Б.Жавхлан: Одоо аль ч яам, нэг ч төрийн албан хаагч хөнгөлөлттэй зээл олгохгүй, энэ тал дээр бодлогын шилжилт хийж чадсан

Х.Батсайхан
2024/10/18

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2025 оны Улсын төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Одоо эхний хэлэлцүүлгийн асуулт, хариултын хэсэг явж байна. Б.Жаргалан гишүүн энэ үеэр "Эрчим хүчний шинэ үнэ тарифын шилжилт гэж тодотгол дээр 131.1, одоо 50 тэрбум гэж орж ирж байна. Тарифын үнэ өснө гэсэн хүлээлттэй холбоотой гэж ойлгож байна. Б.Чойжилсүрэн сайд 34 жил алдагдсан салбар гэж. 2016 онд АН-ын Засгийн газар МАН-ын Засгийн газарт ажлаа хүлээлгэж өгөх үед энэ салбар алдагдалгүй болчихсон байсан шүү. 

Хоёрдугаарт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд дээр "Шинэ хоршоо", "Цагаан алт", "Хүнсний хувьсгал" гэх мэт маш их хэмжээний хөнгөлөлттэй зээл байна. Нийт 4.5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдох нь. Үүнд 377.1 тэрбум төгрөгийн хүүгийн татаас явах нь. Энэ зээлүүд ямар аргачлалаар олгогдох вэ, хэн, хэн авах вэ гэдэг асуултад сайд нь хариулт өгмөөр байна" гэж асуусан. 

Ж.Энхбаяр сайд Дарханд ажиллаж байгаа тул өнөөдөр чуулганд суугаагүй юм. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Тодотголоор 131.1 тэрбум, одоо 50 тэрбум. энэ бол дандаа л татаас. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бол тооцоолох арга байхгүй. Тийм учраас одоо бид ирэх дөрвөн жилд зориглоод шилжилтээ хийе гэж байгаа юм. Ер нь энэ асуудал бидний хөгжлийн зангилаа асуудал болж хувирсан. Бүх юм эрчим хүч дээр очоод зогсож байгаа. Одоо л шилжихгүй бол улам л их мөнгөөр хийх байх. Хэрвээ үнэхээр энэ 180 тэрбум дотроо багтаад шилжилтээ хийж чадвал энэ үнэхээр супер шилжилт болно. Товчхондоо энэ салбарт үүсчихсэн байгаа өр авлагын гинжин хэлхээ, уурхайнууд алдагдалд ороод ажиллагаа нь доголдчихсон байгаа асуудлыг нь хаах зардал. 

Том зорилго тавигдсан. Яг яаж, ямар үе шаттайгаар гэх мэт нарийвчилсан төлөвлөгөө гараагүй, Үндэсний хороо байгуулагдаж, Т.Доржханд сайд ахлаад явж байгаа. Бодлогуудаа УИХ дээр дэлгэрэнгүй тайлбарлаж, тайлагнаад явах байх" гэв. 

Хөнгөлөлттэй зээлийн тухайд, төсөв бол өөрөө үржүүлэгч. Өмнө нь яаж явдаг байсан бэ гэхээр тодорхой төсөв тавигдаад, тэр төсвийн хүрээндээ зээл өгдөг байсан. Одоо бол эх үүсвэрээс мэргэжлийн байгууллагууд нь зээл өгнө. Төсвөөс харин татаас олгох л ийм зарчим руу орж байгаа. Бодлогын хувьд бүрэн шилжилт хийсэн. Одоо аль ч яам, нэг ч төрийн албан хаагч зээл олгохгүй. 

Эхэлж байгаа томоохон хөтөлбөрийн тухайд гэвэл "Цагаан алт" хөтөлбөр энэ жил эхэлж байгаа. Ирэх жил нэлээд түлхүү явах байх. Босго шалгуураа яам өөрөө тавина, давсан ААН-үүд нь зээлээ авч чадах уу үгүй юу гэдгийг банк шийднэ" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.203
    2024/10/19

    Халтар царайт хулгайч. Доржханд л хулгай хийхээс. өөр. мэдлэггүй Жавхлан мэтийн тэнэгүүдэд ард түмнээ. шулах аргачлалыг зааж. ятгаж хатгаад байгаа байх л даа..Доржханд. бол маш зэвүүн санаатай хулгайч, ёстой гадныхны тархинд. нь чип суулгаад тавьчихмсан зомби.

    Хариулах