 000 орчим хагалгаа хийгддэг аж. Өөрөөр хэлбэл цаг тутамд нэг хүн хууль бусаар эрхтнээ шилжүүлдэг гэсэн үг юм. Үүний 7000 гаруй нь бөөр бөгөөд эрхлэгчдэдээ 650 сая фунт стерлингийн орлого оруулдаг гэсэн тооцоог “Global Financial Integrity” байгууллагаас гаргажээ.
Балбын нэг бус эмнэлэгт эрхтэн шилжүүлэх хагалгаа хийдэг ч өвчтөнүүд нь илүү найдвартай болгохын тулд Энэтхэгт эмчлүүлэхийг эрмэлздэг байна. Гэтэл Энэтхэгийн эмнэлэг, эмч ч боловсрол багатай иргэдийнхээ бөөрийг сэм авчихсан тохиолдол гарч байсан. Ядуу айлын хүүхдүүд хохирогч болох магадлал хамгийн өндөртэй байдаг аж. Найман настай британи охин Гуркирен Каур Лоял Энэтхэгийн нэгэн эмнэлэгт нас барсны дараа эцэг эх нь “Эмч нар эрхтний донор болгох гэж албаар хөнөөлөө” хэмээн зарга мэдүүлсэн тохиолдол байдаг.
Эрхтний хууль бус наймаанаас хамгийн их ашиг олдог хүмүүс нь дундын зуучлагчид бөгөөд Балбад тэд донорт өгдгөөс зургаа дахин их мөнгийг өөрсдөдөө үлдээдэг жишиг тогтоожээ.
Балбын эрх баригчид 2007 онд бөөр худалдаалахыг хуулиар хориглосон нь донор болсон хүмүүсийг нийгмээс тусгаарлагдах нөлөөг үзүүлэхээс хэтэрсэнгүй.
2015 оны дөрөв, тавдугаар сард болсон газар хөдлөлтөөр хэдэн зуун мянган барилга байшин нурж, төдий чинээ өрх орон гэргүй болсон бөгөөд гамшгийн дараа эрхтний хууль бус наймаа улам бүр газар авчээ. Эд эрхтний худалдааг бараг бүх улсад хуулиар хориглодог ч Хоксе мэт тосгодын жишээ мөнгө хуулиас ч хүчтэйг харуулсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.45
Ядуу улс орнуудын ард түмний зовлон нэг иймэрхүү.
Хариулах202.126.89.172
Bayn yduugiin ylgaa ugui ov tegsh erh cholootoi amidrag.
Хариулах202.9.46.139
Монголын сайтуудын комментоор бөөр худалдан авна гэсэн луйврын нийтлэл их явагдаж байна лээ.
Хариулах66.181.161.249
Аймаар юм даа. Хүний нийгэм бол зэрлэг амьтны ертөнцөөс ч харгис юм даа. Бизнес бол үнэхээр хайр найргүй харгис зүйл, түүнийг төр ухаалаг бодлогоор зохицуулахгүй бол өөр юу ч дийлэхгүй
Хариулах