НҮБ-ын шүүх Израиль улс Газын зурваст геноцид үйлдсэн асуудлаар сонсгол эхлүүллээ

Х.Батсайхан
2024/01/12

Хаага дахь НҮБ-ын олон улсын шүүх Израиль улс Газын зурваст үйл олноор нь аймаглан устгасан хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Олон улсын анхаарлыг татаж байгаа энэ асуудлаар одоо тодорхой болоод байгаа мэдээллийг хүргэе.

Хэн гомдол мэдүүлэв

1948 онд баталсан НҮБ-ын дүрэм ёсоор, нийгэмлэгийн гишүүн аль нэг улс геноцид үйлдвэл өөр аль ч улс гомдол гарган шалгуулж болдог. Энэ дагуу ӨАБНУ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр уг гомдлыг гарган шалгуулж байгаа аж.

НҮБ-ын олон улсын шүүх Олон улсын эрүүгийн шүүхээс ямар ялгаатай вэ

Хоёул Нидерландын Хаага хотод байдаг учир дээрх хоёр шүүхийг андуурах тохиолдол гардаг. Тиймээс ялгааг нь тодотгоё. НҮБ-ын Олон улсын шүүх нь зөвхөн улс хоорондын, олон улсын гэрээ конвенцын хэрэгжилттэй холбоотой маргааныг хэлэлцдэг. Хуулийн этгээдийн асуудлыг хамаардаггүй байна. 

ӨАБНУ-ын мэдүүлсэн гомдол нь Геноцидын эсрэг олон улсын конвенцыг зөрчсөн гэдэг угаалгаар 1948 онд баталсан НҮБ-ын Конвенцын Есдүгээр зүйлд заасан эрх, үүргийн дагуу эхэлж буй үйл явц юм.

Сонсгол хэрхэн явагдах вэ

Шүүх хурлыг эхлүүлэхийн өмнө заавал сонсгол явуулах ёстой бөгөөд эндээс шүүгч нар цаашдын өрнөлийг тодорхойлох мэдээллийг олж авдаг. Өчигдөр ӨАБНУ-ын хуульчид гомдол гаргасан үндэслэлүүдээ тайлбарласан. Харин өнөөдөр Израилын хуульчид эсэргүүцлээ баримттайгаар гаргаж тавих ёстой. Улс орнууд НҮБ-ын Олон улсын шүүхэд дуудагдсан, эс бөгөөс гомдол гаргасан тохиолдолд олон улсад танигдсан хамгийн шилдэг хуульчдаа явуулдаг. Тэдний дунд улс төрч, олон улсын зүтгэлтэн байх нь цөөнгүй. 

Энэ удаад гэхэд ӨАБНУ-ын бүрэлдэхүүнийг НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгчээр нэг бус удаа ажилласан Жон Дугард ахалж байгаа бол Израилын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Британийн хуульч Малкольм Шоу тэргүүлж байна.

Хэн шүүх вэ

НҮБ-ын Олон улсын шүүх 15 шүүгчтэй бөгөөд есөн жилийн хугацаатай томилдог. Шүүгч нь мэдээж, НҮБ-ын гишүүн улсынх байна. Эдгээр 15 шүүгчийн иргэншилтэй улсаас өөр улс Шүүхээр орсон тохиолдолд шүүхээр орж буй улсын төлөөлөл болгон нэг шүүгчийг түр зуур томилдог. Одоогоор НҮБ-ын Олон улсын шүүхийн 15 шүүгчийн дотор ӨАБНУ, Израилиас хүн байхгүй тул түр шүүгч /ad hoc/ томилно. ӨАБНУ-аас Үндсэн хуулийн цэцийн дэд дарга Дикганг Мосенеке, Израйлаас Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Аарон Барак нар томилогдоно. 

Ямар үндэслэлээр буруутгав

ӨАБНУ гурван үндэслэлээр буруутгаж буй. Эхнийх нь мэдээж, Израиль улс Газын зурваст цэргийн ажиллагаа явуулахдаа палестин иргэдийн аминд хүрч, эрхийг нь зөрчиж буй. Үүнийгээ шашин шүтлэг, арьсны өнгө, үндэстнээр ялгаварлах байдлаар хийж байгаа учир геноцидын шинжийг агуулсан гэж үзсэн байна. Хоёрт, Израйлын Засгийн газар энэ үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа. Гуравдугаарт, геноцид хийсэн хүмүүст хариуцлага тооцоогүй. Ийм гурван үндэслэлээр буруутгажээ. 

Израил, ХАМАС-ын дайн өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр ХАМАС бүлэглэл пуужингаар цохилт өгснөөс болж эхэлсэн гэдэг. Харин ХАМАС “Аль Акса”-г үерт автуулах нэртэй эл ажиллагаагаа “Израильчууд булаан эзэлсэн Зүүн Йерусалимын хэсэгт орших “Аль Акса” сүмийн ойролцоох палестинчуудыг хүчирхийлсний хариу гэдэг юм. 

Дайн эхэлснээс хойш Газын зурвасын палестинчуудаас 23,200 гаруй хүн амиа алдсан бол Израилын талын хохирол 1200 орчим гэж тооцогдож байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.