Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дархан-Уул аймагт ажиллав

С.Гандэлгэр
6 цаг 55 минутын өмнө

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, П.Батчимэг, М.Ганхүлэг,  М.Мандхай, Б.Найдалаа нар Дархан-Уул аймагт  ажиллав.

Байнгын хорооны гишүүд эхлээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхантай уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй танилцлаа. 

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо”, “Атрын IV", "Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны" талаар мэдээлэл өгч, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид эрчимжүүлэх төлөвлөгөө, арга хэмжээний талаар танилцуулав.  

Байнгын хорооны дарга Б.Бейсен хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр Хүнс, хөдөө аж ахуйн яам Дархан-Уул аймагт шилжин ирээд удаагүй хэдий ч хурдтай ажиллаж, бодлогын арга хэмжээ, үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг тодотгож байлаа. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV”, “Шинэ хоршоо” хөдөлгөөнүүд цогц арга хэмжээ болон хэрэгжсэнээр хүнсний аюулгүй байдалд эерэгээр нөлөөлөх том алхам болно гэв. Цаашлаад бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон юм.



Түүнчлэн Засгийн газар нь “Атрын IV", "Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлж байхад гурил, малын тэжээл, улаанбуудайн импортын татварыг тэглэсэн нь буруу шийдвэр болсон. 2024 онд тариаланчдын хураан авсан ургац, тариалалтын талбайн хэмжээ буурсан нь үүнтэй холбоотой гэсэн юм. Тиймээс гаалийн онцгой албан татварыг тэглэсэн асуудлыг УИХ эргэн харж шийдвэрлэхгүй бол дотоодын тариаланч, үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлж байгааг сануулав.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай 2025 оныг Дэлхийн хоршооллын жил болгон зарласныг онцолж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг загварчлах, эрсдэлийг бууруулах, салбар дундын уялдаа холбоог хангах, эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. Тэрбээр, “Шинэ хоршоо” хөдөлгөөний суурийг зөв тавьснаар хоршоодоор дамжуулан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн түүхий эдийн найдвартай эх үүсвэр бий болно гэдгийг тодотгоод, цаашид салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ажлын хэсэг дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд олгож буй зээл үндэсний үйлдвэрлэгчдэдээ хүрч чадаж байгаа эсэхийг тодруулахын зэрэгцээ зээлийн хүүгийн хөнгөлөлтөд хэдэн төгрөг зарцуулж байгааг лавласан. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг боловсролын салбараар дамжуулан шийдвэрлэх боломжтой хэмээгээд, ногоон санхүүжилтийн асуудлыг салбарын сайд анхааралдаа авахыг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг “Шинэ хоршоо”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр цаг үеэ олсон шийдвэр байсан. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд эдгээр хөтөлбөр чухал үүрэгтэйг онцолж байлаа. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг хөдөө аж ахуйн салбарт хийж, хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, салбарын санхүүжилтэд анхаарч, зарим ажлуудыг хамтран шийдвэрлэх бүрэн боломж байгааг онцолсон юм.

Дараа нь Байнгын хорооны гишүүд Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн Дархан-Уул аймаг дахь салбар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцов.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна