Дэлхийн эдийн засгийн “Тодорхойгүй байдал” монголчуудын зорилгыг тодорхой болголоо

Х.Батсайхан
2025/04/10

Монгол Улсын худалдааны хамгийн том түнш БНХАУ худалдааны хамгийн том түнш АНУ-ыг тодорхойгүй хугацаагаар “алдаж” байгаа энэ үед Монгол Улс, монголчууд хэрхэх нь зөв бэ гэдэг асуултад хариулт хайлаа.

Энэ сэдвийг хөндөх болсны шалтгаан нь, иргэдийг айдаст автуулах гэсэндээ бус, харин асуудлыг бодитойгоор ойлгож, давж туулах арга замаа хайх, олон асуудлыг ач холбогдлоор нь эрэмбэлэхийн чухлыг сануулах гэснийх юм.

Төрөөс хараат байдал улам нэмэгдэх үед АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ МЭДРЭМЖЭЭ АЛДАХГҮЙ БАЙХ

Дэлхийн түүхийг өөрчилдөг, “Эргэлтийн цэг” болдог үйл явдлуудад цар тахал, дэлхийн хэмжээний дайн тулаан эхний байрт бичигддэг байна. Тэр бүрий тохиогоод байдаггүй энэ хоёр үйл явдлын нэг нь саяхан тохиосон. Нэгэнтээ түүхийг өөрчилдөг чухал үйл явдал болоод өнгөрсөн нь футуролог буюу ирээдүйг зөгнөдөг салбарыг идэвхжүүлж, эрдэмтэн мэргэд нь цар тахлын дараах дэлхий ертөнцийн дүр зургийг өөр өөрийнхөөрөө төсөөлөн, үр дүнг нь харахаар яарсан.  

Тэднээс хэн нь онохыг одоо хэн ч таашгүй. Харин эдийн засгийн салбарт гэвээс, цар тахлын дараа төрийн оролцоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байх болно гэдэгт олонх эдийн засагчид санал нэгдэж байсан юм.  

Төр бизнес дэх оролцоогоо нэмэгдүүлэхийг угаасаа хичээж байсан, энэ ажилд нь цар тахал сайхан шалтаг боллоо гэлцэж буй. Тэд Европ, АНУ-ын Засгийн газрууд хувийн хэвшилдээ асар их хэмжээний татаас, хөнгөлөлттэй зээл өгөх замаар бизнес дэх нөлөөгөө бэхжүүлэхийг чармайж байна гэлцэж буй. Зээл авсан ААН-үүд бүгд хөл дээрээ босохгүй, зарим нь дампуурах нь мэдээж. Цар тахлаас өмнө бол төр эдгээр аж ахуйн нэгжүүдийг мэдэлдээ авч хэсэг бойжуулаад зарж орхидог байсан. Харин цар тахлын дараах үед бол буцааж зарахгүй, мэдэлдээ хэвээр байлгана гэсэн хандлага зонхилж байна.

Хамгийн хүчтэй улс засаглалын хэлбэрээ дэлхийд тулгадаг нь ёс. Нөгөө талаас, бусад нь өөрийн эрхгүй дагадаг гэх тайлбар ч бий. Аль аль нь үнэн. Одоогоор АНУ дэлхийд хамгийн хүчирхэг байгаа учраас АНУ-ын мөнгө, түүнийгээ дагаад бодлого нь хүчтэй байна.

Тэгвэл БНХАУ хүчирхэгжихийн хэрээр төрийн оролцоотой эдийн засгийн давуу талыг сурталчилж, бусад нь дагах байдал гарч байна. Социализмын сүүлийн голомтын нэг Куба ардчилалд шилжихдээ БНХАУ-ын жишгээр төрийн хяналттай явна гэдгээ зарлаагүй ч харуулсан.

Дэлхийн олон усад иргэд наанаа янз бүрийн шалтгаантай ч цаанаа ардчиллын ирээдүйд санаа зовнин, ямар нэг хэмжээнд аваад үлдчих санаатай жагсаж цуглаж байна.

Манай улсад бол энэ хандлага цар тахлаас ч өмнө мэдэгдсэнийг уншигч та ганц нэг ордыг нийгэмчилсэн үйл явдлаас олж үзсэн гэж найдна.

