УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай ярилцлаа.
-Боловсролын салбарт ажиглагдаж ирсэн боловсон хүчний дутагдал энэ жил урьд жилүүдийнхээс илүү хурцаар илэрч олон нийтийн санааг чилээсэн. Бусад гишүүдийн бодвол харьцангуй ойрхон, салбарын дотор нь явж ирсэн хүний хувьд үүсэн бий болсон энэ нөхцөл байдлыг та юунаас үүдэлтэй гэж үздэг вэ. Гарах гарц шийдэл байна уу?
-2024-2025 оны хичээлийн жил эхлэхтэй зэрэгцээд салбарын хэмжээнд нийт 4200 багшийн дутагдалтай байна гэдэг мэдээлэл ил болсон. Өмнөх жилүүдэд зарлагддаг байсан тооноос бараг хоёр дахин их байсан учраас олон нийтийн анхаарлыг аргагүй татсан байх. Миний хувьд, ийм нөхцөл байдал үүснэ шүү гэдгийг эртнээс сануулж, дуугарч явсан хүний нэг л дээ. Нөхцөл байдал иймдээ тулсны гол шалтгаан бол ерөөсөө л цалин хөлс, нийгмийн баталгаа. Сарын цалин нь 300 ам.доллар байгаа учраас энэ мэргэжлийг дурлаж сонгох хүн байхгүй болсон. Шалтгаан нь энэ учраас гарах гарц нь ерөөсөө л багшийн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулах явдал.
Засгийн газар энэ тал дээр анхаарч, тодорхой шийдвэрүүдийг гаргах шаардлагатай.
-Цалин хөлсийг инфляцитай уялдуулж жил бүр индексжүүлж нэмдэг болсон. Энэ дагуу зургаан хувиар нэмэгдүүлэх төсөв өргөн баригдсан. Ингэхдээ ажлын байрны шатлал нөлөөлөхгүй гэсэн мэдээлэл байна?
-Цалинг инфляцитай уялдуулж нэмэх нь зөв. Гэхдээ инфляцитай уялдуулна гээд зэрэгцүүлээд байвал бага цалинтай төрийн алба хаагчдын амьжиргаа хэвэндээ л байна. Инфляциас илүүгээр нэмж байж сайжирна. Үүнтэй адилхан, бусад салбараас хэт бага үнэлэмжтэй болчихсон боловсролын салбарын цалин хөлсийг бодлогын түвшинд авч үзэж, инфляциас давсан хэмжээнд нэмж байж бусад салбартай зэрэгцэнэ. Ингэж байж л иргэдийн амьдрал сайжирна.
-Та Боловсролын ерөнхий хуулиас ялгаварлан гадуурхсан шинжтэй зарим заалтыг хасах нь багшийн дутагдлыг нөхөх нэг арга байж болох асуудлыг хөндөж тавьсан. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
-Боловсролын Ерөнхий хуулийн 13.3.6 "Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлах" гэсэн заалт бий.
Энэ заалтын дагуу Засгийн газрын 103 дугаар тогтоол буюу "Багш, багш мэргэжлийн суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ыг гарган мөрдүүлж буй. Гэтэл журмыг боловсруулж батлуулахдаа хавсралтын 2.2.3-д Боловсролын ерөнхий хуулийн 12.5, Дээд боловсролын тухай хуулийн 12.12-т заасны дагуу "магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сонгосон байх” гэсэн заалтыг тодотгон нэмснээс хүсэлт гаргасан 833 хүүхдийн 176 нь "Магадлан итгэмжлэгдээгүй сургалтын хөтөлбөрийг сонгосон" гэдэг дэмжлэг авч чадалгүй хасагджээ.
Манайд эрэлт ихтэй, цалин өндөр зарим мэргэжил магадлан итгэмжлэлд ороогүй байх тохиолдол бий. Тухайлбал, ШУТИС-ийн IT чиглэлийн зарим чухал мэргэжлийн сургалт нь нээгдээд 2-3 жил болж байгаа. Гэтэл тав буюу түүнээс жил сургалт явуулсан мэргэжлийг хөтөлбөрийг магадлан итгэмжлэлд оруулдаг. Өөрөөр хэлбэл, эрэлт өндөр, тийм ч учраас шинээр нээгдэж байгаа чухал мэргэжил сонгосон хүүхдүүд дэмжлэгээ авч чадахгүй хохирч байна.
