Пеле, Месситэй жишигдэж буй шинэ од Ламин Ямалийн талаар таны мэдэхгүй баримтууд

Zuv.mn
2024/07/15

Энэ Европын аварга шалгаруулах тэмцээнээр хөлбөмбөг сонирхогчдод хөлбөмбөгийн хаан агуу Пеле, Марадона, Л.Мессигийн зиндааны нэгэн шинэ тоглогч төрж байгаа юм байна гэсэн ойлголтыг баттай өгч чадсан Испанийн шигшээ багийн залуу тоглогч Ламин Ямалийн талаарх сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэж байна.

Угсаа гарал, бага нас

Ламин Ямаль /Лами́н Яма́ль Насрауи Эбана/ 2007 оны долдугаар сарын 13-ны өдөр Испанийн Каталон мужийн Матаро хэмээх жижиг хотод морокко аав, экваторын гвиней ээжийн хүү болон мэндэлжээ. Насрауи гэж аавынх нь овог бол Эбана гэж ээжийнх нь овог гэнэ. Аав нь хүүдээ хүүхэд ахуй насныхаа хоёр сайн найзын нэрийг нийлүүлэн Ламин Ямаль гэх нэр хайрласан гэнэ.

Залуу тоглогчийн гэсэн тодотголтой дээд амжилтуудыг эвдэв

Ламин Ямаль 2023 оны дөрөвдүгээр сард буюу 15 нас есөн сартайдаа “Барса”-гийн бүрэлдэхүүнд тогложээ. Тэрбээр талбайд гарсан цагаасаа л шагшин магтагдаж, “хамгийн залуу” гэсэн тодотголтой дээд амжилтуудыг эвдэж эхэлсэн бөгөөд хөлбөмбөгчийн зах зээлийн талаар хамгийн бодитой мэдээлэл хүргэдэг “Transfermarkt” 2023 оны аравдугаар сарын 13-нд түүний үнэ ханшийг 50 сая евро гэж зарласнаар тэрбээр хөлбөмбөгийн түүхэнд 16 настайдаа ийм өндөр үнэ хүрсэн анхны тоглогч болжээ. 50 сая евро гэдэг бол өөрийгөө нэгэнт баталж харуулсан супер одын үнэлгээ юм.


Бундеслигийн аварга загас “Байерн” түүний хойноос 14-тэй байхаас нь хөөцөлдөж, ирээдүйд багийнхаа гол тоглогч болгоно гэдгээ ойлгуулж байсан ч Ламин эцэстээ төрөлх Каталоны нүүр царай “Барса”-д үргэлжлүүлэн тоглохоор болсон байдаг. Тухайн үед “Байерн”-ы төлөөлөгч нар Ламин Ямалийн төлөөлөгч Иван де ла Пеньятай биечлэн уулзаж байсан гэдэг.

Тухайн үед Ямаль хараахан насанд хүрээгүй байсан тул түүнийг алдах бодит эрсдэл “Барса”-д байсан бөгөөд өнгөрсөн оны долдугаар сарын 13-нд, 16 нас хүрч, насанд хүрэгчдийн гэрээ байгуулах боломж үүссэн даруйд санал хүргүүлж, улмаар аравдугаар сард нь гэрээ үзэглэн айдгаа авартаа хийж авчээ.

Одоо аль нэг баг Ламин Ямалийг авлаа гэхэд бараг тэрбум евро зарлагадах шаардлагатай болсон байна.  


Морокко, Экваторын Гвинейн шигшээд тоглох боломж байв

Тэрбээр эрлийз гэдгийг эхэнд бичсэн. Экваторын Гвинейн хувьд, нөхцөл байдлыг бодитоор үнэлэн Лмины хойноос хөөцөлдөөгүй бол Мороккочууд түүнийг урвуулахаар идэвхтэй явжээ. Атлассын арслангууд шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд өнгөрсөн ДАШТ-ий шөвгийн дөрөвт үлдэж, Африкийн багуудаас ДАШТ-д хамгийн өндөр амжилтад хүрсэн баг болсон учраас Ламиныг авчихвал хар тивээс дэлхийн аварга төрүүлэх мөрөөдөлдөө хүрэхэд ойртоно хэмээн төсөөлж байв.

Мороккогийн шигшээ багийн скаут Раби Такасса “Түүнийг Испанийн шигшээгээс урвуулчихаач” гэсэн хүсэлтүүд бидэнд байнга ирдэг. Би түүнийг анх хараад л агуу тоглогч болно гэдгийг мэдсэн. Ур чадвар, тоглолтыг уншиж ойлгох ухаан, гоолын мэдрэмж… гээд бүхий л зүйл нь түүнийг түүхэн дэх хамгийн шилдэг жигүүрийн довтлогчдын нэг болж чадахыг нь баталж байлаа. Би түүн шиг залуудаа тэгж тоглож байсан нэг ч тоглогчийг өмнө нь хараагүй” хэмээн хэлсэн байна.

Испанийн өсвөрийн шигшээ багт дуудагдаад 10 орчим тоглочихсон, Луис де ла Фуэнтегийн Евро 2024 бүрэлдэхүүний урьдчилсан мэдүүлэгт багтсан байх үед буюу 2023 оны наймдугаар сард Мороккогийн хөлбөмбөгийн холбоо, шигшээ баг Ламинтай холбогдож, эцгийнхээ эх орны өмнөөс тоглох урилга гардуулсан аж. Ямаль энэ саналыг ямар хэмжээнд авч үзсэн нь тодорхойгүй. Гэхдээ есдүгээр сард нь Испанийн насанд хүрэгчдийн шигшээ багт анх удаа багтаж, Гүржийн эсрэг тоглохдоо гоол оруулсан явдал түүнийг Испанид үлдэхэд нөлөөлсөн байж тун магадгүй.

Ирээдүйтэй тоглогчийг нь Мороккочууд урвуулах гээд байгааг мэдсэн Испанийн хөлбөмбөгийн холбоо түүнд боломж олгосон ч байж мэдэх. Ямартай ч тэр Испанид үлдэж, түүх бүтээгээд байна.

Сургуульдаа сурдаг, “Евро 2024”-т оролцож байхдаа ч гэрийн даалгавраа хийж байв

Ламин Ямаль энэ тэмцээний үеэр зөвхөн тоглолтын үзүүлэлт, залуу насаараа ч олон нийтийн анхааралд өртсөн юм биш. Хөлбөмбөгийн аугаа тоглогчдод байдаг эерэг түүх байсан учраас л олон нийтийг тэгж хуйлруулсан юм.

Тухайлбал, тэрбээр дунд сургуулийн сурагч бөгөөд ЕАШТ-ий үеэр тоглолт, бэлтгэлийн чөлөөгөөр гэрийн даалгавраа хийж, шалгалтаа өгөн шаргуу хөдөлмөрлөж байсан. Мэдээж т эр сургуульдаа бараг очдоггүй ч цахимаар ерөнхий боловсролын агуулгыг бүрэн судалдаг аж.


Сая өгсөн шалгалт нь ESO стандарт хангах шалгалт байсан бөгөөд Ламин Ямаль даалгавраа амжилттай биелүүлж, тэнцжээ. Энэ нь өөрийнх нь хувьд ихээхэн чухал зүйл болохыг тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тодотгосон байна.


Өссөн нутагтаа элгэн хайртай хүү

Ямаль 50 хүрэхгүй мянган оршин суугчтай Эсплугес-де-Льобрегат хотод төржээ. Түүнийг төрөөд удаагүй байхад аав, ээж нь арай том Матаро хот руу нүүсэн байдаг. Тэнд очоод Рокафонд хэмээх нэртэй ядуусын дүүрэгт суурьшсан бөгөөд Ламин тэнд өсөж хүн болсон юм.

Өдгөө Ламин гоол оруулсныхаа дараа хуруугаараа агаарт 304 хэмээх тоог бичдэг бөгөөд энэ нь Ролкафондын шуудангийн индекс гэнэ. Хөлбөмбөгийн гутал дээрээ ч энэ тоог бичүүлжээ. Тэрбээр үүгээрээ өссөн нутагтаа элгэн хайртай, хэзээ ч мартахгүй гэдгээ илэрхийлдэг.

Түүнчлэн өмсгөл дээрээ Морокко болон Экваторын Гвинейн төрийн далбайг дүрсэлжээ.

Зургаан сартайдаа Мессигээр үйлчлүүлж, усанд оруулуулж байв

Хөлбөмбөгийн түүхэн дэхь агуу тоглогчид багадаа өмнөх үеийн агуу тоглогчтой ямар нэгэн байдлаар уулзаж учирсан байх тохиолдол бишгүй. Гэхдээ тэд зэгсэн том болж, хөлбөмбөгт дурласан хойноо тоглогчидтой уулзсан байдаг бол Ламин Ямаль сугалаанд хожих арга замаар зургаахан сартайдаа Лео Месситэй уулзжээ.

2007 онд Барселона багийн тоглогчид  хүмүүнлэгийн ажлын хүрээнд ЮНИСЕФ-ээс зохион байгуулсан “Diario Sport” хуанлийн зураг авалтад оролцсон аж.

Зураг авалтад оролцох хүмүүсийг тусгай сугалаа явуулж шалгаруулсан бөгөөд Лмин Ямалийн эцэг, эх тэр сугалааны ялагч болсноор хүүгээ Лео Месситэй уулзуулж байжээ.

Ламин Ямаль, ээж, Л.Месси

Эцэст нь, Ламин Ямаль мэргэжлийн гэрээ байгуулж, цалинтай болсон даруйдаа эцэг, эх, эмээдээ том байшин худалдаж авсан бөгөөд амьд байгаа үедээ гэр бүлийнхээ сайн сайхны төлөө бүхнийг хийнэ гэж хэлж байсан ачлалтай хүү аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна