Зэс хайлуулах эхний үйлдвэр Эрдэнэтэд, хоёр дах нь Оюутолгойд баригдана

Zuv.mn
2024/02/05

"Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал" форум хоёр өдөр болж өнгөрсөн билээ. Энэхүү чуулганаас нэгэн чихэнд чимэгтэй мэдээ сонсогдсон нь "Эрдэнэт" УБҮ-ийг түшиглэн байгуулахаар төлөвлөж буй зэс боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил энэ жил дуусах тухай байв. 

Жил гаруйн өмнө Г.Ёндон сайдтай ярилцаж ахуйд сайд Монголд зэс хайлуулах үйлдвэр баригдаагүйн шалтгааныг "Өмнө нь үйлдвэр технологийн парк буюу дэд бүтцийнхээ ажлыг хийдэггүй байсан юм. Боловсруулах үйлдвэр байгуулахад дэд бүтцээ шийдэх нь хамгийн чухал байдаг. Ус, цахилгаан, төмөр зам, автозам, дулаан энэ бүгдийг нэг талбайд татаж авч ирэх шаардлагатай" гэж ярьж байсан юм. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон бүсчилсэн хөгжлийн чуулганы үеэр Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны Зэс хайлуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэд хорооны дарга Х.Бадамсүрэн "Үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийг татах ажил /эрчим хүч, ус, авто болон төмөр зам/ 2024 онд дуусна, энд Монголын анхны зэс хайлуулах үйлдвэр баригдана" хэмээн ярив. 

Зэс хайлуулах үйлдвэрийг ҮТП маягаар байгуулах, дэд бүтцийг нь бүтээн байгуулах зөвшөөрөл 2021 оны тавдугаар сард гарч байсан, тооцоо судалгаа, зураг төсөв нь батлагдтал жил гаруй болсон гэхээр үндсэндээ хоёр жилийн дотор дэд бүтцээ бэлэн болгожээ. ҮТП гэдэг бол зэс боловсруулахаас гадна, боловсруулсан зэсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер үйлдвэрүүд байгуулагдана гэсэн үг. Ингэж чадвал "Эрдэнэт" үйлдвэрийн олж байгаа тэрбум ам.доллар кластер үйлдвэрүүдээрээ дамжаад дөрөв дахин нэмэгдэх  боломжтой аж.  

Гол нь Х.Бадамсүрэн дарга дээрх мэдээллийг маш товчхон дурдаад, "Одоо зэс боловсруулах хоёр дахь үйлдвэрийг байгуулах ажлын хэсгийг ахалж байна" гэдэг дээр акцент өгсөн нь нь "Эрдэнэт" дээр баригдах үйлдвэрийн асуудал бат болжээ" гэсэн итгэл төрүүлсэн хэрэг л дээ. 

"БНХАУ-ын Шинжаан Уйгурт туршилтын үйлдвэр барьж байгаа, тодорхой хугацаанд үйлдвэрлэлийн туршилт явуулаад гарсан үр дүнг ТЭЗҮ-д тусгаж, улмаар үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлнэ" гэсэн маш тодорхой мэдээлэл өмнө нь олж үзсэн мөртлөө л баярласан нь, Монголд боловсруулах үйлдвэр ямар нэг тодорхойгүй шалтгаанаар ашиглалтад орохгүй байдгаас үүдсэн айдас байгаагийн шинж л дээ. Зэс хайлуулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний тав дахь үүсгүүрийн аль нэг нь амжилттай дуусаж, ашиглалтад орж байж л арилах мэт мэдрэмж төрүүлдэг энэ айдас харин удахгүй арилах бололтой. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан авто машины эрин эхэлсэн, Монгол Улс хөгжиж, бүтээн байгуулалтдаа хэрэглэх зэс бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх сонирхол нэмэгдсэн зэрэг нь төслийг амжилттай дуусгах нэмэлт хүчин зүйл болж байна.  

Х.Бадамсүрэн даргын хэлснээр, зэс боловсруулах хоёр дахь үйлдвэр Оюутолгой дээр баригдана. "Цагаан суварга", "Хармагтай"-н орд ч тун удахгүй, ирэх жилээс уурхай болж, манай улсын олборлох баяжмалын хэмжээ гурван саяд хүрэх төлөв байгаа юм байна. 

Засгийн газраас цаашдаа бусад ашигт малтмал, тухайлбал, нүүрс, төмөр, газрын ховор элементийн ордууд дээр ч ингэж олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг кластер байдлаар хөгжүүлэх бодлого барьж байгаа аж.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.196
    2024/02/05

    Аштай Юу даа сайхан мэдээ байна. Туршлага мэдлэгтэй сайн инженер хүн удирдаж байгаа юм байна. .БадамСүрэн гуайд амжилт хүсье

    Хариулах
  • 66.181.189.21
    2024/02/05

    ашгүй дээ

    Хариулах