Цаана нь 15 жил, цаашлаад 20, 30 жил багшилсан мөртлөө хуульд орсон "Тасралтгүй..." гэдэг ганц үгнээс болоод хүсэлт ч гаргах боломжгүй хүмүүс байгаа. Тиймээс Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-гаас "Тасралтгүй", Засгийн газрын 103 тогтоолын хавсралтаас "магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сонгосон байх" гэдэг шаардлагуудыг хасуулах хуулийн төслийг Д.Бум-Очир, Ч.Ундрам гишүүнтэй хамтран боловсруулахаар ярьж байна.
Энийг ажил хэрэг болгож чадвал багш нар, тэдний үр хүүхдүүдэд маш өгөөжтэй ажил болно гэж харж байгаа.
-Хууль, журмыг өөрчилснөөр багшийн дутагдлыг нөхөх зорилтод хэр нөлөөлөх бол?
-Эергээр нөлөөлнө. Нэг хүүхдийнхээ дээд боловсролыг төрийн зардлаар шийдүүлнэ гэдэг том дэмжлэг. Тэгэхээр Солонгост нэг, хоёр жил ажил хийж байгаад ирсэн багш үргэлжлүүлж ажиллаад дэмжлэгээ авья гэж бодох байхгүй юу. Хуульд "Тасралтгүй" гэдэг үг байгаагаас болоод "За ямар дэмжлэг авч чадах биш" гээд мэргэжлийн бус ч гэсэн цалин арай ахиутай өөр ажил хийгээд явчихаж байна.
-Багш нар хүүхдээ 12 сар л асрах эрхтэй байдаг асуудлыг та бас хөндөж байгаа. Бас л боловсон хүчний дутагдалтай холбоотой байх?
-Хүүхэд төрүүлсэн багш нар хүүхдээ 12 сар хараад л нөгөө "Тасралтгүй..." гэдэг шаардлагыг хангахын тулд ажилдаа хүчээр орж байна. Дөнгөж ойтой нялх амьтнаа хаяад ажиллаж байна. Өмнө нь бүр зургаан сар байсныг бид хөөцөлдсөөр 12 сар болгож байсан юм. Энэ хугацааг дор хаяж 24 сар болгох шаардлагатай.
-ТҮК-ийн ажилтнуудын цалинг 1000 ам.доллар болгох шийдвэр гарч байх үед биеийн хүчний ажлыг оюуны хөдөлмөрөөс доогуур үнэлэх нь хэр зөв зүйтэй юм бол гэсэн эргэлзээ үүсэж байсан. Санаачилж хэрэгжүүлэгчид нь тухайн үед "Хүнд хөдөлмөр цалин өндөртэй байдаг. ТҮК-ийн ажилтнуудын ажлыг хүнд гэж үзэж нэмэгдүүлсэн" гэдэг тайлбар хийж байсан л даа. Та багшийн цалинг 1000 ам.доллар болгох ёстой гэж үздэг хүмүүсийн нэг байх аа?
-Ер нь оюуны хөдөлмөр илүү хүнд шүү дээ. Багшийн хөдөлмөрийн үнэлэмж илүү өндөр байх ёстой. Тэгж байж өрсөлдөөн бий болно, чанаржина. Боловсролын салбар бол Монголын ирээдүйг тодорхойлж байгаа маш үнэтэй, чухал салбар байхгүй юу. Энэ салбараа унагаачих юм бол хэн мега төсөл хэрэгжүүлэх юм бэ. Тэр төслүүдийг чинь хүн л хийнэ биз дээ.
-Ярилцсанд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.161
Заа чи муу Женкогийн суганы үс ш дээ. Нэг муу бага ангийн багш Монголын багш нарын нэрээр их хуралд гарчхаад илүү долоон юм донгосоод сууж байх. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд сургана гэдэг чинь зөв ш дээ. Яахаараа иймхэн юмыг ойлгодоггүй байнаа чи аргагүй дээ. Багш нарын эдийн засаг дээр тоглож гарч ирсэн юм чинь.
Хариулах