САЙН МЭДЭЭ: Бодлогын хүүг бууруулж, малчдын зээлийн төлөлт доголдсон хэсэгт бүтцийн өөрчлөлт хийлээ

Х.Батсайхан
2024/03/16

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж,  бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулжээ. Мөн  малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгасан байна. 

Дээрх  шийдвэрийг гаргахад эдийн засгийн гадаад, дотоод орчны дараах нөхцөл байдал, ирээдүйн төлөв голчлон нөлөөлжээ. Үүнд:

  • Геополитикийн хурцадмал байдал үргэлжлэхийн зэрэгцээ дэлхийн томоохон төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, харин ирэх жилээс эргэн өсөх хүлээлттэй байна.
  • Түүнчлэн, БНХАУ-ын эдийн засгийн төлөвийн талаарх шинжээчдийн хүлээлт сайн биш байгаа нь эрдэс бүтээгдэхүүний үнийн төлөвт сөрөг хүлээлтийг үүсгэж байна.

Дотоод эдийн засгийн тухайд, идэвхжил нэмэгдэж, бодит эдийн засаг 2023 онд 7.0 хувиар өслөө.

  • Тэр дундаа, хөдөө аж ахуйн салбарыг хасаж тооцвол бусад салбаруудын нийлбэр өсөлт 9.8 хувьтай байлаа.
  • Үүн дотроо, нүүрсний экспорт 67 сая тоннд хүрч, уул уурхай, түүнийг дагасан тээврийн салбарын үйлдвэрлэл эрчимжсэн нь өсөлтийн дийлэнх хувийг бүрдүүлэв.
  • Цалин, тэтгэвэр өсөж, дотоод эрэлт нэмэгдсэнээр худалдаа, үйлчилгээ, мэдээлэл холбоо, бүтээгдэхүүний цэвэр татварын орлого мөн сайжирлаа.

Дээрх эерэг нөхцөл байдлын нөлөөгөөр инфляци үргэлжлэн буурч,  2024 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 7.0 хувь, Улаанбаатар хотод 7.2 хувьтай гарлаа.

  • Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хагас жилийн хугацаанд чангарч, гадаад худалдааны түнш орнуудын инфляц буурсан нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулав.
  • Түүнчлэн, 2022 оны сүүлийн саруудад өндөр өсөлттэй байсан гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ тогтворжих хандлагатай байгаа боловч, нийт инфляцын 1.1 нэгж хувийг бүрдүүлсэн хэвээр байна.
  • Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, тээвэр, гадаад үнийн дарамтууд багасаж, инфляцын төсөөлөл өмнөхөөс буурлаа. Инфляц энэ онд Төв банкны зорилтын дээд интервалын орчимд байж, 2026 оны сүүлийн хагасаас зорилтын голч руу буурах суурь төсөөлөлтэй байна.
  • Гэхдээ цалин, тэтгэврийн өсөлт, ногдол ашиг олгох, зудын нөхцөл байдал хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргээд өсөх эрсдэл байгааг дурьдах нь зүйтэй.

Гадаад бондын өндөр дүнтэй төлбөрүүд хийгдсэн хэдий ч экспортын орлого өсөлттэй, нөгөө талаар мөнгөний хатуу бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор валютын нөөц тогтмол өсөж байна. 

Тодруулбал, 

  • Гадаад валютын албан нөөц өнгөрсөн сарын /2024.II сар/ сүүлийн байдлаар 5.0 тэрбум ам.долларт хүрлээ.
  • Гэхдээ сүүлийн саруудад хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт эрчимжиж байгаа нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Энэ онд төсвийн зардлын өсөлтөөс гадна хэрэглээний зээлийн өндөр өсөлттэй холбоотойгоор импортын эрэлт нэмэгдэх нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөхөөр байна.
  • Дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн цаашдын хандлага ч бас төлбөрийн тэнцэлд нөлөөлнө.

Гадаад эрэлт өндөр хэвээр байж, уул уурхай болон түүнээс хамааралтай салбаруудын өсөлт хадгалагдахаар байгаа хэдий ч, зудын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын уналт энэ онд үргэлжилж, эдийн засгийн өсөлтийн төлөв муудах хүлээлттэй байна. Суурь төсөөллөөр 2024 онд эдийн засгийн өсөлт 4 хувиас бага гарч болзошгүй. Гэхдээ хөдөө аж ахуйн салбараас бусад салбарын өсөлт 6.0 хувьд хүрэхээр байна.

Инфляц ийнхүү буурч, зорилтын интервалд тогтворжихоор байгаа орчинд мөнгөний бодлогын төлөв удаан хугацаанд хатуу хэвээр хадгалагдах нь эх үүсвэрийн хүү, зээлийн нийлүүлэлтээр дамжин хувийн хөрөнгө оруулалтыг сааруулах, дунд хугацааны эдийн засаг, бизнесийн идэвхжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Түүнчлэн, зудын нөхцлөөс шалтгаалан малчдын зээлийн эргэн төлөлт доголдож, төлбөрийн чадварын хүндрэлд орох эрсдэл үүсэж болзошгүй байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах, малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.

Монголбанкны зүгээс цаашдаа эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.30
    2024/03/23

    Малчин биш хүмүүс бас л хохирч байгаа. Улсаас нэг ч удаа ямар нэгэн тэтгэлэгт орж байгаагүй шүү. Татвараа л харин улам ихсэж ядуурал руу түлхэж байгаа #МАН_АН нэг мөсөн зайлцгаа та нар

    Хариулах