Д.Мөнх-Эрдэнийг хэн “сумлав”

Zuv.mn
2024/02/26

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хаяглаж, нэлээд ширүүн, дориун үгтэй лайв хийжээ. Түүндээ “Хоригдож байхад намайг зовоож байсан, тэндээ тэр чигээр нь дуусгачихгүй яасан юм бэ” гэсэн утгатай үгсийг хэлсэн байна.

 “Хоригдоод халирч шантарсан байх вий” гэж санаа зовж байсан дэмжигчид нь энэ эрс шийдмэг байдлыг нь хараад баярлаж, хөөргөж магтсан сэтгэгдлүүдийг ч харамгүй бичиж байгаа бололтой. Гэхдээ, учир мэддэг хүмүүс түүний энэ байдлыг МАН-ын дотоод тэмцэлд хутгалдан орсны шинж хэмээн сэтгэл дундуур хүлээж авч байна. Шуудхан хэлэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ам өчиг өгсөн гэж тааж байгаа юм.

Эргэн харвал, Д.Мөнх-Эрдэнэ Анхан шатны шүүхээс улсад 82 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, нээлттэй хорих ангид гурван жил 10 сар хоригдох, 2.7 сая төгрөгөөр торгуулах ял шийтгэгдсэн бөгөөд давж заалдсанаар хорих ялаа нэг жил 10 сар болгон бууруулсан байдаг. Улмаар Тусгаар тогтнолын баяраар Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан гэж хэвлэлүүд мэдээлсэн. Түүнийг суллагдсаны дараа УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай сошиал хуудастаа лайв хийж, “Хэн хэн рүү захиа бичиж гэнэ вэ, юм сонсогдоод байгаа шүү” хэмээн хэлж байлаа. Энэ сануулгын учир ч өнөө өглөөний ярианаас нь тодорхой болж байна. Мань хүн харин уучлалын талаар ярьсангүй. "Яс суугаад магадлангаар суллагдсан" гэж авав. 

МАН-ын дотоод тэмцэл үе хооронд явагдаж байгааг улс төр сонирхдог хүмүүс бүгд мэдэж байгаа. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй нэг үе, У.Хүрэлсүх, Сү.Батболд тэргүүтэй нэг үе хоорондоо тэмцэлдэж, УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэлт дээр давуу тал олж авахаар цусгүй дайн өрнүүлж буй. Ерөнхийлөгч чухам энэ тэмцэлдээ ашиглаж, эсрэг талаа хүчгүйдүүлэх зэвсэг болгож ашиглахаар Д.Мөнх-Эрдэнийг уучилсан байж магадгүй. 

Заавал батлах гээд байх ч шаардлагагүй, цаашдаа харагдана.
Тэрбээр МАН-ыг чөлөөтэй муулсан боловч гол сумаа Х.Нямбаатар руу чиглүүлсэн, харин сөрөг хүчнийг бол чухам гөвж өгсөн. Энэ хаврын улс төр нам хооронд гэхээсээ МАН-ын үе хооронд байх нь, тэр тусмаа гол бай нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар байх юм байна гэдэг дохиог Д.Мөнх-Эрдэнэ ийнхүү өгөв. 

Эрх баригч нам хоорондоо тэмцэх, хэн ялах нь ард түмэнд нэг их хамаатай бус. Улс төр угаасаа бохир тоглоом. Гэхдээ ард түмний итгэлийг авч сонгогдсон эрх баригч нам Монголын том, том ордуудад эзэн суусан олигархи бүлэглэл, түүнийг өөрчлөхөөр зориглосон залуу үе гэсэн хоёр талд хуваагдаж, энэ тэмцэлдээ хүмүүсийг ашиглаж, шорон оронд оруулж, суллаж, хувь заяагаар нь тоглож байгаа нь хамгийн харамсалтай байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.214
    2024/02/27

    МӨНГӨНД ЯВЖЭЭ

    Хариулах
  • 103.11.192.34
    2024/02/26

    jinger nohoi hustaj bai jingiin stuvaa yvj l bai

    Хариулах
  • 43.242.243.11
    2024/02/26

    Энэ угаасаа тай сонсхоос дургүй хүрч байна зайл

    Хариулах