Албан тушаалд хүрэх АРГА буюу нам зарах НАЙМАА

Zuv.mn
Өчигдөр 19 цаг 31 минут

Сүүлийн арваад жилд намууд МАН-д дагаар ордог “мода”-тай болсон. Зарим нь албан ёсоор /МАХН/ нэгдсэн бол зарим нь албан бусаар гар барьчихаад “охин” нам нь болж, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч яваа нь хоржоонтой ч гэсэн үнэн юм. Үнэт зүйл, үзэл санаа нэгтэйдээ ч биш үргэлж эрх ашгаараа нэгдэж, нийлж өдийг хүрэв. 

Сүүлийн тод жишээ нь Ж.Батзандангаар овоглогдож ирсэн ШИНЭ нам татан буугдаж, Ардчилсан намд дагаар орж буй гэх. Яахав, хүн хүч муутай олон жижиг намаас илүү хүчтэй цөөн сөрөг хүчин байх нь чухал гэдгийг ойлгож, цаг үеэ мэдэрсэн ч байж болох.

Тэгсэн өчигдөр /2025.02.13/ тус намын гишүүн гэх хэдэн хүн эсэргүүцэж, жирийн гишүүдийнхээ итгэлийг албан тушаалаар солих гэж байна зэргээр шүүмжилж харагдав. Энэ ч хардах өнцөг мөн.

ШИНЭ намын даргаар сүүлийн хэдэн жил МАН-ын угшилтай Ц.Гантулга, дэд даргаар Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмон нар ажиллаж байгаа юм. Нэгдвэл хамгийн түрүүнд тэд бялуу хүртэж, албан тушаалд очих нь тодорхой юм.

Угтаа ШИНЭ нам эхлээд хурлаа хийж, шийдвэрээ гаргах учиртай. Одоогийн байдлаар хурлын тов тодорхойгүй байгаа гэх ч улстөрийн тохироонд хэдийнэ хүрчээ.

Харин Ж.Батзандангийн хувьд ШИНЭ намаас гарч, АН-д орж байгаагаа аль эрт зарлачихсан. 

Тодруулбал, 2020 онд АН-аас гарч ШИНЭ намыг байгуулж, сонгуульд өрсөлдөөд ялагдал хүлээсэн. Дөрвөн жилийн дараа буюу 2024 оны сонгуулийн өмнө ШИНЭ намаас гарч /АН/ төрхөмдөө буцсан нь ч үнэн юм. Тэгэхээр түүнтэй холбох нь нэг талаас өрөөсгөл ч АН-тай нэгдэх асуудлыг дэмжиж байсныг өнгөрсөн хугацааны үйл явдлуудаас харж болно.

Гэсэн ч Ж.Батзанданг стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон үетэй давхцсан нь “намаараа наймаалцлаа” гэх хардлагыг төрүүлэх нь аргагүй юм.

МАН дангаар хүчирхэгжиж, өргөжиж буй цаг үед АН томрох, нэгдэх, хүчээ авах зайлшгүй шаардлага бий. Гэлээ ч хамгийн их хүч, багана түшиг болдог гишүүд дэмжигчидтэйгээ зөвлөлдөж, шийдвэр гаргахгүйгээр хөшигний ард эрх ашгийн тохироо хийж, албан тушаал, эрх ямбаар худалддаг байдал амь бөхтэй оршдгийн бас нэг жишээ болж болох нь...



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.92
    Өчигдөр

    tsolmon gedeg chini nuguu Bayr uvguniig dagaj huvsguld jargaj jiremsen boltloo shaliglaj yvsan em mun uu ?

    Хариулах