150 саяын дэнчин тавьсан П.Энхмөнх ММСУХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татжээ

Zuv.mn
2 цаг 44 минутын өмнө

Монголын Морин спорт уяачдын холбооны ээлжит Их хурал өнөөдөр болж байгаа билээ. Хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгох бөгөөд нэр дэвшигч П.Энхмөнх, Д.Дагвадорж, Б.Нямжав нар тус бүр 150 саяын дэнчин тавьсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсан. П.Энхмөнх ч дэнчингийн мөнгөө бэлдсэн гэсэн угтатай видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд оруулж  байсан юм.  Тэгвэл гурван нэрг дэвшигчийн нэг П.Энхмөнх сонгуулиас нэрээ татжээ. 

Тэрбээр олон нийтийн хуудас дахь өөрийн хаягтаа "Эрхэм хүндэт уяачид, морины зүтгэлтнүүд, Монгол Улсынхаа өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчид, ММСУХ-ны үе үеийн удирдлагууд та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилж байна.

Бид өнөөдөр 30 жилийн түүхээ бичилцэж, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ээлжит их хуралаа хийж байна. Энэ өдөр түүхэн шийдвэрийг гаргах гэж байгаа хариуцлагатай цаг мөчид миний бие нэгэн мэдэгдлийг гаргаж байна.
ММСУХ-ны дараагийн ерөнхийлөгчид гурван нэр дэвшигч батламжаа авч сонгуулийн ажлыг эхлүүлсэн билээ. Энэ үед бид 3 хэн нэгнийхээ нэр төр алдар хүндэд халдахгүй гэж эр хүн шиг гар барьсан билээ. ММСУХ-ны бол гурван хүний өрсөлдөөн биш, гурван хүний хувийн байгууллага ч биш юм. Олон мянган хүний эрх ашиг, тэгш оролцоог хангах ёстой олон нийтийн байгууллага билээ.
Мөн би Үндэснийхээ агуу их өв соёлыг улс төрийн оролцоогүй байлгах тал дээр хичээдэг ч маш том бүлэглэлийн эсрэг босоход хүндрэлтэй байлаа. Гэсэн ч өөрийн үзэл бодол, нийт уяачдынхаа эрх ашгийн төлөө шударга дуу хоолойгоо өргөсөөр ирсэн. Цаашид миний бие нийт уяачдынхаа эрх ашиг, эв нэгдлийн төлөө зөвд зөөлөн бурууд хатуу хэвээр байсаар байх болно.


Сонгуулийн сурталчилгааны 14 хоногийн хугацаанд Улс төрийн сонгууль шиг маш бохир аргуудыг хэрэглэж, төлбөртэй нэвтрүүлэг бэлтгэж, цахим орчинд хуурамч хаягаар баримт нотолгоогүйгээр намайг маш олонтой гүтгэж, харлуулсныг та бүхэн ч харсан байх. Би аавынхаа санаачилж бий болгосон их айл болох Монголын Морин Спорт Уяачдын Холбоонд алдар нэрээ цуурайтуулж орж ирэх ёстой болохоос, авгай хүүхний хэрүүл дагуулж орж ирэх нь ёс зүйгүй гэж үзэж байна. Миний өрсөлдөгчийн зүгээс болон троллуудын элдэв гүтгэлэг харлуулалт, нэр төр гутаалт нь манай гэр бүл, өсвөр насны үр хүүхдүүдийн маань сэтгэл зүйд маш хүндээр туслаа.
Тиймээс энэ индэрт зогсохын өмнө олон найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцсаны эцэст Монголын Морин Спорт Уяачдын Холбоо гэх том айлыг удирдах хүнийг сонгох түүхэн хариуцлагатай шийдвэрийн өмнө миний бие Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ерөнхийлөгчийн сонгуулиас албан ёсоор нэрээ татаж байгаагаа мэдэгдэж байна. Би хийгээгүй хэрэг дээрээ нэр төрөө цэвэрлэж, түмэн олондоо ёс зүйтэй гэдгээ баталж Монголын Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүнд дахин өрсөлдөх болно гэдгээ та бүхэнд амлаж байна.
Энэ хүртэлх хугацаанд намайг дэмжиж надтай хамтдаа байсан чин шударгаар дуугарч байсан Монголынхоо Их хүлэгч нарт маш их баярлалаа. Монголын Морин Спорт Уяачдын Холбооны сонгуульд нэр дэвшиж та бүхэнтэйгээ хамтдаа зүтгэх нэр төрийн хэрэг бас байлаа.
Харин цаашид ХҮЧТЭЙ, ЭВ НЭГДЭЛТЭЙ, БИЕ ДААСАН Үндэсний хамгийн том холбоог удирдах хүнийг би Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвэгийн Дагвадоржийг хэмээн үзэж байна. Нас туршлага, үндэснийхээ холбоог цаашид удирдахад улс төрийн нөлөөгүйгээр нийтийн эрх ашгийг хангаж багаа удирдаж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Миний бие таны үйл хэрэгт цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ мөн илэрхийлж байна. Намайг дэмжиж итгэл хүлээлгэж байсан нийт төлөөлөгч нар маань миний сонголтыг хүндэтгэж Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвэгийн Давгадоржид саналаа өгнө гэж итгэлтэй байна.
Ийнхүү бид хариуцлагатай, түүхэн шийдвэрээ гаргахад тун бага хугацаа үлджээ. Эрхэм та бүхэн дор бүрнээ тунгааж ирээдүйн Монгол төрийн наадмыг үргэлжлүүлэн авч явах ҮРСЭЭН бодож АЛСЫН ХАРААТАЙ шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна. Таны өгөх саналын ард өв уламжлалаа дээдэлсэн олон зуун мянган уяачдын эрх, түүний гэр бүлийн итгэл яригдана гэдгийг давхар санах хэрэгтэй. Сонголт мэргэн байх болтугай. Та бүхэндээ амжилт хүсье.
Миний бие нэрэээ татаж байгаатай холбогдуулан уг мөрийн хөтөлбөрөөс авч болох, ажил хэрэг болгож болохуйц шийдэл, сэдвүүдийг авч өөрийнхөө мөрийн хөтөлбөртэй уялдуулж ажиллахыг хүсэж байна.

АНХААРЛАА ХАНДУУЛСАН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.
МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ПУНЦАГБАЛЖИРЫН ЭНХМӨНХ
2024 оны 12 сарын 02 өдөр" хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.130
    3 минутын өмнө

    Ymarch bsn hoshignog Davaahuugees hol deer shuu ! ter bol irgenii hamgaalaltiin morin toiruulgaas ehleed hor nairuulj yvsan horchin shuu !

    Хариулах
  • 66.181.161.76
    1 цагийн өмнө

    Hutsdag hulgaich biye uneleed davgaadaa zarchij

    Хариулах