Монголчууд олимпын наадмаар “амьсгалж” буй энэ өдрүүдэд Дархан хотноо “Дархан 88” дугуйн спортын уламжлалт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний үр дүн, сонин хачнаас та бүхэндээ хүргэж байна.
“Дархан 88” ямар тэмцээн бэ, 88-ын тоо ямар учиртай вэ
“Дархан 88” тэмцээн бол шинэлэг байдал, уралдааны замын орчин нөхцөлөөрөө одоо Монголд болж байгаа тэмцээнүүдээс хамгийн сонирхолтой гоё тэмцээн гэгддэг юм байна. Зохион байгуулагчид ч улам илүү сонирхолтой байлгах тал дээр санаачилгатай байж, өөрсдийн болон Монголын дугуйн холбооны урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан тэмцээндээ жил бүр шинэ, сонирхолтой төрлүүдийг оруулж ирдэг аж.
Жишээ нь, өнгөрсөн жил уулын дугуйн downhill, uphill төрлүүдээр зохиогдсон бол энэ удаад олимпийн жилийг харгалзан, дугуйн спортыг сонирхож хичээллэгсдийн тоог өргөжүүлэх зорилгоор сонирхогчдын дунд насны олон ангилал /Тамирчид 15-18, 19-29, 30-39, 40-49, 50-59, 60+ гэсэн насны зургаан ангилалд уралдсан/ гаргасан байв.
Ингэснээр Монголоо дуурсгаж явсан алдартай ахмад тамирчид, анх сонирхон хичээллэж буй өсвөр үеийнхэн, элит буюу одоо ид амжилт гаргаж байгаа мундагууд нэг дор уралдаж, спортын халуун өрсөлдөөнөөс гадна тамирчид, сонирхогчид, залуу, дунд, ахмад үеийнхний туршлага солилцох уулзалт, нэг ёсны баяр болдог юм байна.
Бөөн гараатай уралдаан эхлэх мөч /VIII.04/
Энэ жилийн тэмцээнд “Москва 1980” олимпын наадамд оролцсон МУГТ Д.Цолмон, дугуйн спортын домог Ц.Даржаа агсны хүү, Мастеруудын Азийн АШТ-ий хошой аварга, нэг Азийн аваргаас хоёр алтан медаль хүртсэн анхны монгол дугуйчин Д.Энх-Од, Монголынхоо нэрийг олон улсад гаргаж явсан ОУХМ Д.Зинадугар зэрэг алдартнууд ирж уралдан тэмцээнийг чимсэн.
Тэмцээнд оролцогсдын дүгнэснээр бол “Дархан 88” бол Монголд болдог тэмцээнүүдээс хамгийн сонирхолтой гоё замд болдог тэмцээн гэнэ. Тамирчдыг засмал замаас гадна уул, тал, хөндий бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн замаар уралдуулдаг. Гол ч гатлуулдаг гэсэн. Өөрөөр хэлбэл, тамирчин хүний замд таарч болох бүх л бартаа саадыг багтаасан байдгаараа оролцогчдын сонирхлыг татдаг байна.
Уралдааны зам ой дундуур дайрдаг...
Харин 88 тооны тухайд, Дархан хотын төвөөс гарааны зурвас хүртэл найм, уралдааны 80 км нийлээд 88 км зайд уралддаг учир нэрэндээ оруулсан гэнэ. Гэхдээ өсвөр үе, ахмад тамирчдын зай арай богино байх нь мэдээж. Энэ жилийн тухайд, элит тамирчид 88, бусад насныхан 68 км зайд уралдацгаасан юм.
Ус өгөх цэг...
Дээр бичсэнчлэн, энэ жил Монголын дугуйн холбоо, Дархан Уул аймгийн дугуйн холбоо, “Дугуйтай Дархан” клуб энэ жил сонирхогчдыг түлхүү оролцуулсан. Тиймээс спортынхоо онцлогийг илүү ойлгуулах зорилгоор багийн уралдааныг эхний өдөр зохион байгуулсан. Дугуйн спорт бол багийн спорт билээ. Эхний өдөр зохион байгуулсан багийн уралдаанд 14 насны ангилалд эмэгтэйчүүдын 12 баг, эрэгтэйчүүдийн 34 баг өрсөлдлөө.
