Ц.Туваан: Нүүрсний үнэ унаж байгаа энэ үед төмөр замын хил холболтын хэлэлцээр маш ач холбогдолтой

Х.Есү
4 цаг 8 минутын өмнө

Ганцмод-Гашуунсухайт боомтын хэлэлцээрийн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. 

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: "Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу олон улсын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулдаг. Энэ хуулийн хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга, Засгийн газраас хэлэлцээрийг соёрхон батлуулахаар өгч байна. 

Энэ хэлэлцээр бол хоёр улсын Засгийн газар хоорондын томоохон хэлэлцээр. Хэлэлцээр нь дотроо гурван төрлийн дагалдах компани хоорондын гэрээнүүд явах учиртай. Үүнийг дурдах юм бол нэгдүгээрт төмөр замын хил холболтын асуудал, хоёрдугаарт нүүрс худалдах худалдан авах урт хугацааны гэрээ, гуравдугаарт уурхайн хүчин чадал нэмэгдүүлэх гэсэн энэ гурван цогц зүйлээс бүрдэж байгаа. 

Гангийн хэрэгцээ буурч, нүүрсний үнэ унаж байгаа энэ үед төмөр замын хил холболтын хэлэлцээр маш ач холбогдолтой" 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: "14 мега төслийн анхны том бүтээн байгуулалтыг УИХ-аар соёрхон батлуулахаар өргөн барилаа. Бидний гол зорилго хил дамнасан төмөр замыг богино хугацаанд барьж байгуулах. Үүнийг барьж байгуулахын тулд гэрээ соёрхон батлагдсаны дараа тендер зарлана"

Шадар сайд Т.Доржханд: "Дэлхий ертөнцийн эдийн засаг тодорхойгүй нөхцөл байдалд байна Дэлхий даяараа тарифын хязгаарлалтад орсон. Бид экспорт хийдэг улс. Экспортын тоо хэмжээ асар ихээр буурч байна. 

Экспортын гарцыг нэмэгдүүлж, орлогоо тогтвортой байлгах гэж хичээнэ. Хил холболтуудаа яаравчлан эхлэхийг өнөөдрөөс ажил хэрэг болгоод явна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна