"Ураны хэлэлцээр үргэлжилж байгаа" гэж үнэн үү

Zuv.mn
2024/05/02

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр  "Францын төрийн өмчит “Орано майнинг” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа" гэсэн мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл гадаад эх сурвалжууд хэлэлцээр зогсонги байдалд орсон талаар мэдээлсээр байгаа юм.   

Хөрөнгө оруулалтын гэрээний тухай

Хөрөнгө оруулалтын гэрээ нь Засгийн газар Дорноговь аймгийн нутагт орших Дулаан Уул /7,6 мянган тонн нөөцтэй/, Зөөвч-Овоо /93.2 мянган тонн/ ордыг Францын төрийн өмчит “Орано майнинг” компанитай хамтран ашиглах төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдэх асуудлаар байх юм. Тэгвэл энэхүү гэрээ байгуулах ажил нэлээд хугацаагаар хойшлогдож магадгүй гэсэн мэдээлэл Блүүмберг агентлагт гарсан юм.  Илья АрхиповСами Адгирни нар уг мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан гэх бөгөөд зөвхөн гэрээ батлах хугацаа хойшлоод зогсохгүй, шинэчлэн боловсруулах хэрэг гарч магадгүй байгаа талаар дурдсан нь анхаарал татсан. 

Тэгвэл Д.Амарбаясгалан сайдын хэлсэнчлэн, "Төслийг олон талаас нь харж, нарийн судлах шаардлагатай" гэх одоогийн нөхцөл байдлын тодорхойлолт нь Блүүмбергийн мэдээлэлтэй бараг тохирч байна. Учир нь, өмнө нь гэрээний талаарх албан ёсны мэдээлэлд бараг байнга дурдагдаж ирсэн, гэрээг эцэслэн батлах хугацааг багцаа байдлаар ч атугай хэлдэг жишиг алга болсон байна. 

Засгийн газар уг хөрөнгө оруулалтын гэрээний бэлтгэл ажлыг өнгөрсөн зунаас хангаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийхдээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурсан байдаг. 

Протоколд хөрөнгө оруулагчийн групп нь Уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцэд зориулж Төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт буюу Монгол Улсын иргэдэд ажлын байр шинээр бий болгох, мөн Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний хувь нэмэр оруулахуйц хөрөнгө оруулалтыг хийхээр тусгасан байсан юм. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.21
    2024/05/06

    ЕЕ пи энтер даржээ, ану болон еворпын холбооноос өгсөн болгоныг нийтэлсний төлөө хэдийг авсан нь ардчилсан улсын нууц, 2025 он их дайны жил байна, цэргийн эрдмээр бол ар талсаас хутга шаах хулагай нь газар бол бидний газар юуун уран ашигтай энэ тэр шал худал зүйл ер нь капитастүүт үхэхээс өмнө үхэр буугаа тавина гэдэг л юм шүү таминээ

    Хариулах
  • 202.9.40.21
    2024/05/06

    хурган тэнэг ард түмэнд. бид нүүрс зараад л хувааж идээд л дэлхийн дарга нар хайр дурлалаараа ирээд л явдаг мэт бичих юм. энд улс төр стратегийн ямар далд санаа яваа тухаЙ СЭТГҮҮЛЧ МУНХАГ ЮМ

    Хариулах