Ийм үед ард түмэн ардчилал, эрхийн мэдрэмждээ хэр итгэл үнэмшилтэй, нандигнаж хандаж байгаа нь их чухал болдог. Мэдрэмжгүй, тэмцэх зориггүй байвал эрх, эрх чөлөөгөө нэг, нэгээр нь булаалгасаар дарангуйлалд орно гэсэн үг.

Монголчууд ардчиллаар 30 жил яваад хэр дархлаа суусан бэ гэдэг шалгуур аль хэдийнэ яваад эхэлчихсэн ч байж магадгүй байна.  

БҮГД АЖИЛ ОЛЖ ХИЙХ-“Баялгийн сан”-гийн өгөөжийг ажил орлоготой хүн л бүрэн хүртэж чадна

Одоо ид өрнөж, ард түмний араанд боловсорч, амны зугаа болж буй, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, коммунист гэмээр амлалтуудыг биелүүлэх ажиллагаа ч эрх баригчдын боломж, эрх мэдлийг улам л нэмнэ. Өөрөөр хэлбэл, ард түмний өмчийг ард түмэнд нь өмнөхөөс арай илүү хэмжээтэй хуваарилах, тэндээсээ улс төрийн болоод бусад ашиг хонжоо олохыг хичээж байна. Тэднийг бас буруутгах аргагүй.

Асуудал эгэл ард түмний орлогыг нэмэгдүүлэх, өөрийнх нь юмыг өөрт нь өгөх тухайд юм бол энд эргэлзэх юу байх вэ, өгөөд л байхаас. Гэхдээ тэгш хуваарилалтыг “нэг удаагийн арга хэмжээ” болгох уу, “тогтмол” байлгах уу гэдэг тухайд бол ухаан зарах зайлшгүй шаардлагатай болж байна.

Гэсэн ч явж, явж Баялгийн сангийн хамгийн гол өгөөж нь бэлнээр олгож байгаа хэдэн төгрөг биш, бэлэн бусаар хуримтлагдаж, таны эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зориулагдах бэлэн бус хадгаламж юм. Тодруулбал, энэ мөнгө танд олон жил мөнгө хуримтлуулж цаг алдахгүйгээр амьдралынхаа боломж, нөхцлийг сайжруулах боломж өгч байгаа. Баялгийн сангийн дансны ирээдүйд хуримтлагдах орлогыг барьцаалж авах өөр боломжууд нээгдээд ирэхийн цагт тогтмол орлого чухал болно. Баялгийн сангийн хуримтлалыг ипотекийн зээлийн урьдчилгаанд баталгаа болгох боломж үүслээ гэхэд банк тогтмол орлоготой хүнд л зээл гаргана шүү дээ.  

Нийслэлийн түгжрэлийг бууруулахтай холбоотой их бүтээн байгуулалт эхэлж таарсан нь бидний хувьд аз. Хөдөө аж ахуйн салбарт бага хүүтэй зээл олгож байгаа нь ч эзнээ олж байвал сайхан боломж мөн.

Одоо бүгдээрээ "Бүх хэрэгцээгээ дотоодоосоо хангана" гэсэн амбийцтайгаар зоригтой ажиллаад л байх хэрэгтэй байна. "Тусгаар тогтносон улс мөнгөн тэмдэгтээрээ гачигддаггүй" гэдэг үг бий. Онолын маш олон боломж байдаг. Валютын нөөц бүрдүүлэхдээ ам.доллараас гадна юань, рубльд ач холбогдол өгөх, алт зэрэг цөвүүн цагт ач холбогдолтой салбарт онцгой анхаарах бол хийх ёстой наад захын ажил юм.

Эцэст нь, төр хийх ёстой гэдэг ойлголтоосоо салъя. Одоо манай улсад төрөөс ямар нэг юм нэхэхэд заавал иргэнд ашиггүй байдал үүсдэг болсон. “НӨАТ-ийн сугалаагаа больё, оронд нь буцаан олголтоо нэмье” гэхэд “Буцаан олголтыг нэмэх боломжгүй, сугалааг нь харин болиуллаа” гээд болиулсан жишээ бий. Цаашдаа ч ийм байна. Тиймээс өөртөө найдах, ажил олж хийх л бидний аврал.