Тэмцээн бол өрсөлдөөнөөс гадна эв нэгдэл, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг
Дугуйн спорт бол хүний тэсвэр тэвчээр, нөөц бололцоог шавхах тал дээр марафон гүйлттэй эн зэрэгцэхүйц гахамшигтай спорт гэдгийг олон уншигчид “Парис 2024” олимпын наадмын 272,1 км-ийн уралдааныг үзэж, С.Жамбалжамцыгаа дэмжихдээ ойлгосон болов уу. Тэр ч утгаараа түрүүлэх биш, барианд орох, өөрийгөө ялах гэдэг агуулга бусад спортоос илүү үнэ цэнэтэйгээр оршиж байдаг.
Зохион байгуулах хороо тэр тусмаа энэ жил сонирхогчид руу илүү анхаарал хандуулж, спортынхоо хүрээг тэлэхэд анхаарсан учир тэмцээнийг нь хүндэлж, ирж уралдаад барианд орсон бүх тамирчдад дусгалын медаль гардуулсан нь сайхан санагдлаа. Тэмцээнд өрсөлдсөн 13-76 насны 300 гаруй тамирчдын ихэнхийнх нь хувьд “Дархан 88” тэмцээний медаль анхных нь болсон байх.
Тэмцээнийг санаачлагч, ЗБХ-ны гишүүн, "UBCC" клубын тэргүүн С.Батмөнх финиш медаль гардуулж байна
“Дугуйн спорт сайхан ч хүнд, хэцүү. Хичээллэгчдээс тэсвэр тэвчээр шаарддаг. Тиймээс оролцогчдын урмыг хугалж болохгүй” гэж тэмцээнийг санаачлагч, “UB Cycling club”-ын тэргүүн С.Батмөнх өгүүлсэн.
Энэ жилийн “Дархан 88” ийнхүү сүр жавхлантай гараа, халуун өрсөлдөөн бас ч үгүй эрсдэлтэй уралдааны замд өрнөсөн халуун өрсөлдөөн, баяр хөөр дүүрэн бариа, уралданы дараах амсхийлт, хоол ундтай яриа хөөрөө гээд дутуу юмгүй сайхан болж өндөрлөсөн юм. /Тэмцээний дүнг энэ холбоосоор орж үзнэ үү/.
Бариа...
Тэмцээн эхэлсэн өдрийн орой дугуйн спортынхон халуун ам бүлээрээ цуглаж, олимпын шууд дамжуулалт үзэн С.Жамбалжамцыгаа дэмжсэн нь тэдний хувьд энэ тэмцээнээс үлдэх бас нэгэн тод дурсамж байх нь гарцаагүй.
Монголын дугуйн спортын хамгийн том тэмцээн Дарханд болно
Дархан хот хэзээнээсээ л дугуйн спортын хөгжлөөрөө улсдаа дээгүүрт ордог, алдартай тамирчид олноороо төрж гардаг уламжлалтай нутаг юм байна. Өдгөө Дархан-Уул аймгийн Дугуйн холбооны тэргүүнээр З.Бадрал хэмээх эрхэм ажиллаж, баг хамт олныхоо хамтаар өмнөх уламжлалыг тасалдуулахгүй, улам дээшлүүлэхийг хичээж яваа ажээ.
Тэмцээн зохион байгуулах нь зардал өндөртэй ч холбооны үйл ажиллагаа нь идэвхитэй, олон тэмцээн зохион байгуулдаг. Аймгийн удирдлага, орон нутгийн ААН, иргэд нийлээд ямар ч байсан тэмцээнийхээ ард гардаг гэж З.Бадрал дарга ярьсан.
Дархан хотын “Маргаашийн хот” гэдэг уриа нь алсдаа Улаанбаатарын дараа орох том хот болно гэсэн зорилтыг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр, Дархан хот үнэхээр л маргаашийн хот юм бол тэнд одоогийн нийслэлийн сул талууд харьцангуй бага байх нь тодорхой бөгөөд үүнд унадаг дугуйны үүрэг багагүй байх бололтой.
Зүүн гар талаас МДХ-ны ЕНБД З.Наран, Дархан-Уул аймгийн Дугуйн холбооны тэргүүн З.Бадрал, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан
Ямартай ч одоогоор Дархан хотод авто замын түгжрэл алга, дугуйн спортын хамгийн сонирхолтой замын зураг бүхий уралдааныг орон нутгийнхаа спортын аялал жуулалын брэнд болгох том зорилго тээн жил бүр зохион байгуулж байна.
