Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Ирэх зургадугаар сард зохион байгуулах УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү. Цаг хугацааны хуваарийн дагуу одоогоор ямар ажлуудыг хийж гүйцэтгээд байна вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг батлан хэрэгжүүлж байна. Үндэсний Аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нам эвсэл болон тойрогт нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлээд байна. Мөн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ сарын 1-ний өдрөөс сонгуулийн хэсгийг байгуулан, холбогдох мэдээллийг байгуулсан өдрөөс хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар хэлтэст хүргүүлнэ. Өнгөрсөн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлт, онцлог, хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн намын гишүүд дэмжигчид болон төрийн холбогдох байгууллагын албан хаагчдад сургалт, уулзалтуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
-Энэ гуравдугаар сард төлөвлөгөөт ямар ажлыг хийж гүйцэтгэх вэ?
-Цаг хугацааны хуваарьт заасны дагуу сонгуульд оролцох нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө хүргүүлнэ. УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тул Сонгуулийн ерөнхий хороо холбогдох журам, зааврын төсөл боловсруулж, батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтыг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн. Сургалтад төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамруулан гэрчилгээ олгосноор сонгуулийн хороодод ажиллах боломжтой болно.
-Сонгуулийн хэсэг болон сонгуулийн хороо өмнөх жилүүдийнхээс ямар онцлог, давуу талтай байх вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах гэж байна. УИХ-ын 78 гишүүнийг мажоритар буюу олныг төлөөлөх, 48 гишүүнийг пропорционал буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Монгол Улсын Их Хурлын өнгөрсөн оны намрын чуулганаар сонгуулийн тойргийг 13 тойрог байхаар тогтоосон. Сонгууль холимог тогтолцоогоор явна. Сонгуулийн тойрог 13 болсон тул сонгуулийн хэсгийн тоо 2020 оныхоос нэмэгдэж байгаа. Сонгуулийн хороодын хувьд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллана.
-Энэ удаагийн сонгуулийг анх удаа томсгосон тойргоор зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой. Томсгосон тойрогтой холбоотойгоор онцлох бэлтгэл ажил юу байна вэ. Хүндрэлтэй асуудлууд ч байгаа байх?
-Тойрог том болсонтой холбогдуулан тойрогт ногдох мандатын тоо мөн нэмэгдсэн. Нэр дэвшигчдийн тоо 150 болж байгаа учраас сонгуулийн саналын хуудасны хэмжээ тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Мөн сонгогч саналаа өгөхөд зарцуулах хугацаа ч нэмэгдэхээр харагдаж байна. Иймд Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлыг хангах зорилгоор ажлын чиг үүргээс хамаарсан таван Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
-Томсгосон тойрогт сонгогчид саналаа өгөх байршлыг хүндрэлгүй байх үүднээс хэрхэн тооцоолж, бэлтгэж байгаа вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо тойрог томссон, сонгогчдын санал өгөх хугацаа нэмэгдэж байгаатай холбогдуулан сум, дүүргийн ИТХ-д хандан хэсэгт байх сонгогчдын тоог хуульд заасан дээд хязгаарт хүргэлгүй хэсгээ байгуулах талаар зөвлөмж чиглэлийг өгсөн. Улсын бүртгэлийн байгууллага ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн өөрийн цахим хуудастаа сонгогчдын нэрийн жагсаалтыг байрлуулж иргэдийг танилцах боломжоор хангадаг. Иргэд уг сайтаар нэвтэрч ороод өөрийн мэдээлэл үнэн зөв байгаа, хаана санал өгөхөө харахаас гадна, өөрийн хаягт байгаа санал өгөхөөр бичигдсэн сонгогчдын мэдээллийг шалгах боломжтой. Хэрэв зөрчил байвал санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бүртгэлийн газарт хандан засуулах хэрэгтэй. Санал авах байрны хувьд урьд өмнө нь иргэдийн саналаа өгч сурсан сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг байгууллагад байрлана.
-Олон хүн нэр дэвшиж байгаа учраас саналын хуудасны загварт өөрчлөлт оруулж таарна. Ямар байдлаар өөрчилж байгаа вэ?
-Саналын хуудас агуулга хэлбэрийн хувьд сонгогчдоос саналаа илэрхийлэхэд хялбар ойлгомжтой байна. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас нэг хуудастай хоёр хэсэг байх юм. Нэг хэсэг дээр нь мажоритар сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгөх саналыг тэмдэглэх, нөгөө хэсэгт нь пропорциональ сонгуулийн тойрогт нэр дэвшигчдэд өгөх саналыг тэмдэглэх ёстой. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн нэрс тодормогц саналын хуудасны загварыг батлан хэвлүүлнэ.
-Нэр дэвшигчдийн тооноос шалтгаалан саналын хуудас том байх бөгөөд сонгогчид төөрөлдөж саналын хуудсаа хүчингүй болгох эрсдэлтэй. Үүнд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсвэл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно гэж заасан. Манай байгууллагын хувьд иргэдэд энэ талаар мэдээлэл өгөх зорилгоор санал авах өдөр хүртэл санал тэмдэглэх зааврыг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сурталчлах, бас сонгогчдод энэ талаар таниулж, мэдээлж байх талаар сум, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороодод чиглэл өгч ажиллана.
-Энэ удаагийн сонгуулиар санал тоолох төхөөрөмж буюу хар машин нэмж авах тухай яригдаж байсан. Хэчнээн машин авах шаардлагатай байгаа вэ?
-Улсын хэмжээнд хүн амын өсөлт, шилжин суурьшилттай холбоотой баг, хороод шинээр нэмэгддэг. Үүнийг дагаад сонгогчдын тоо, хэсгийн хороодын тоо мөн нэмэгдэж байгаа. Бид сүүлийн жилүүдийн судалгаанд үндэслэн санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган ажиллах шаардлагатай байдаг. Энэ удаагийн ээлжит сонгуулийн хүрээнд санал тоолох 500 ширхэг төхөөрөмж худалдан аваад байна
-Хяналтын тооллогыг 100 хувь хийж гүйцэтгэхээр болсон. Энэ тухайд ямар байдлаар зохицуулалт хийж байна вэ. Олон нийтийн хяналт ямар байх вэ?
-Сонгуулийн санал авах өдөр санал хураалтын үйл ажиллагаа хуулийн хүрээнд шударга явагдаж байгаа эсэхийг хянах зорилгоор санал авах байр бүрд хяналтын камер байрлуулдаг. Мөн дараагийн хамгийн чухал зүйл бол хяналтын тооллого юм. Хяналтын тооллогыг тасралтгүй, ил тод, нээлтттэй байдлаар зохион байгуулна. Өмнөх сонгуулиудад хяналтын тооллогод нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцдог байсан. Энэ сонгуулиар хяналтын тооллогын үйл явцыг ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын болон сонгогчдын төлөөлөл оролцон хянаж болно. Хэсгийн хорооны ажилтнууд тоолж буй саналын хуудсаа эдгээр хянагчид харагдахуйц байдлаар уншиж танилцуулах ёстой. Энэ үйл явц нь хяналтын камерт бичигдэн баталгаажна.
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг хэрхэн яаж зохион байгуулах вэ. Тухайн иргэд санал өгөх хүсэлтээ хэдэн сарын хэдний дотор, хаана албан ёсоор мэдэгдэх ёстой вэ?
-Гадаад улсад байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт санал авах байр буюу сонгуулийн салбар комиссыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр байгуулна. Салбар комисс санал авах байрын хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлж, өрийн улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэж, бүртгэлийг төв комистоо хүргүүлнэ. Мөн санал авах байрыг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулна. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд ирэх тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн зургадугаар сарын 14-ний өдрийг дуустал өөрийн байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газарт утас, цахим, шуудан, факсаар эсвэл биечлэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. Ингэж бүртгүүлснээр гадаад улсад байгаа сонгогчдын саналаа өгөх эрх нь үүснэ. Салбар комисс санал авах байрын хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлж, өөрийн улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэж, бүртгэлийг төв комистоо хүргүүлнэ.
