Ж.Буяндэлгэр: Ууцаа зараад сар шинийн бэлтгэлээ хийхээр ирсэн малчид "Хүчит шонхор" зах дээр зогсох ч нөхцөл алга

Т.Отгонсувд
6 цаг 39 минутын өмнө

Цагаан сар дөхөж, иргэд сар шинийн бэлтгэлээ хийгээд зах худалдааны төвүүд хөл ихтэй байна. Төсөвтөө тааруулж шинийн бэлтгэлээ базаах гэсэн иргэд лангуунаас лангууны хооронд үнэ асуусаар хоёр гурав тойрч, хамгийн хямдыг нь шилж сонгож яваа харагдав. 

Бараа бүтээгдэхүүний өдрөөс өдөрт нэмэгдэж, боломжиндоо тааруулаад баярлах төсөв 1,5- 5 сая төгрөг болж байна. Тэтгэвэр, цалингаа зээлээд л баярын бэлтгэлээ хийж байна хэмээн иргэд халаглан ярьж байлаа. 

Бид бүхэн Хархорин захын гадна баярын ширээний ууц зарж буй Өвөрхангай аймгийн малчин Ж.Буяндэлгэртэй  ярилцлаа.

"Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас цагаан сарын ууц зарахаар ирлээ. Энэ жил иргэдийн худалдан авалт эрс муудсан байна. Ширээний ууц 300-600 мянган төгрөгөөр худалдаалж байна. Иргэдийн амьжиргаа муу байгаа болохоор хямдхан руу нь л шуураад 300 мянган төгрөгийн ууц дуусчихсан. Их жинтэй 600 мянган төгрөгийн ууцнууд л үлдсэн байна. 

Худалдан авагчдын амьжиргаа урьд жилүүдээс муудсан нь маш их мэдрэгдэж байна. Бид нар ч ялгаагүй амьдрал хэцүү л болж байна. 

Сар шинийн бэлтгэлээ хийх гээд 40-50 ууц зарахаар ирсэн. Одоо хоёр, гурван л ууц үлдлээ. Улаанбаатар хот мэдэхгүй сургаар л Хүчит шонхор зах дээр очсон ч зогсоолын түрээс, арьс ширээ ачуулах мөнгийг нь дийлэхгүй юм байна. Зогсоолд нь зогсож махаа зарахад өдрийн 150 мянган төгрөг, машинаа хонуулвал 40 мянган төгрөг гэхээр наймаа хийгдээгүй өдөр алдагдалтай хэцүү болчихож байгаа юм. 

Гэрийнхэн, үр хүүхдүүддээ сар шинийн бэлтгэлээ хийгээд ирье гээд явсан хүн юу ч үгүй харихаар л их зардал, түрээс гардаг юм байна. Арьс ширээ хаяхын тулд тэндээс ачуулахад 30 мянган төгрөг төлнө. Хэдэн төгрөгтэй болохын тулд өдөр хоол ч идэж чадахгүй л хүн бараадаж зогсохоор байна. 

Харин өнөөдрөөс Хархорин зах дээр ирлээ. Энд түрээс мөнгө нь гайгүй, хүн хөл ч ихтэй юм байна. Малчид чинь жилийн дөрвөн улирал өсгөсөн малаа цагаан сараар л борлуулж, амьдралаа залгуулдаг шүү дээ. Тэгэхэд зардал мөнгө нь ч их, иргэд ч үнэтэй юмаа зарлаа "шулаачид" гээд л хэцүүгээ дуудвал их л юм байна. 

Хөдөө тааваараа тал дээр давхиж явдаг хүн чинь хотод түгжрэл, утаанд бухимдаж байгаад л буцах юм байна. Аргагүйн эрхэнд худалдаа наймаагаа хийх гэж л ирэх юм. Зах худалдааны төвүүд ченж нараа дэмжчихсэн, хөдөөний малчид хэдэн махаа ачаад ирвэл ямар ч боломжгүй л юм байна гэж бодлоо" хэмээн ярилаа. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.246
    1 цагийн өмнө

    Малчид худалдаа наймаагаа хийх аргаа өөрчлөх хэрэгтэй ш дээ. Интернэт, үнэгүй зар ашиглаад захиалга авч, хүргэж өгдөг байж болно. Ченжүүд гээд харааж зүхээд муулаад байдаг. Тэд нар чинь худалдаалах, тээвэрлэх, борлуулахахд гаргаж байгаа зардлыг хэмнэж өгч байгаа гэдгийг ойлгохгүй хий л хүн баяжуулаад байна гэж ойлголтоосоо салах хэрэгтэй. Ерь нь тэгээд малчидаас газар дээрээс нь ганц хонь, литр сүү, тараг, айраг худалдаад авъя гээ очиход хотын үнэ хэлээд байдаг. Ийм хүмүүс яаж мөнгөжих билээ дээ.

    Хариулах
  • 202.9.46.155
    2 цагийн өмнө

    Хонины нурууг бүхлээр нь чанаж гурав дөрөв хоног ширээн дээр овоолон, орж гарсан золгуучид нь цэрвээд гар хүрэхгүй үзүүлэн болгоод, идэх аргагүй муутгаж өмхийрүүлэн хаялаа гээд хотол бүлээрээ эрүүл саруул, эрх жаргалтай, эд баялагтай явах батлагаа хаана ч байхгүй, бид бахь байдгаараа л цагийн эрх, байгалийн жамаар явсаар хойч үедээ халаагаа өгнө шүү дээ, ХҮМҮҮС ЭЭ!!!. Түүний оронд тэр махаа жиргэж жижиглээд, идэх дуртайд нь тухай бүр нь чанаж өгвөл дээр . . . Цаг үеэ дагаж цагаалгаа сэтгэл амар, бие эрүүл, хөнгөн, хялбар тэмдэглэцгээе ээ НЭРЭЛХҮҮ МОНГОЛУУД АА!

    Хариулах
  • 202.9.46.1
    4 цагийн өмнө

    Ууцны оронд өвчүү тавьсан илүү дээр.

    Хариулах