“Дугуйтай Дархан” клуб тэмцээнийг санаачлан зохион байгуулснаас хойш аймгууд өөрийн гэсэн тэмцээнтэй болохыг хүсдэг болж, санхүүгийн боломжтой аймгууд эхнээсээ зохион байгуулдаг болжээ.
Ингэснээр дараагийн С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Т.Энхжаргалууд төрөх боломж нэмэгдэж байна гэсэн үг. Энэ бол “Дархан 88”-ын "Булган сүүл", Монголын дугуйн спортын хөгжилд оруулж буй хувь нэмэр яах аргагүй мөн.
Монголын дугуйн спортын хамгийн том тэмцээн болох Монголын олон өдрийн уралдааныг ч энэ жил аймагтаа хүлээн авч, маргааш, нөгөөдөргүй эхлэхэд бэлэн болжээ.
Монголын дугуйн спортын ирээдүй өнгөтэй байна
Монголд спортын олон төрөл хөгжиж, тодорхой хэмжээнд амжилт гаргаж байгаа. Гэхдээ тэдэн дундаас өөрийн гэсэн онцлогтой, илүү их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарж байж улсынхаа нэрийг гаргах болдог онцлогтой спортууд бий. Тэдний нэг нь дугуй.
Хөгжингүй орнуудад дугуй нь байнгын хэрэглээ болчихсон, тамирчид нь жилийн турш болж байдаг үй түмэн тэмцээндээ тасралгүй ээлжилж орж, тэмцээнээр бэлтгэлээ хангаж байдаг. Өөрөөр хэлбэл, тэмцээн нь бэлтгэл болдог, мэргэжлийн түвшинд хүртэл хөгжүүлсэн улсуудтай Монголын дугуйн холбоо, хэдэн тамирчин маань өрсөлдөж байна.
Олон улсын дугуйн холбоо нь олимпын эрх өгөхдөө үндэсний холбоодыг олон улсын чансааны тэмцээнүүдэд байнга оролцож оноо цуглуулахыг шаарддаг. Тодруулбал, 200 шахам гишүүн улсаас улсаас эхний 42 дотор эрэмбэлэгдэж байж нэг тамирчнаа олимпод сойх хатуу болзлыг тулгадаг. Н.Болдхүү Ерөнхийлөгч, З.Наран ЕНБД-тай Монголын дугуйн холбоо “Токио 2020”-иос “Парис 2024” олимпын мөчлөгт энэ болзлыг амжилттай биелүүлж, ОУХМ С.Жамбалжамц олимпын наадамд амжилттай уралдлаа. Хүн амын тоо олон, дугуйн спортод эргэлддэг мөнгө хөрөнгө ихтэй улсуудыг амжилтаараа ардаа орхиж, Азидаа эхний гуравт тогтмол бичигдэж ирлээ.
Дотооддоо ч Монголын дугуйн холбоо жилдээ 50 гаруй тэмцээн зохион байгуулдаг, үйл ажиллагаа нь хамгийн идэвхтэй холбоодын нэг. Жилд 52 долоо хоног байдаг гэж үзвэл жилийн турш долоо хоног бүр тэмцээнтэй байдаг гэсэн үг. Энэ нөр их зүтгэлийн ачаар дугуй иргэдийн ердийн хэрэглээ болж, сонирхож хичээллэгсдийн тоо нэмэгдэж байна.
Залгамж халаа ч гарч ирж байна. “Дархан 88” тэмцээнээс энэ байдал тод харагдсан. Залуучуудын ангилалд өрсөлдсөн тамирчид элит тамирчидтай зам салах хүртэл хоцрохгүй хамт л жийж харагдана. Монголын дугуйн спорт өнгөтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.101
Temtseenii daraa srtalchlah bish umne zar surtalchilgaa sain yavuulj baival oroltsoh tsar hureeiluu urgejih bus uu
Хариулах103.161.242.126
Zarim medeelel ni jhn zoruutei bna shuu. Daraagiin udaa iluu sudalj bicheerei. Goy medee bna bayrlalaa
Хариулах