Ц.Даваасүрэн, Ж.Батжаргал тэргүүтэй гишүүд 300 тэрбумыг тойргуудад хуваах БОЙКОТЫГ хийв үү

С.Гандэлгэр
2024/10/30

Өнгөрөгч даваа гарагт МАН-ын бүлэг хуралдах үеэр "тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо 5 тэрбум төгрөг суулгуулах бойкот хийж байна" гэх мэдээлэл тархсан. 

Олон жил ярьсан жижиг тойргийн эрх ашиг бус улс орны болон бүс нутгийн эрх ашгийг түрүүнд тавих зорилго энэ парламентаар биелэх найдвар өндөр байсан ч "нөгөө л" тойргийн гишүүд нь эргэж очих нүүрээ бодон "хөрөнгө оруулалтын эрх" нэхсэн юм байх.

Ерөнхийдөө гаргасан санаа нь 21 аймаг 9 дүүрэг тус бүр 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөв  хуваарилах бөгөөд тухайн тойргийн гишүүд нь санал гаргаж, хөрөнгө оруулалтаа улсын төсөвт суулгах юм. Нийт 300 тэрбум болох бөгөөд хоёр жил үргэлжилнэ гэх санал гарсан аж. Ингэхдээ мэдээж элдэв бусын зүйлд бус зөвхөн авто зам, дэд бүтэцэд хөрөнгө оруулна гэж хязгаарлах саналтай байсан гэнэ. 

2025 оны Улсын төсвийн төсөл бол анхны бүсчилсэн хөгжлийн бодлогод чиглэсэн төсөл. Урьд урьдын жилүүд шиг аймаг сумын булан тохойд 500м-2км-ийн урттай зам барих бус эдийн засгийн үр өгөөжтэй, томоохон автозамын төслүүдэд хөрөнгө оруулахаар тусгасан нь тод жишээ юм. 

Тэгвэл ирэх оны төсвийн төсөл маань хэсэг гишүүдийн "эрх ашгийн" балгаар "задарч", УИХ-ын гишүүдийн сонгогчоо тойглосон төсөв болох эрсдэл үүссэн ч олонх нь дэмжээгүй байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар аймаг, дүүрэг бүрд хуваарилах 10 тэрбумын саналыг УИХ-д хэд хэд сонгогдсон гишүүд дэмжиж байсан бөгөөд эцсийн байдлаар Ц.Даваасүрэн, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нарын дөрвөн гишүүнээс бусад нь аймаг, дүүргүүдэд 10 тэрбумын төсөв хуваарилахыг дэмжээгүй гэнэ. 

Угтаа үүнийг буруутгах аргагүй. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хамгийн их тулгамддаг асуудал бол иргэд сонгогчдийн санал хүсэлт, тэдэнд тулгамдаж буй асуудал байдаг. Тухайн аймагт тулгамдаж буй асуудлыг үнэхээр л салбар яамнаасаа илүү УИХ-ын гишүүд нь мэддэг байх тохиолдол их. Тиймдээ ч улсын төсөвт өөрсдийн саналаар хөрөнгө оруулалт тавиулах хүслийг нь буруутгах аргагүй. Гэсэн ч төсвийн зарлагыг бууруулах, хэрэгцээ шаардлагагүй төсөл хөтөлбөрүүдийг танахын оронд төсвийг задалж, аймаг, дүүргүүдэд их хэмжээний төсөв хуваарилах нь өнөөх л ЗГ-ын мөрийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн зорилготой нийцэхгүй байгааг олон гишүүд, улс төрчид хэлж байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.229
    2024/10/31

    batjargalaa chi Gantulgar bitgi avilgal avahuulad baidaa ter neg ergvv yum chin bvh yuman deer avilgal avch nehej baih yum bna

    Хариулах