ТӨСВӨӨС ГАРЧ БУЙ ТӨГРӨГ БҮРИЙГ ХЭМНЭХ ХЭРЭГТЭЙ

БНХАУ АНУ нэг, нэгэнтээ бууж өгөхгүй гэж зөрүүдэлснээр БНХАУ 400 тэрбум, АНУ 200 тэрбумын зах зээлээ алдаж байна. БНХАУ-ын алдсан 400 тэрбум дотор боловсруулалтад нь манай кокс оролцдог ган байгаа. Бид өнгөрсөн жил БНХАУ-ын Гангийн үйлдвэрүүдэд ашигласан коксжих нүүрсний 65 хувийг дангаараа нийлүүлсэн тул үйлдвэрлэл нь буурвал энэ салбарт цохилт ирэх нь тодорхой.   

Гэхдээ аз болоход, Монгол Улс хөгжихийн тулд, ядаж одоо байгаагаасаа дээр байхын тулд их мөнгө олох хэрэгцээ байхгүй. АНУ, Европ бол хэрэглээ нь олж байгаагаасаа хэтэрчихсэн ард түмэн. Ийм ард түмнийг илүү дээр байлгахын тулд заавал өөр бусад улс орныг шулж мөлжих хэрэгтэй болдог. Харин Монгол бол олж байгаагаасаа өчүүхэн бага хэрэглээтэй улс. Тиймээс дээрдүүлэхийн тулд их хөдөлмөр орохгүй. Байгалийн баялгаа илүү ухаалгаар, зардал багатай олборлох, үнийн цохилтыг давахын тулд биет хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарах л байх, гэхдээ тэгтлээ ядрахгүй. Юмгүйн зовлон хамгийн хэцүү, юмаа ашиглаж чадахгүйн зовлонг бол аргалж болно.  

Харин төсвөөс гарч байгаа төгрөг бүрийг ил тод болгох нь хийх ёстой ажил байж болно. Ер нь хийх ёстой. Шилэн дансны тухай хууль нь ч байгаа. “Таван сая”-ын босгыг доошлуулаад л болно. Иргэдийн дунд “Төсвөөс бүтээн байгуулалт нэрээр гарч буй мөнгөний ихэнхийг улс төрчид залгидаг” гэдэг хардлагыг ингэж үгүй хийнэ. Хуудуу байсан бол шамшигдуулдаг хөрөнгө төсөвтөө үлдэж, цалин тэтгэвэр, хүнд шууд хүрдэг бусад хөрөнгийн хэмжээ нэмэгдэнэ.

ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ СОЁЛЫГ НЭВТРҮҮЛЭХ, СҮҮДРИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ

Монгол Улс парламентын засаглалыг сонгон баталгаажуулсан. Гэсэн ч  сонгуулийн дараа Хамтарсан Засгийн газар байгуулснаар Парламент дахь олон өнгө цөөрлөө.  

Томилгоог хүртэл УИХ дээр биш, бүлэг дээр шийддэг боллоо. Ийм үед Хамтарсан Засгийн газарт ороогүй Парламентад суудалтай намууд гол найдлага боллоо. Энэ байдал нь Парламентын засаглалыг баталгаажуулдаг, илүү бэхжүүлдэг улс төрийн соёлыг Монголд нэвтрүүлэх шаардлагатайг харуулж байна. Тухайлбал, сөрөг хүчний намууд Сүүдрийн Засгийн газар байгуулж болно.

2004 онд Иргэний зориг нам Сүүдрийн Засгийн газар байгуулахаар санаачилсан ч тэр бүр үр дүнтэй болоогүй. Тэгвэл яг одоо ийм боломж Иргэний зориг ногоон намд байна.  

Ингэвэл эрх баригч, сөрөг хүчнийг аль, алийг нь хариуцлагажуулах ач холбогдолтой. Мөн эрх баригчдын мэдэгдэл болгон нь тооцоотой, төсөвтөө баригдсан, үндэслэлтэй болно.

Түүнчлэн, сөрөг хүчнийг илүү тодруулж, зөв шийдэл гаргасан байдал нь дараагийн сонгуульд өндөр амжилт гаргах суурь болно. Англид Сүүдрийн Засгийн газарт тусгай өрөө гаргаж өгч, бага хэмжээний төсөв ч олгодог жишээ бий. Улмаар эрх баригч намаас зөрсөн шийдвэрүүд нь зөв болоод байвал сонгуульд ялж, жинхэнэ засгийн газартаа сайдаар ажиллах боломжтой болдог.  Энэ нь сөрөг хүчнийг төлөвшүүлж,  өнгөрсөн сонгуулиар тогтсон, Парламентад 5-6 нам тогтмол орж сөрөг хүчин, Сүүдрийн Засгийн газартай байх боломжийг бүрдүүлэх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна