О.Алтангэрэл: Жагсаалын үеэр талбай руу машинтай дайрч орж ирсэн этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн хүн байсан

Zuv.mn
13 цаг 18 минутын өмнө

Өнгөрсөн бямба гарагт (2025.01.11) эхэлсэн "Засгийн газар огцор" жагсаалын үеэр гарсан хууль бус үйлдлүүдтэй холбоотой асуудлаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.  

Түүний хэлснээр, бямба гарагийн буюу хамнгийн олон хүн цугласан эхний өдрийн жагсаалын үеэр хууль зөрчсөн байж болзошгүй хэд, хэдэн үйлдэл Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. 

Тэрбээр "Иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх, эрх чөлөөгөө эдэлж нэгдүгээр сарын 11-нд жагссан. Хажуугаар хууль зөрчсөн үйлдлүүд гарсан байна. Жагсаалын үеэр болсон зарим нэг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг онцгойлон хэлье. "Иргэн Б.Цацралыг зодсон байж болзошгүй" гэх асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хохирогч өөрөө энэ асуудлаар гомдол гаргаагүй. Олон нийтийн сүлжээнд тавьсан нийтлэл, бичлэг сэлтийг үндэслэж, бусдын эрх чөлөөнд халдсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна. 

Жагсаалын үеэр талбай руу машинтай дайрч орж ирсэн этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, хоёр жилийн хорих байгууллагаас суллагдсан ийм иргэн байгаа. Хэрвээ Герман улсад болсон шиг жагсаал дундуур орж ирж, олон хүнийг дайрсан бол ямар аюул учрах байсан бэ гэдэг талаас нь үзэж цагдаагийн байгууллага шалгаж байгаа. 

Олон нийтийн сүлжээнд албан хаагчдыг хутгалах мэт үйлдэл үзүүлсэн, албан хаагчидтай зүй бус харьцаж байсан этгээд өмнө нь дөрвөн удаа ял шийтгэгдэж байсан. Мөнгө тараасан, тодорхой үйлдэл хийхийг завдсан хэргүүд ч шалгагдаж байна. Жагсаалын үеэр тавигдсан шаардлага, иргэдийн зүгээс тавьсан асуудлуудын хүрээнд дүгнэлт хийх, санал боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байгаа. Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанд цаашид танилцуулна" гэсэн юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна