Үхсэнийг нь архичин, үлдсэнийг нь хулгайч болгодог нийгэм

Т.Отгонсувд
5 цаг 52 минутын өмнө

Угаарын хордлогын улмаас гэр бүлийн зургаан хүнээ алдсан 18 настай О.Одбаяр өчигдөр /2025.02.06/олон нийтэд мэдээлэл хийж, эх орноо хамгаалах гэж эр цэрэгт мордсон хойгуур ээж, дүү нар нь цаг бусаар хорвоогоос явсанд харамсаж байгаагаа, хаашаа хэнд хандахаа ч мэдэхгүй байгаагаа нулимс дуслуулан ярьсан билээ. 

Хэргийг тодруулбал БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан хэрэг гарсан. Цэргээс халагдах аа хоног тоолон хүлээж байсан О.Одбаярт ямар хүнд байсныг энд дурдах нь илүүц биз. 

Угаарын хордлогоор нэг гэрийн зургаан хүн нас барсан хэргийг нуун дарагдуулахыг оролдов уу

Цэргээс чөлөө аваад ирсэн О.Одбаяр мэдээлэл хийх үеэр уг хэргийн хохирогчоор тогтоогдон мөрдөн шалгах ажиллагаатай танилцаж буй О гэх ээжийнх нь төрсөн дүү ирж "дүүгээ мэдээлэл хийлгэхгүй, буруу юм ярив аа" хэмээж чирж гулдчив. Гэтэл орь ганцаар үлдсэн хүүгийн үг хэлэх эрхийг хаах, мэдээллийг нуух зорилго хэн нэгэнд байгаа бололтой. 18-хан настай хүү Үндсэн хуульд заагдсан үг хэлэх эрхээ эдэлж, хэвлэлд хандсан нь энэ юм. 

Тэрбээр монголын ард түмэнд хандан "Монголын төр түл гэсэн шахмал түлшийг түлсэний төлөө би өнөөдөр гэр бүлээ алдчихлаа, миний амьдрал цаашдаа бүрхэг болж байна. Цаашдаа хэдэн хүний амиар энэ асуудал шийдэгдэх ёстой вэ. Намайг мэдээлэл хийвэл хуулийн хариуцлага хүлээх болно шүү гэж айлгаж, дарамталсан. Гэхдээ би эцсээ хүртэл үүрэх ёстой хариуцлагыг хүлээн тэмцэх болно" гэж хоолой зангируулан хэлж байв. Үүнийг сонсоод харамсаж, харууссан иргэд олон зуун хүний аминд хүрсэн шахмал түлш, уг төслийг санаачилсан Монголын төр хариуцлагаа хүлээх ёстой хэмээн бухимдацгааж байна. 

Амиа алдсан гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээлэл цацагдав

Хүү мэдэгдэл хийхтэй зэрэгцэн нас барсан ээжийг нь архичин, хорооны хяналтанд байдаг, угаар мэдрэгчээ ажиллуулдаггүй байсан,  цэрэг хүүг нь хулгайч байсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цахим орчинд цацагдсан юм.

Энэ мэдээлэл мөрдөн шалгах байгууллагаас л гарах боломжтой гэдэг нь илт. Мөрдөн шалгах ажиллагааны нууц, хувь хүний эмзэг байдлын мэдээллийг ил болгохыг хуулиар хориглосон атал хэн ямар зорилгоор хууль зөрчив. Энэ хэрэг хэний эрх ашгийг хөндөж байна вэ? Хэнд энэ мэдээллийг ил болгох эрх нь байгаа вэ?

Өнгөрсөн хавар гэр хороололд нэг гэрт 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөн л жишгээр архичид байсан гэх мэдээллийг өгч байв. 

Хэзээ мөдгүй талбайдаа гарч жагсахад бэлэн иргэдэд өгөөш хаяж буй мэт хохирогчдыг муугаар харуулах мэдээлэл турхирч байгаа нь хачирхалтай. 

Энэхүү мэдээлэл худал ч бай үнэн ч бай архичин ээж үхсэн ч хамаагүй, хулгайч хүү нь гэр бүлийнхээ амийг нэхэх эрхгүй юу? 

2017 оноос хойш 800 гаруй иргэн угаарын улмаас нас барсан ч өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээлгүй, хохирсон иргэдийн буруу болоод дуусдаг байдал 8 жил үргэлжилж байна. 

Цаашдаа энэ хүмүүсийн тоо хэд хүрч байж Монголын төр хариуцлага хүлээх вэ? Монгол хүний амь нас ийм үнэ цэнэгүй гэж үү? 

Үхсэн хүн үг хэлэхгүй ч үгүй яадахад үлдсэн ганц хүүг нь битгий цовдлооч. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна