Ажлын байр бий болгохоос өмнө ажил хийхгүй бол амьдрахгүй нөхцөл бий болгох ёстой юу

Zuv.mn
Өчигдөр 15 цаг 39 минут

“Ажил хийвэл ам тосдоно” гэдэг үг бий. Харин сүүлийн жилүүдэд төр засгаас хэрэгжүүлсэн халамжийн бодлого энэ үгийг “Хүүхэд гаргавал ам тосдоно”, “Хүнтэй суувал ам тосдоно” болгож өөрчилжээ. Гурван хүүхэд төрүүлсэн залуухан ээж “Хүүхдийн мөнгө, халамж гээд сард 600 гаруй мянган цаас гар дээрээ авдаг. Зохицуулж чадвал болох л мөнгө, ажил хийх ч хэрэггүй” гэж хэвлэлээр ярьж байна. Хүнийг хөдөлмөр бий болгосон гэж ярьдаг. Аливаа бодьгаль хоол хүнс олохын тулд хөдөлмөрлөдөг нь жам. Гэтэл төрөөс сар бүр өгч байсан 21 мянган төгрөгийн хишиг, хүнсний талон, хүүхдийн мөнгө нь хоол хүнсэнд нь хүрэлцээд байгаа тул хөдөлмөрлөх хүслийг нь унтрааж орхисон байна.  

  Монгол улсад жилд багадаа 30 мянган ажлын байр шинээр бий болдог гэнэ. Цаашид ч олон, олон ажлын байр бий болох юм байх. Гэтэл тэнд нь ажиллах хүсэлтэй хүн олдох эсэх нь бас л бүрхэг асуудал болоод байна. Үндэсний статистикийн газрын судалгаагаар ажилгүйдлийн түвшин 25 орчим хувьтай байгаа гэжээ. Гэтэл хамгийн сонирхолттой нь захын дүүргүүдэд ажилгүйдэл хамгийн бага байх юм. Энэ оны эхний хагасын байдлаар нийслэлийн ажилгүйдлийг дүүргээр нь ангилж үзвэл Налайх дүүрэг 1.1, Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг 5,1 орчим хувьтай байв. Гэтэл нийслэлийн төвийн дүүргүүд болох Баянголд 11.6, Сонгинохайрхан, Чингэлтэйд бүр 25.4, 30.9 хувьтай гарсан байна. Энэ бол үнэхээр эмзэглэмээр баримт юм шүү.

Англид ажилгүй хүн төрөөс сар бүр тодорхой хэмжээний мөнгө аваад амьдралаа зохицуулдаг. Ажлын байр бүгд эзэнтэй болчихсон учир ажилгүй сууж байгаа нь уг хүний өөрийнх нь буруу биш гэж үзэж ингэдэг юм. Зүгээр сууж байгаад мөнгө авсан эдгээр иргэд гадуур хоол идэж, дэн буудалд хоноглож, хөлбөмбөг үзэхээс өөрийг хийдэггүй. Засгийн газраас ажилгүйдэд зориулж гаргасан мөнгө дэн буудлын газар, хөлбөмбөгийн баян багуудыг дэмждэг гэсэн үг. Нэг багаа үхэн хатан дэмжиж, хожсон ч хожигдсон ч дагаад л яваад байдаг үнэнч балиашгуудын ихэнхи нь ажилгүйчүүд байдаг гэдэг. Гэтэл манайд ажлын байр байсаар байтал иргэддээ халамж өгч байна. Англиас ялгаатай нь Засгийн газраас гаргаж байгаа энэ мөнгө архины үйлдвэрүүд, импортыг дэмждэг юм.

Америкийн уугуул индианчууд сул цалин авч, задгай архидсаар байгаад одоо юу болж хувирсныг бүгд мэднэ. Манайх энэ янзаараа байвал удахгүй тэдний хойноос орох байх. Бас нэг сэтгэл зовоосон асуудал бол албан бус хөдөлмөр эрхлэгчид. Монгол улс одоо баялаг үйлдвэрлэдэггүй өртөг нэмж зарах аргаар амьжиргаагаа залгуулдаг “Албан бус хөдөлмөр эрхлэгчид”-ийн бүхэл бүтэн армитай болсон байна. 

“Худалдаж аваад зарах” гэсэн амархан зарчимтай тул энэ ажлыг хүмүүс харин ч нэг сайн хийж чадаж байх шиг. “Аваад зардаг” хүмүүсээс гадна өөр бас нэг бүлэг байна. Тэд бол “нинжа” гэгдэх гар аргаар алт олборлогчид Ашигт малтмалын ерөнхий газраас гаргасан 2010 оны албан ёсны мэдээгээр 73 мянган хүн ашигт малтмалыг гар аргаар байнга олборлож, 100 мянган хүн орлогоо нэмэгдүүлэх үүднээс улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлж байгаа гэсэн байна. “Аз сорьсон” гэдэг утгаараа энэ нь бүр донтуулдаг ч байж болох талтай. 

Хажууд нь ядуу байсан хүн гэнэт нэг өдөр баяжаад л, их төстэй. Алт ухаад ганцхан хормын дотор тэнгэрийн умдаг ч атгаж мэдэх ажил хийж байгаа юм чинь тэд яаж барилгын туслах хийх юм бэ, тийм биз дээ. Дөрвөн хананы дунд ажиллаж “яг” харагдаач. “Олз гарч ирэнгүүт томхон залгичихаад бусад үед нь зүгээр хэвтэж байх ”Чоно сүлд”-тэй “чоно ажилгүйчүүд” дэндүү олон байна. Эднийг яаж эзгүй байгаа ажлын байрнууддаа чихэх вэ, дарга нар аа.

Эдэн дээр эдийн засагч, хуульч, эмч, жүжигчин гэсэн чамин мэргэжил эзэмшчихээд ажил голж суугаа цагаан захтнуудыг нэмчихвэл бүр ажил хийх хүн олдохоо байна. Тэгэхээр Засгийн газрын хийх хамгийн эхний ажил “Ажлын шинэ байр бий болгох” биш байгаа биз?  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    Өчигдөр

    End Hamgiin buruutai ni hevlel medeelliinhen shuuhaltuuriinhnii mashinii tatvariig nemlee geed boslogod urialan dundaj baina shuu dee Zui ni jolooch l yum bol Ted hurdnii zamiin buten baiguulalt deer Samos also barih yostoi Dana ch ugui l dee alban bus hed Elmer tee amtashchihsan

    Хариулах