-Ер нь гадаадад байгаа иргэдийн саналыг ямар шалтгаанаар дөрөв хоногийн хугацаанд зохион байгуулахаар болсон бэ. Энэ өөрчлөлт ирцэд нөлөөлөх болов уу?
-Өмнөх сонгуулийн хуулиудад гадаадад байгаа иргэдээс хоёр өдөрт санал авдаг байсан. Энэ нь тухайн байгаа улсын цагийн бүс, хол ойроос шалтгаалаад иргэдийн ирц тааруу байсан гэж үзэж байгаа учраас санал авах өдрийг дөрөв хүртэл өдөр болгож уртасгасан.
-Уг нь сонгуулийн зардлыг бууруулах зарчмаар хуульд өөрчлөлт оруулсан шүү дээ. Бодит байдал дээр зардлын хэмжээ их байна гэх шүүмжлэл гарч байна?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд өнгөрсөн оны зургадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарчим бол зардал бууруулахад чиглэсэн. УИХ-ын намрын чуулганаар батлагдсан тойргоос хамаарч Үндэсний аудитын газар зардлын дээд хязгаарыг баталсан. Энэхүү баталсан зардлын дээд хэмжээний тоон дүнг харахад 2020 оны зардлын дээд хязгаараас их хэмжээгээр өссөн дүн харагдахгүй байгаа юм. Тухайлбал, нэгдүгээр тойрог болох Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт 2020 онд зарцуулах зардлын дээд хэмжээний нийлбэр 1271.9 төгрөг байсан бол энэ онд 1378.9 төгрөг болсон байна. Мөн Баянзүрх дүүрэгт 2020 онд зарцуулах зардлын дээд хэмжээ 1376.1 байсан бол энэ онд 1164.5 төгрөг болсон нь буурсан харагдаж байна. Энэ дүнгээс харвал хуульд заасан сонгуулийн зардлыг бууруулахад чиглэх гэсэн хуулийн заалтын зарчим хэрэгжиж байна.
-Сонгуулийг танайхтай хамтарч зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын тухайд ямар нэгэн өөрчлөлт орсон уу. Шинэ байгууллага нэмэгдэж байгаа юу?
-Сонгуулийн үйл ажиллагааг зөвхөн Сонгуулийн ерөнхий хороо дангаар зохион байгуулдаггүй. Нийт 31 төрийн байгууллага өөр өөрийн чиг үүргийн хүрээнд сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцдог. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналт, оролцооны талаар иргэний нийгмийн 30 гаруй байгууллагатай уулзалт зохион байгуулж цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцон энэ оны ажлын чиглэл, төлөвлөгөөндөө оруулан ажиллаж байна.
-Сонгогчид энэ удаагийн сонгуулиар, санал өгөх үедээ юунд анхаарах ёстой вэ?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгавал зохино гэж заасан. Иймд бүртгэлийн байгууллагын цахим хуудаст нэвтрэн өөрийн мэдээллээ заавал шалгаарай. Мөн сонгуулийн санал авах байранд очоод хэн нэгнийг сонгох бус, тухайн тойрогт нэр дэвшиж буй хүн, нам эвслийн мөрийн хөтөлбөрийг урьдчилж сайтар судалсан байх нь их чухал.
-Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх зорилгоор залуу сонгогчид, уул уурхайн зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо залуу сонгогчдод зориулан “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дээрээс нь уул, уурхайн компаниудад ажилчдынхаа сонгох эрхийг эдлүүлж сонгуульдаа идэвхтэй оролцуулахыг сануулсан уулзалт, хуулийн танилцуулга зэргийг хийж байна.
-Сонгуульд оролцох нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө ямар шалгуураар гаргах вэ, хэзээ, ямар байдлаар бүртгүүлэх билээ?
-Нам эвсэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцүүлэн, мөрийн хөтөлбөрт тусгагдаж байгаа санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээнд шаардагдагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа гэсэн гол шалгуурыг хангах ёстой.
Мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллага хянаж дүгнэлт гаргадаг. Мөн Сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал зэргийг тусгахыг хориглодог.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна