Э.Цэндбаатар: Би ганцаардахгүй байна, айж түгшиж байгаа зүйл алга

Т.Отгонсувд
4 цаг 34 минутын өмнө

Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх тэмцээний урьдчилсан тулаан хоёрдугаар сарын 15-нд болох гэж байна. Тодруулбал, Монгол Улсын гавъяат тамирчин Э.Цэндбаатар дараагийн тулаанаа эх орондоо хийхээр болж "Night oh champion" эвентийг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар МУГТ Э.Цэндбаатартай ярилцлаа.

-Дэлхийн хэмжээний тус тулааныг Монголдоо хийхээр боллоо. Бэлтгэл хэр байна вэ?

-Би АНУ-д бэлтгэлээ нэг сар хийж байгаад эх орондоо ирлээ. Миний тулаан хоёрдугаар сарын 15-нд болохоор боллоо. Дэмжиж тусалж байгаа Нийлсэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад хүмүүст баярлалаа. Би Монгол түмэндээ дэлхийд болдог бүх тоглолтыг үзүүлэхээр болсондоо маш их баяртай байна.  Ямар ч байсан би бэлтгэлээ маш сайн хийсэн. Миний өрсөлдөгч Монголд ирсэн байгаа. 

-Таны өрсөлдөгч Мексикийн тамирчин "Ялна" гэдэгтээ итгэлтэй байгаагаа хуваалцсан байсан. Танд хандаж ярьсан бичлэгийг та харсан уу. Ямар нэгэн хариу өгөх үү?

-Миний сэтгэл санаа маш гоё байна. Би ганцаардахгүй байна, айж түгшиж байгаа зүйл алга. Өрсөлдөгч тамирчиндаа зориулж би нэг цохилтоо бүтэн сар давтсан. Тэр цохилтоо би бүрэн гүйцэт хийж чадна гэж бодож байна. Надад бодсон юм байгаа...

Мексик тамирчны хувьд цохилт маш сайн даадаг, ядарна гэж байдаггүй. Хүчтэй, ухрах араа байдаггүй гэж хэлж болно. Би солгой өрөлттэй тамирчинтай олон таарч үзээгүй. Одоо хэнийх нь бэлтгэл, ур чадвар сайн байна, хэн нь ялъя гэсэн эрмэлзэлтэй байна тэр л ялах байх. Тэр бэлтгэлээ сайн хийсэн байх гэж найдаж байна. Би бол ялна гэдэгтээ маш их итгэлтэй байна.

Энэ бол маш хариуцлагатай тэмцээн. Бид хоёрын хэн хожсон нь тавдугаар сард Лос Анжелест тоглох том эвентийн эрхээ авна. Тэгэхээр хожигдож болохгүй гэсэн үг. Хэрвээ би хожвол миний рейтинг нэлээн дээгүүрт орно. Бас цааш цаашдын карьерт маань хэрэгтэй.

-Н.Төгсцогт мөн тантай мөр зэрэгцэн тулалдах юм байна?

-Анх би 13 настай спортын төв ордонд ирж байхад Н.Төгсцогт ах Олимпын мөнгөн медалиа авчихсан байсан. Энэ ах шиг болох юмсан гэж боддог байсан жоохон хүүхэд одоо эх орноо төлөөлөөд нэг рингэн дээр тоглоно гэдэг мөрөөдөл биелж байгаа юм шиг л санагдаж байна. 

Хүн ер нь хичээж байхад бүх юм болдог юм байна гэдгийг л харж байна. Н.Төгсцогт ахтайгаа нэг рингэн дээр гадны тамирчинтай тоглох гэж байгаадаа үнэхээр баяртай байна. Монголчууд энэ боломжийг битгий алдаасай, ирж үзээсэй гэж хүсч байна. Маш олон зүйлийг давж байж энэ тэмцээн болж байгаа. 

Дэлхийн WBA-ийн Крисс Майрс гээд нэр хүндтэй, том шүүгч Монголд ирж байгаа. Мөн  гадны тамирчид, шүүгч нар үзэхээр ирж байгаа. 

Монголын ирээдүй болсон дүү нарт маань дэлхийд гарах боломж нээгдэнэ гэж харж байгаа. Сая сая долларыг олох боломж гэж бодож байна. 

-Та өмнө тэмцээнүүддээ амжилттай оролцсон. Энэ удаа ялбал хамгийн түрүүнд хэнтэй баяраа хуваалцмаар байна вэ?

-Би Хятадад очиж нэгдүгээрт эрэмблэгддэг тамирчныг нь хожсон, ОХУ-д очиж чансаагаараа тэргүүлж байгаа тамичрныг нь хожсон. Ер нь улс, улсын нэг номеруудыг хожоод л яваад байгаа. Одоогийн байдлаар таван бүстэй болсон байна. Азийн бүснүүд бас байгаа. Дэлхийн 1928 боксын тамирчнаас 28-д явж байна. Эхний аравт орвол Дэлхийн аваргын төлөө тоглох боломж маань нээгдэнэ. Би Дэлхийн аваргын бүсийг Монголдоо авчирмаар байна. Дэлхийн аварга гэсэн цолыг би авмаар байна. Тиймээс хичээж байгаа. 

Тулаанд ялчихвал аав, ээж, эхнэр, хүүхдүүд рүүгээ хамгийн түрүүнд залгана. Хайртай бүх хүн рүүгээ залгаж "Би ялчихлаа" гэдэг үгийг хэлнэ.

Өрсөлдөгчдөө хандаж хэлэхэд би чамд зориулж нэг цохилтыг бүтэн сар давтсан. Тэр цохилтоос бултах маш хэцүү байх. Анхааралтай байгаарай. Монголын тамирчдыг басаж болохгүй. Өвөг дээдсээсээ хүчтэй ард түмэн.

Бид нэг баг болоод хичээвэл юунд ч хүрч чадна. Монгол гуравхан сая хүнтэй ч олимп, дэлхийн аваргатай гэж бодохоор огшоод байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа. Тулаанд нь амжилт хүсье.

-Баярлалаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна