Б.Тамир: Ц.Анандбазар гэж хүнийг оруулж иртлээ хөлбөмбөгийн спорт уначихаагүй байна

Zuv.mn
17 цаг 39 минутын өмнө

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль угтсан хэл ам, хэрүүл талцал үргэлжилсээр байна. 

Хачирхалтай нь “Хэрүүлийн алим”-ыг муугаараа алдартай улстөрчид шидэж сууна. Хөлбөмбөг бол хүүхэд залуусын хамгийн их дурладаг, хайрладаг спорт. Гэтэл хөлбөмбөгийн талбай дээр харагдаж, үзэгдэж байгаагүй улстөрчид  шунахайран дайрч байгааг тус салбарынхан эсэргүүцэж, нэгдсээр байна.

Өнөөдөр /2025.04.07/ “Ховд Вестрен” багийн эзэн Б.Тамир болон зарим төлөөлөл  олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.

Б.Тамир “Өмнөх сонгууль болохоос өмнө А.Ганбаатар гэж хүнийг гарах нь тодорхой гэж хөмбөмбөгийнхөн дотроо ярьж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аль хэдийн зохион байгуулалттай төлөвлөгөөтэй жүжиг яваад байсан гэсэн үг.  

Энэ жүжиг л яваад байна. Одоо Ц.Ананбазар гэдэг хүнийг оруулж ирнэ гэж байгаа юм. Ц.Анандбазар гэдэг хүн хөлбөмбөгт хувь нэмэр оруулсан хүн биш. Дүрмээрээ энэ хүн сүүлийн дөрвөн жил хөлбөмбөгт ямар нэгэн байдлаар оролцоотой байж, хувь нэмрээ оруулсан байх ёстой. Дүрмээ зөрчөөд сонгуулийн хороо нь бүртгэчихсэн. 

Гэтэл намайг болон н.Мөнхөө, Г.Дашням гэсэн хүмүүсийг нэр дэвшүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбоонд орж ирснээр спонсор байгууллагууд бүр зайлсхийнэ. Энэ хүнийг оруулж иртлээ хөлбөмбөгийн асуудал шалдаа уначихаагүй байна.

 Хөлбөмбөгийн клубуудын эзэд гэж хүмүүс байгаа. Сайн, мундаг хүмүүс байгаа. Хөлбөмбөгийн клубуудын багш нар гэж байгаа. Насан туршдаа хүүхдүүдийн төлөө явсан хүмүүс байгаа. 

Энэ хүмүүсийг улстөрчид хагаралдуулж байна. А.Ганбаатар гэж хүн нь өөрөө Ц.Элбэгдоржийн хувийн "Пи Ар"-чин байсан. Оролцсон сонгууль болгондоо ялдаг мэргэжлийн пи арчин хүн. Анх гарч ирэхдээ “ Ах нар аа ямар их идэж, уудаг юм бэ. Болъё оо, болоо шүү дээ” гэж гарч ирсэн. Одоо өөрөө яг тийм байдалд байгаа. УИХ-ын гишүүн болчихоод яагаад энэ хүн хөлбөмбөгийн холбоонд байх ёстой юм бэ.

Хөлбөмбөгийн холбоо Ц.Анандбазарыг оруулж иртлээ баларчихаагүй байна. Хөлбөмбөгийн талбайд харагддаггүй хүмүүс яахаараа бидний асуудлыг шийдэж байх ёстой юм бэ

Манай эмэгтэй шигшээ гадаад руу явах гэж байгаа. Лигийн аварга гэдэг утгаараа манайхаас олон тамирчин шалгараад явах байх. Үүн дээр Ц.Анандбазар гэдэг толгойтой бол охидоо явуулахад санаа зовж байна. Үнэхээр санаа зовж байна” гэлээ.

Өмнө нь хөлбөмбөгийн холбоог тойрсон үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж байв.

Үүнээс гадна хөлбөмбөг сонирхогчид, зүтгэлтнүүд, клубууд ээлж дараалан эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.155
    14 цагийн өмнө

    Anandbazar n ard 1xbet bga bas neg zalyy bgaa. 2 hubilbartai

    Хариулах