Стокхольм дахь Шведийн ШУА-иас энэ оны хммийн салбарын Нобелийн шагналтнуудын нэрсийг зарлалаа.
Шагналыг цоо шинэ төрлийн уураг гаргаж авсан Америкийн биохимич Дэвид Бейкер, уургийн бүтцийг урьдчилан таамаглах олон жилийн бүтэлгүй оролдлогыг шийдэх хиймэл оюун ухааны загвар боловсруулсан Британийн эрдэмтэн Демис Гассабис, АНУ-ын эрдэмтэн Жон Жампер нарт олгохоор болсон байна.
Уураг нь амьдралын олон янз байдалд хамгийн ихээр оролцдог бөгөөд гормон, эсрэг бие, янз бүрийн эд эсийн бүрэлдэхүүн хэсгүүдийн үүрэг гүйцэтгэдэг.
Дэвид Бейкер
Уургууд нь ихэвчлэн амьдралын барилгын материал гэж нэрлэгдэх 20 өөр амин хүчлээс бүрддэг. Дэвид Бэйкер нь эдгээр уураг буюу зүйрлэж хэлбэл барилгын блокуудыг ашиглан бусадтай адилгүй шинэ уураг зохион бүтээх боломжийг нээсэн бөгөөд тэр цагаас хойш түүний судалгааны баг эм, вакцин, наноматериал болон жижиг мэдрэгч болгон ашиглаж болох уураг зэрэг олон бүтээлийг гаргажээ.
Демис Гассабис, Жон Жампер нар харин уургийн бүтцийг урьдчилан таамаглах боломжтой AlphaFold2 хиймэл оюун ухааны загварыг бүтээсэн байна.
Уургийн амин хүчлүүд нь ороомогтой урт судалтай холбогдож, уургийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй гурван хэмжээст бүтцийг бүрдүүлдэг. Судлаачид уургийн бүтцийн аминохүчлийн дарааллаас нь таамаглах оролдлогыг 1970-аад оноос хойш хийсэн боловч хараахан амжилт олоогүй байсан аж.
Демис Гассабис, Жон Жампер нар харин энэ асуудлыг шийдэж, уургийн бүтцийг таамаглах AlphaFold2 хиймэл оюун ухааныг 2020 онд бүтээсэн юм байна. Ингэснээр 200 сая уургийн бүтцийг урьдчилан таамаглах боломжтой болсон бөгөөд энэ нь асар их ирээдүйг амалж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна